Хөдөлмөр эрхлэлт гэж сүүлийн үед их ярих болсон. Иргэн бүрээ ажил, амьдралтай байлгах бодлогоо төр ингэж хэлбэржүүлдэг. Ажил хийлгэдэг, хийдэг хоёрын хооронд зуучилж хүртэл өгнө. Албан ёсоор өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөрийн бирж ч ажиллуулав. Хамгийн сонирхолтой нь ажил хийлгэмээр байна гэсэн захиалга ихэсч, ажил хайж байгаа хэсэг нь эрс багасчээ. Энэ хэрээр ажилгүйдэл буурч байгаа юм уу гэхээр тийм биш аж. Харин ажил хийх сонирхолтой хүн цөөрөөд байгаа юм байна. Хүний хөгжил сангийн мөнгөөр хоногийн хоолоо аргалдаг хэр нь барилгын туслах ажил, баарны зөөгч хийх дургүй, гэртээ гэдсээ илээд хэвтэж буй олон өрх шинээр буй болсон байна. Тэд мэдээж ядуу гэсэн ангилалд багтаад харьяа хорооноосоо элдэв тусламж авдаг, түүндээ туйлын дуртай хэсэг.
Нөгөө талаар Өмнөд Солонгос руу очиж ажил хийх гэсэн манай есөн мянган залуу бүртгүүлж тэнцээд бөөн баяр хөөр болж байна. Тэнцээгүй, сэтгэл дундуур үлдсэн нь үүнээс ч олон гэсэн. Тэгэхээр үүнийг юу гэж ойлгомоор юм, мэдэхгүй. Гадагшаа л явж байвал хэний ч хамаагүй боолын боол, босгоны шороо байхыг залуус маань хүссэн хэвээр байна гэсэн үг үү. Хэдэн жилийн өмнө ч ийм байсан. Тэр үед Хан мөрний эргийг “Гэрээт ажилчин” нэрийн дор зоригсод “Монгол хүн боол болох ийм цаг үе биднээр л дуусаасай” гэлцдэг байлаа. Төр засгаас ч “Шилжилтийн ийм хэцүү цаг үе удахгүй дуусна. Монгол хүн Монголдоо сайхан амьдрах үе, холдоо гэхэд таван жилийн дараа ирнэ, итгээрэй” гэдэг байсан сан. Өмнөд Солонгосын одоогийн 50-65 насныхан залуу ахуйдаа Герман, Америк руу олноор очиж хар бор ажил хийж байж өнөөгийн улсаа хөл дээр нь босгосон гэдэг. Үүн шиг л юм бодож олон монгол залуу гадаад руу гарч ажил хийж, бас цөөнгүй хэсэг нь одоо ч тэндээ буй. Гэтэл ашигт малтмалын ордуудаа эргэлтэнд оруулаад, хөгжлийн шинэ шат өөд алхаж буй гэх Монгол оронд ажил хийх тухай ойлголт үндсэндээ алга болжээ. Магадгүй хэдэн жилийн өмнө ч арай ийм байгаагүй байх. Халамжийг хөгжил гэж ойлгоод, бас ойлгуулаад байгаад л хамаг учир байна.
Н.МӨНХТӨВШИН
"Улс төрийн тойм" сонин