Япончуудын хайр, хүндэтгэлийг хүлээсэн эзэн хаан Акихитогийн хаан ширээнээс буух ёслолыг 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд хийхээр Эзэн хааны зөвлөлийн хурлаар шийдвэрлэжээ. Шийдвэрийг тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ албан ёсоор танилцууллаа.
2016 оны наймдугаар сард эзэн хаан Акихито телевизээр ард түмэндээ хандан мэдэгдэл хийхдээ, “Өндөр насыг зооглож, бие чилээрхэх болсон тул хойшид эзэн хааны үүрэг хариуцлагыг дааж явахад бэрх боллоо” гээд, хаан сэнтийгээ залгамжлагчдаа шилжүүлэхийг ард түмнээсээ хүссэн юм.
Дэлхийн II дайнаас хойш Японы түүхэнд эзэн хаан ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн ердөө гурав дахь удаагийн тохиолдол тэр болсон билээ. Өмнө нь эзэн хаан Хирохито Япон улс Дэлхийн II дайнд ялагдал хүлээсний дараа, дараа нь түүний хүү болох Акихито 2011 онд Фүкүшимагийн цөмийн станцад гарсан ослын дараа ард түмэндээ хандаж байв.
Японы парламент өнгөрсөн зургадугаар сард эзэн хааны хүслийг гүйцээж, хаан сэнтийгээс буухыг зөвшөөрсөн хууль баталсан билээ.
Тэрбээр эзэн хаан Хирохитог таалал төгссөний дараа 1989 оны нэгдүгээр сард 56 настайдаа хаан ширээнд заларчээ.
С.ЦЭЛМЭГ