Д.Пүрэвдаваа: Би эмэгтэй хүнд хүч хэрэглэдэг хүн биш

Хуучирсан мэдээ: 2017.12.01-нд нийтлэгдсэн

Д.Пүрэвдаваа: Би эмэгтэй хүнд хүч хэрэглэдэг хүн биш

Д.Пүрэвдаваа: Би эмэгтэй хүнд хүч хэрэглэдэг хүн биш

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын /ИТХ/ төлөөлөгч, дүүргийн Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа тус дүүрэгт үүсээд буй маргаантай нөхцөл байдлын талаар өнөөдөр /2017.12.01/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр ‘Төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахын сацуу миний нэр төрд халдах оролдлого, явуулгыг өнгөрсөн хугацаанд олон удаа хийсэн. Өчигдөр бас л цахим сүлжээгээр Д.Пүрэвдаваа эмэгтэй хүнд гар хүрлээ гэсэн худал мэдээллийг цацлаа. Энэ талаар үнэн зөв мэдээллийг өгөхөөр хэвлэлийнхэнд хандаж байна’ гэсэн юм.


иргэдийг турхирч, жагсаал хийлгэдэг

Тэрбээр хурлын өмнө дараах мэдээллийг өглөө.   

-2016 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Баянзүрх дүүрэгт АН 22, МАН 19 суудал авсан. Тус дүүргийн орон нутгийн сонгуульд АН олонхи болсныг Нийслэлийн сонгуулийн хороо албан ёсоор зарласан. 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хуралдсан анхдугаар хуралдаанаар Баянзүрх дүүрэг бол олонхийн санал авсан, 41 төлөөлөгчтэй гэдгээ баталгаажуулан бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тул Баянзүрх дүүргийн ИТХ 41 төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Гэтэл сонгуулиас хойш дүүргийн үйл ажиллагаанд санаатайгаар саад хийх гэсэн оролдлогууд удаа дараа гарлаа. Өнгөрсөн хугацаанд төр засгаас явуулж байгаа ажлыг гацаах, тасалдуулах, аль болох эсэргүүцэх үйл ажиллагааг л дүүргийн МАН-ын төлөөлөгчид явуулж ирлээ.

Хамгийн сүүлд 2017 оны арваннэгдүгээр сарын 28-д хуралдсан ИТХ-ын 7 дугаар хуралдааныг МАН-ын зарим төлөөлөгч санаатайгаар таслан зогсоохоор иргэдийг турхирч, жагсаал цуглаан зохион байгууллаа. Дүүргийн ИТХ болон төлөөлөгчид 7 дугаар хуралдаанаар дүүргийн төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцсэн. Төсвийн тухай хуулийн дагуу УИХ тодотголоо хийсний дараа нийслэл төсвөө тодотгодог. Гэтэл МАН-аас сонгогдсон төлөөлөгчид сургууль, цэцэрлэгийн болон төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийн урамшууллыг маш ихээр эсэргүүцэж, хурлын үйл ажиллагааг таслан зогсоохоор санаатай үйлдлүүдийг зохион байгуулж байгаад туйлаас харамсч байна. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахын сацуу миний нэр төрд халдах оролдлого, явуулгыг ч өнгөрсөн хугацаанд их хийсэн. Өчигдөр л гэхэд Д.Пүрэвдаваа дахин эмэгтэй хүнд гар хүрлээ гэсэн худал мэдээллийг цахим сайтуудаар цацлаа. Санаатайгаар хүний нэр төрд халдсан учир хуулийн байгууллагад хандана.

