Утаа гаргадаг яндангийн тоог бууруулья

Хуучирсан мэдээ: 2017.12.01-нд нийтлэгдсэн

Утаа гаргадаг яндангийн тоог бууруулья

Утаа гаргадаг яндангийн тоог бууруулья

Агаарын бохирдлын голомт бүхий бүсэд ажилласан Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны эсрэг бүх нийтээрээ тэмцэхийг уриаллаа. Тэрбээр өчигдөр агаарын бохирдлын хамгийн их бүс болох Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажилласан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Улаанбаатарын хотын Засаг дарга С.Батболд болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, “Утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо” Төрийн бус байгууллагын төлөөлөл хамт явсан юм. Тэд Чингэлтэй дүүргийн 10 хороонд байрлах 39 дүгээр дунд сургууль, Баянгол дүүргийн 11 хороонд амьдрах иргэн Р.Адьяасүрэн болон Сонгинохайрхан дүүргийн 7, 10-р хорооны сонгосон газар ажилласан.

Иргэд гэр, байшингаа дулаалбал дулаан алдагдал 50 хувь буурахыг албаныхан онцолж байв. 220 мянган өрх дулаалгаа сайн хийвэл утаа одоогийнхоос 50 хувь хүртэл буурах боломжтой. Мөн нүүрс, түлээнд зарцуулах мөнгөө хэмнэн агаарын бохирдол ч тэр хэрээр багасах юм гэдгийг “Улаанбаатар –Цэвэр агаар” төслийнхэн хэлж байв.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн Нэгж нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж ирсний нэг нь “Дулаалгын аян” загвар төсөл аж. Энэхүү төслийн хүрээнд иргэн Р.Адъяасүрэн өөрийн гэрийг дуулжээ. Эднийх өмнө нь гурван тонн нүүрс авдаг байсан бол энэ жил гэртээ дулаалга хийсний дараа нэг тонн нүүрс авсан байна. Уг төслөөр баригдах дулаалгын урдчилгаа болгож, 2,4 сая төгрөгийг өгчээ. Иргэдийн хэлж байгаагаар “Гэрээ дулаалгах айл их олон байна. Даанч тэд урьдчилгаа мөнгийг төлөхөд их хүнд байна. Ихэнх айл зээлтэй байдаг. Гэтэл зээлэн дээрээ дахин зээл авахаас төвөгшөөж энэ төсөлд хамрагдаж чадахгүй байна.” гэж хэлж байв.

“Улаанбаатар –Цэвэр агаар” төслийн хүрээнд нийслэлийн агаарын бохирдол өндөртэй 200 орчим айл, өрхийн байшин-сууцыг дулаалах ажлыг иргэдийн өөрсдийнх нь санхүүгийн болон хөдөлмөрийн оролцоотойгоор хийгээд байгаа аж. Мөн гэр хороололд байдаг дөрвөн цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулжээ. Үүнээс гадна 91 цэцэрлэгт өндөр нягтаршилтай, шүүх чадвар сайта шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч 950 төхөөрөмжийг суурилуулсан байна.

Агаарын бохирдлын хамгийн их бүс болох Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажилласан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Улаанбаатар хотын дарга С.Батболдын хэлсэн үгээс хүргэе. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

Ирэх жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БОАЖ-ын сайдын багцад 17 тэрбум, ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгасан. Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлж, гэр хорооллыг барилгажуулан найдвартай эрчим хүч, дулаан, цэвэр бохир усаар хангаж, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахыг зорьж байна. Иргэд өөсрдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүдээс бохирдлыг 70-90 хувь шүүдэг амны хаалт зүүлт хэвших хэрэгтэй байна. Орон байраа дулаалж, нүүрс авах мөнгөө хэмнэхээс гадна агаарын бохирдлыг бууруулахад иргэд та бүхэн өөрсдөө хувь нэмрээ оруулцгаая. Төр засгаас агаар, бохирдлын эсрэг боломжтой бүх арга хэмжээг авч байна. Бид төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр дуу хоолой нэгтэй зүтгэе. Бид гэрээ дулаалсан айл болон дулаалаагүй айлаар орлоо. Үнэхээр ялгаа их байна. Тэгэхээр иргэн бүр дор бүрнээ өрх гэрээрээ утааг бууруулахад анхаарцгаая. Утааны 80 хувь нь гэр хорооллоос гарч байна. Айл бүрийн яндангийн утаа байна. Энэ утааны хордлого ард иргэдэд үнэхээр хүндээр тусаж байгаа нь нүүрс гаргадаг яндан олон байгаатай холбоотой. Нүүрс гаргадаг яндангийн тоог бууруулья. Утаатай тэмцэх асуудал төр засгийн асуудал байхаас гадна иргэн бүрийн анхаарах асуудал болоод байна.

Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад цаг хугацаа хэрэгтэй байна. Уламжлалт нүүрсний хэрэглээний асуудлыг сайжруулсан түлшээр орлуулахад 1,6 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Сайдын багцад утааны эсрэг тэмцэхэд зориулж 17 тэрбум төгрөг тусгаж өгсөн байгаа.

Улаанбаатар хотын дарга С.Батболд

Нийслэлийн төсөв агаарын бохирдлыг бууруулахад зориулж 4,7 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн. Энэхүү мөнгөөр зөвхөн сургууль, цэцэрлэгийн дотоод агаарыг шинэчилнэ. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад 15 тэрбум ам.доллар хэрэгтэй. Мэдээж 220 мянган өрхийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Утааны эсрэг тэмцэхэд зарцуулах мөнгө утаандаа л зарцуулагдаж байгаа. Одоо хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ гэдгээ тооцоолох шаардлагатай болоод байна. Манай үндэсний компаниуд санаачлаад нийслэлийг бүхэлд нь хийгээр хангахаар ярилцсан. Утааг бууруулах талаар хаана хаанаа ажиллаж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 138 хорооны 1080 хэсгийн хорооны ахлагчийн мэдээллийг авсан. Тэдний мэдээллээс гадна өөрсдөө явж шалгалтын ажлыг хийж байна. Шалгалтын явцад дугуй, усны сав, хог шатаах зэрэг багагүй зөрчил илэрсэн. Энэ нь агаарын бохирдол болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Иргэн болон аж ахуйн нэгжийг торгоход нийтдээ 46 сая төгрөгийн торгууль тавиад байна.

“Утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү

Төр засгаас Утааны эсрэг үндэсний хөтөлбөрөө эргэж хармаар байна. Утааг арилгана гээд ихээхэн хэмжээний мөнгө тавиад тэр нь хэрэгждэггүй. Ерөнхий сайд та үнэхээр энэ асуудалд анхаарал тавьж сайн хөтөлбөр баталчих юм бол нам, засаг солигдсон ч бид иргэний байгууллагынхаа хувьд хамтраад явна. Хөтөлбөртөө үнэнч, урт хугацааны манаачаар нь байна. Заавал хэрэгжүүлтэл нь шахаж, шаардах болно. Хоёр талдаа нэг нэгнээ шүүмжлэхээсээ илүүтэй нийлээд утааны эсрэг тэмцэх шаардлагатай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж