УИХ-ын гишүүн С.Бямбацогт өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж, анхаарч ажиллаж байгаа талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр /2017.12.01/ асуулга тавьжээ.
Тэрбээр “Монгол Улсад сүүлийн 40 жил тохиолдоогүй халуун хуурайшилттай зун тохиож, нийт нутгаар хур бороогүй, гандуу зуссанаас өвөлжилт хүндрэх эрсдэл үүсээд байна. Өвлийн сар нэгэнт гарч, нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байгаа ч улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж үзэж байна.
Манай улс жилдээ 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол 850 мянга орчим тонныг бэлтгэж, 300 мянга орчим тонн өвс дутагдах төлөвтэй байна.
ОХУ-аас импортлох өвс тэжээлийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болсон тул малчдад хямд үнээр худалдаалахад анхаарч ажиллах, отроор өвөлжих 100 мянган иргэний эрүүл мэндийн асуудал, малчдыг орлоготой болгох, мал, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэгт тодорхой бодлого шаардлагатай байна’ гэж энэхүү асуулгад онцолжээ.
Г.ХОРОЛ