Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн чуулганы хуралдаанд Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсний дараа гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Эдийн засгийн гадаад харилцаа үр ашигтай байж чадаж байгаа юу. Өрийн хэмжээ ямар байгаа вэ. Гадаад харилцаанд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
–Манай улс хоёр хөрштэйгээ хөрөнгө оруулалт, гадаадад худалдааг түлхүү хийж байна. Бусад орнуудтай гадаад худалдааны чиглэлд түлхүү хамтарч ажиллаж байгаа. Монгол Улсын хувьд хоёр хөрш болон гуравдагч орнуудтай эдийн засгаар тэгш харилцаж байна. Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар бусад орнуудаас 5.5 сая ам.долларын санхүүжилт авах боломж бүрдсэн. Цаашдаа бодлогын алдаа гаргахгүйгээр зээлийг биш хөрөнгө оруулалтыг түлхүү барьж ажиллах хэрэгтэй байгаа. Зээлийн хэмжээг бууруулахад анхаарч ажиллаж байна. Өрийн хэмжээ ДНБ-ний 75 хувьд хүрсэн. Ирэх онд дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ өндөр байхаар харагдаж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлөх хандлагатай байгаа.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:
-Гадаад бодлогоо харилцан ашигтай байлгах зарчмыг барьж байгаа. Гадаад худалдаа энэ жил нэмэх баланстай байгаа. Бодлогоо тэнцвэржүүлэх тал дээр аль болох зах зээлээ төрөлжүүлэх бодлого барьж ажиллана.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам эдийн засгийн алдаатай бодлого явуулсан гэж шүүмжилдэг. Бид эдийн засгийн хүнд үед хямралыг давж гарах суурь эдийн засгийн алхам хийсэн. Ерөнхий сайд гадаад харилцаагаа хөгжүүлэх уулзалтыг аль улсаас эхлэх вэ. Дан улс төрөөр эдийн засгийг хөгжүүлнэ гэж байхгүй шүү.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Хоёр хөршийн харилцаанд онцгойлон анхаарч байгаа. Ерөнхий сайдын гадаад айлчлал яригдаж байгаа. ОХУ-д айлчлах бэлтгэл ажил хийгдэж байгаа. Шинэ он гараад БНСУ-д айлчлал хийхээр яригдаж байна. Цаашдаа БНХАУ болон бусад улсад айлчлах асуудал яригдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар гадаад улсад айлчлахдаа улстөрчдөөс гадна бизнесийнхнийг хамруулж, бизнесийн уулзалт хийх хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:
-Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал ач холбогдолтой. Эдийн засгийн хэлэлцээр манай экспортод эергээр нөлөөлж байгаа. Гэхдээ бусад өөр салбаруудын экспортын боломжийг судлах хэрэгтэй байгаа гэсэн хариулт өглөө.
Засгийн газрын цаг дууссан тул чуулганы өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Г.ДАРЬ