Монголд ажилладаг гадаадын 33 хүн ДОХ-ын халдвар тээгч байжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.01-нд нийтлэгдсэн

Монголд ажилладаг гадаадын 33 хүн ДОХ-ын халдвар тээгч байжээ

Монголд ажилладаг гадаадын 33 хүн ДОХ-ын халдвар тээгч байжээ

 Монгол Улсад 2017 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 575 хүн, 2020 онд 648 хүн байж болох тооцооллыг мэргэжилтнүүд гаргаад байгаа талаар өнөөдөр /2017.12.01/ болсон ХДХВ, ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөрт зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр албаныхан хэллээ. 


эмчилгээнд жилд 260 сая төгрөг зарцуулдаг

-Монгол Улсын Засгийн газар ДОХ-ын вирусын халдварын эмийг 2013 оноос хойш худалдан авч, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй өгдөг болжээ. Ингэснээр ДОХ-ын вирусын халдвар тээгч өөрийн хүсэлтээр төлбөргүй шинжилгээ, эмчилгээ хийлгэх боломжтой болсон байна.

Энэ төрлийн эмчилгээний зардалд Засгийн газраас жилд 260 сая орчим төгрөг зарцуулдаг бөгөөд ДОХ-ын вирусын халдвартай нэг хүнд жилд дунджаар 2-3 сая төгрөгийн эм олгодог аж.

Мөн ХДХВ-ын халдвар тээгч 14 эхээс төрсөн /Зургаа нь давтан төрөлт/ 20 хүүхдэд улсаас анхаарал тавьдаг юм байна. Тухайлбал, хүүхдүүдийг ой найман сар хүртэл нь эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнээр үнэгүй хангаж иржээ. 

халдвар тээгчдийн дунд гадаадын ажилчид байжээ

Монгол Улсад гэрээгээр уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлж буй гадаадын компанид ажилладаг, БНСУ, ОХУ, Канад улсын харьяат, гадаадын 33 иргэн ДОХ-ын вирусын халдвар тээгч болох нь оношлогджээ. 

Тэдгээр хүмүүс Монголд албан ёсоор бүртгэгдсэн ХДХВ-ын халдвартай 249 хүний тоонд ордоггүй бөгөөд халдвартай нь тогтоогдсоноор тэднийг гэрээний дагуу нутаг буцаадаг тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.

Тэрбээр ярихдаа “Монгол Улс дэлхий дахины тавьсан “90, 90, 90” зорилтын дагуу ДОХ-ын вирусын халдварын илрүүлэлтийг 90 хувьд хүргэхийг зорьж байна. Манай улсын илрүүлэлт одоогоор 36 хувьтай байгаа. Мөн илрүүлсэн халдвартай хүмүүсээ 90 хувь эмчилгээнд хамруулах зорилтыг 93 хувьтай биелүүлсэн. Эмчилгээний үр дүн 92 хувьтай гэж үнэлэгдсэн. Эмчилгээнд бид сүүлийн үеийн, шинэ эмүүдийг хэрэглэж байгаа. Үүнээс үзэхэд манай улс ДОХ-ын вирусын халдварын илрүүлэлт дээр илүү анхаарах хэрэгтэй байна” гэдгийг онцлов.

ДОХ-ын вирусын халдвартай хоёр жирэмсэн эх бүртгэгджээ

Монголын хувьд ДОХ-ын халдвар тээгч 14 эхээс 20 хүүхэд эрүүл төрсөн байдгийг өнөөдөр албаны хүмүүс мэдээлэлдээ дурьдав. 

Халдвартай жирэмсэн эхчүүд урьдчилан сэргийлэх эмчилгээ сайн хийсний үр дүнд эрүүл хүүхэд төрүүлж чаджээ. Сүүлийн үед халдвартай эх жирэмсэн болох тохиолдол нэмэгдэж байгаа гэнэ. 2017 онд гэхэд жирэмсэн үедээ ДОХ-ын вирусын халдвар тээгч гэдгээ мэдсэн хоёр тохиолдол гарчээ. 

2017 онд оношлогдсон ДОХ-ын вирусын халдвартай хүмүүсийн 45 хувь нь хожуу үедээ оношлогдсон байна.

ХДХВ-ын халдвар авсан 249 тохиолдлын 80 хувь нь эрэгтэйчүүд байдаг ба тэдний  78.7 хувь нь бэлгийн цөөнх байдаг аж.

Халдвар тээгчээр бүртгэгдсэн хүмүүсийн 18.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

ХДХВ-ын халдвар авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэх юм. Гэхдээ халдвар авснаас хойш 1-3 сарын хугацаан дахь шинжилгээгээр ХДХВ-ын халдвар илрэхгүй байж болох бөгөөд үүнийг “Цонх үе” гэж ярьдаг. Тиймээс эрсдэлтэй бэлгийн харьцаанд орсон л бол давтан шинжилгээ өгөх хэрэгтэйг эмч нар сануулж байна. 


ТООН МЭДЭЭЛЭЛ

  • Монгол Улсад 2017 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол бүртгэгдсэн.
     
  • Энэ онд шинээр 24 тохиолдол оношлогджээ.
     
  • Нас баралтын тохиолдол нийт 40 байгаагаас 2017 онд таван тохиолдол нас баржээ.
     
  • Энэ оны шинэчилсэн тооцооллоор Монгол Улсад ХДХВ-ын халдвартай 575 хүн, 2020 онд 684 хүн байж болох тооцооллыг албаныхан хийжээ.
     
  • ХДХВ-ын халдварын бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байна. Одоогоор цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эхээс урагт дамжсан тохиолдол бүртгэгдээгүй.
     
  • ХДХВ-ын халдвартай 14 эхээс 20 хүүхэд эрүүл төржээ. 
     
  • 2016 онд ХДХВ-ын халдвартай долоон жирэмсэн эх эмчийн хяналтад байсан бол 2017 онд есөн жирэмсэн эх эмчийн хяналтад байна.
     
  • Нийт бүртгэгдсэн тохиолдлын 20 хувийг 15-24 нас, 40 хувийг 25-34 насныхан эзэлдэг.
     
  • Нийт тохиолдлоос эмэгтэйчүүд 18.6 хувь, эрэгтэйчүүд 81.1 хувийг эзэлж байна. 
     
  • Орон нутгийн харьяаллаар авч үзэхэд хөдөө орон нутгийн харьяа 21.6 хувь, Улаанбаатар хотын харьяат 78.4 хувь байна.
     
  • Албан ёсоор бүртгэгдсэн 249 тохиолдлоос гадна Монгол Улсад ХДХВ-ын халдвартай гадаадын харьяалалтай 33 иргэн оношлогджээ.

А.Сүрэн 

Гэрэл зургийг Ц.Ариунболд
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж