Меркел, Шульц нарыг хэлэлцээнд дуудав

Хуучирсан мэдээ: 2017.12.01-нд нийтлэгдсэн

Меркел, Шульц нарыг хэлэлцээнд дуудав

Меркел, Шульц нарыг хэлэлцээнд дуудав

Эвслийн засгийн газар байгуулах эхний оролдлого бүтэлгүйтсэн хэдий ч Германы Канцлер Ангела Меркел, Социал демократ намын дарга Мартин Шульц нар дахин хэлэлцээ хийжээ.

Эвслийн засгийн газар байгуулах тохиролцоонд хүрч чадаагүй тэднийг ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер пүрэв гаригийн орой хэлэлцээнд дуудсан байна.

Одоогийн засгийн газартай адил том эвслийн засгийн газар байгуулах боломжийг хэлэлцэхээр Ангела Меркел, Мартин Шульц болон Христийн социал намын дарга Хорст Зеехофер нар ерөнхийлөгчийн ордонд уулзжээ.  

Намын лидерүүд хоёр цаг гаруй зөвшилцсөн ч ямар нэгэн мэдэгдэл хийлгүй хурал өндөрлөжээ.

Есдүгээр сарын 24-нд болсон сонгуульд Социал демократууд тааруу дүн авснаас болж Мартин Шульц дахин эвсэл байгуулах саналаас татгалзаж, сөрөг хүчин болохыг илүүд үзсэн.

Гэвч ерөнхийлөгч Штайнмайерын санал болгосны дараа Шульц түүний нам дахин хэлэлцээнд ороход бэлэн гэж мэдэгдсэн. Меркел ч бас Социал демократуудтай хэл амаа ололцож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн.

Германы ерөнхийлөгч Штайнмайерын уриалсан энэхүү хэлэлцээ цаашид үргэлжилж болохыг Шульц үгүйсгээгүй боловч эвсэл байгуулах тухайд эцсийн шийдвэрийг Социал демократ намын гишүүд гаргана гэж хэлжээ.

Хэрэв талууд эвсэл байгуулах тухай хэлэлцээг цаашид үргэлжлүүлбэл энэ нь шинэ засгийн газар байгуулах хүртэл хэдэн сар болж ч магадгүй юм. Хэрэв Меркел эвсэл байгуулж чадахгүй бол цөөнх дангаараа засгийн газраа бүрдүүлэх эсвэл ээлжит бус сонгууль явуулахаас өөр сонголт байхгүй ажээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж