Хятадын гадаад оюутны тэтгэлгийн зөвлөлийн төлөөлөгч Ли Ган мэдэгдэхдээ Хойд Солонгост суралцаж буй Хятадын 60 гаруй оюутныг энэ сард багтаж нутагт нь авчирна гэжээ. Гэхдээ тэр “Хятад оюутнууд нутаг буцах гэж байгаа нь Хойд Солонгосын пуужингийн туршилттай ямар ч холбоогүй, сургалтын хугацаа нь дууссан учраас нутаг буцах гэж байгаа” гэсэн байна.
Пхеньян лхагва гаригт туршсан пуужингийн туршилт нь амжилттай болсон талаар мэдэгдэхдээ ‘Шинэ төрлийн тив хоорондын баллистик пуужин нь асар хөнөөлтэй цөмийн цэнэгт хошуутай бөгөөд АНУ-ын аль ч хэсэгт хүрэх бүрэн чадалтай” хэмээсэн юм.
Бээжингийн эрх баригчдын Хойд Солонгосын талаар явуулж буй дипломат гадаад бодлого “пуужинтай эр”-ийг зогсооход хангалттай шахалт үзүүлж чадахгүй байна хэмээн АНУ шүүмжлэх болсон. АНУ-ын шахалтын үр дүнд Хойд Солонгосын эсрэг хоригийг Хятад хэрэгжүүлж эхэлсэн юм.
Хятад Хойд Солонгос хоёр улс 2000 оноос оюутан солилцох тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулснаас хойш энэ хөтөлбөрийг тасралтгүй явуулж ирсэн ажээ.
Жил бүр Хятадын засгийн газар төгсөх курсийн 60 оюутныг Хойд Солонгос руу хэлний бэлтгэл хийлгэхээр илгээдэг бөгөөд Хойд Солонгос ч мөн төдий тооны оюутныг Хятад руу явуулдаг. Тэдний сургалтын төлбөр болон бусад зардлыг хоёр улсын Засгийн газраас гаргадаг юм.