Монгол улсын БСШУСЯ-наас зохион байгуулж буй “Соёл урлагийн ажилтны улсын II чуулган”-ны хүрээнд “Номын сангийн удирдах ажилтны манлайллыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, семинарт энэ сарын 28-ны өдөр Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хэлтсийн дарга Янь Жу Лиэнь /Тайванийн Үндэсний их сургуульд Номын сангийн мэдээллийн удирдлагын чиглэлээр докторын зэрэг горилсон/ зочноор уригдан оролцож, Тайванийн хөгжүүлж буй e Library-ийн туршлагаас хуваалцав.
“1960-аад оноос АНУ зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд номын сангийн хөгжилд анхаарлаа хандуулж эхэлсэн. Учир нь, мэдээлэл бол хүч чадал бөгөөд улс орон урагшлан хөгжих үндэс суурь юм. Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын номын сан компьютер болон цахим сүлжээний технологийн сорилттой тулгарсан бөгөөд номын санг бүрэн автоматжуулах ажлыг өргөн далайцтайгаар өрнүүлсэн бөгөөд цахим сүлжээг ашиглан үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэх болсон. Мөн түүнчлэн номын санг мэдээллийн төв цөм байлгахаар хичээн ажиллах болсон. Харин 21 дүгээр зуунд WEB 2.0 технологийн цаг үед шилжин орсны дараа дэлхий улс орнуудын ном сангууд Library 2.0 түвшний үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд уншигчдын оролцоо болон мэдээлэл солилцох явцыг дэмжих болсон” хэмээн Янь Жу Лиэнь хэллээ.
Library 2.0 нь технологи төдийхөн бус уншигч төвтэй үйлчилгээний үзэл санаа юм гэдгийг тэрбээр онцлов.
Монгол орон “information literacy” буюу мэдээллийг ашиглах, эзэмших чадварыг сургалтын хөтөлбөртөө тусгахыг санал болгосон бөгөөд залуу үеийг мэдээлэл орчин цагт ямар чухал ач холбогдолтой болохыг танин мэдүүлэх хэрэгтэйг онцлов. АНУ-ын Номын сангийн нийгэмлэгийн зүгээс “information literacy” буюу мэдээллийг ашиглах, эзэмших чадварыг тодорхойлохдоо “Хэзээ, ямар цаг үед мэдээлэл хэрэгцээтэй болохыг ойлгож мэдэх, мэдээлэл хайх, үнэлэлт дүгнэлт хийх, мэдээллийг ашиглах чадварыг хэлнэ. Орчин цагт мэдээллийг үнэн зөв баттай гэдгийг батлах, мэргэжилтний өгсөн мэдээлэлд няцаалт хийх, үнэнийг бие даан эрэлхийлэх чадварыг эзэмшүүлэх хэрэгцээ, шаардлага тулгарч байна. Харин номын сан энэ цаг үед боловсролын байгууллагатай хамтран “Мэдээллийг эзэмших, ашиглах чадвар”-ыг эзэмшүүлэх үүрэг хүлээх шаардлага тулгарч байна гэдгийг хатагтай Ян Жу Лиэнь хэллээ.
БСШУСЯ нь 10 жилийн өмнө “Соёл урлагийн ажилтны улсын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулж байсан бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа энэхүү чуулганыг зохиож байгаа ба 21 аймгийн номын сангийн удирдах ажилтан, албан хаагч, соёл урлагийн ажилтан зэрэг нийт 70 гаруй төлөөлөгч оролцсон юм.
М.Сувд