Г.Атармаа та, санаатай хийж байгаа үйлдлээ зогсоо

-2017 оны гуравдугаар сард Баянзүрх дүүрэг дээр томоохон үймээн гарсан. Яагаад энэ үймээн болсон талаар тайлбарыг хэлье. 2016 оны ИТХ-д 19 суудал авсан МАН-ын төлөөлөгчид АН-ын 22 төлөөлөгчөөс олонх болсон гэдгийг батлах гэсэн явуургүй арга юм. Эдгээр 19 төлөөлөгч дүүргээс гадна хуралдаад, Баянзүрх дүүргийн МАН-ын дэд дарга Г.Атармаа дүүргийн ИТХ-ын даргаар сонгогдсон. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргаар н.Бат-Амгаланг томилж, нийслэлийн Засаг даргад өгөн будлиан үүсгэсэн. Энэ 19 хүн олонх биш гэдгийг шүүхээс гаргасан байгаа.

Гэтэл өнгөрсөн мягмар гаригт буюу арваннэгдүгээр сарын 28-ны өдөр намайг Д.Ариунболд гэж эмэгтэйг зодсон мэт мэдээллийг дахин гаргаж эхэллээ. Өчигдрөөс эхлээд.

Тэр өдөр дүүргийн ИТХ төсвийн тодотгол хийх хурал товлосон байсан юм. Хуралдаан 11.00 цагт зарлагдсан. Хуралдааны үеэр МАН-ын дэд дарга Г.Атармаа хэсэг бүлэг хүмүүсийг дүүргийн гадна цуглуулж, цуглаан зохион байгуулсан. Мөн хурлын өмнө өөрийгөө зодуулсан гээд байгаа иргэн Д.Ариунболд аавын хамт Засаг дарга Т.Баясахтай уулзсан нь бичлэгт үлдсэн байдаг. Газрын асуудлаар Засаг даргатай уулзах гэж байгаа бол хурал болох жигүүрт байх шаардлагагүй. Тэд 30 орчим минут хурлын үйл ажиллагааг нээхийг хүлээсэн байгаа юм. Мөн хурал эхлэхийн өмнө Баянзүрх дүүргийн МАН-ын дэд дарга Г.Атармаатай уулзаж, чиглэл авч байгаа нь камерын бичлэгт үлдсэн. Хурлын үйл явцтай танилцахыг хүссэн иргэн эртнээс мэдэгдэх ёстой. Гэтэл хурал болох хурлын танхимын үүдэнд зогсож, санаатай, зохион байгуулалттай асуудлыг  үүсгэж, дэвэргэсэн байгаа юм. 

Миний бие иргэн Д.Ариунболд гэх эмэгтэйд ямар нэгэн байдлаар түлхэх, гар хүрэх, хүч хэрэглэсэн байдал огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. Түлхэх байтугай тэр хүнтэй ярилцаагүй. Санаатайгаар ийм зүйлс сэдэж, хийж байгаа Баянзүрх дүүргийн МАН-ын нөхдүүдийн өмнөөс харамсаж байна. Сонгуулийн хороогоор далимдуулж АН-ыг цөөнх болгох гэж бүтэн жилийн хугацаанд хичээлээ. Цагдаа хүчний байгууллагыг ашиглаж, дүүргийн эрх мэдлийг авах гэж оролдлоо. Одоо зохиомлоор хувь хүн рүү дайрдаг, увайгүй улс төрөө болих хэрэгтэй. Баянзүрх дүүргийн орон нутгийн сонгууль өнөөдрийг хүртэл дуусаагүй мэтээр харагдуулж байна. Ялангуяа ИТХ-ын төлөөлөгч Г.Атармаа та, санаатай хийж байгаа энэ үйлдлээ зогсоо. Хэрвээ үнэхээр тэр хүнд гар хүрсэн нь нотлогдох юм байдаг бол надад төрд иргэдийг төлөөлөх эрх байхгүй болно. Харин ч тэр эмэгтэй яагаад над руу дайрсаныг гайхсан. Иргэн Д.Ариунболд дүүргийн байрнаас гарч явах хүртлээ ямар нэгэн байдлаар бэртсэн зүйл байхгүй. Өрөөнд гэрч байсан. Тэд намайг эмэгтэй хүнд гар хүрээгүй гэдгийг батална.

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж