АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг ойрын хугацаанд огцруулж, оронд нь Тагнуулын төв газрын дарга Майк Помпеог томилж магадгүй талаар “New York Times” болон “Associated Press” мэдээлжээ. Харин Тагнуулын төв газар дахь Помпеогийн албан тушаалд сенатч Том Коттоныг дэвшүүлж магадгүй гэж “New York Times”-ийн уг мэдээнд дурдсан байна.
Тиллерсон Хойд Солонгос, Иран гээд маргаантай, хурцадмал асуудлаар ерөнхийлөгч Доналд Трамптай нэг бус удаа санал зөрөлдөж байсан юм. Хэвлэлээр ч эсрэг байр сууриа илэрхийлж байсан нь цөөнгүй. Өнгөрсөн гуравдугаар сард Тиллерсон “Энэ ажлыг би хүссэндээ аваагүй. Эхнэр минь хийх ёстой гэж үздэг” гэж мэдэгдэж байв.
Тиллерсон Цагаан ордны тэргүүнийг “тэнэг” гэж хэлсэн тухай өнгөрсөн аравдугаар сард NBC телевиз мэдээлсэн юм. Хариуд нь Тиллерсон хэвлэлийн бага хурал хийхдээ “Трамп бол ухаантай эр” гэсэн боловч NBC-гийн мэдээллийн талаар “Би иймэрхүү шалдар булдар юмтай орооцолддоггүй” хэмээн, шууд хариулахаас татгалзаж байв.
Трамп харин Тиллерсоны шүүмжлэлийн талаарх мэдээллийг “хуурамч” гээд, IQ-гийн сорил өгвөл Төрийн нарийн бичгийн даргаас илүү оноо авна гэсэн юм.
С.ЦЭЛМЭГ