Озоны давхаргыг хамгаалах тулгамдсан асуудал

Хуучирсан мэдээ: 2017.12.01-нд нийтлэгдсэн

Озоны давхаргыг хамгаалах тулгамдсан асуудал

Озоны давхаргыг хамгаалах тулгамдсан асуудал

БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэнтэй ярилцав.

-Озоны давхаргыг хамгаалах үндэсний хөтөлбөрийн талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

Монгол Улс 1996 онд Венийн конвенц, Монреалийн протоколд нэгдэн орсноор Засгийн газрын 1999 оны 129 дүгээр тогтоолоор Озон давхаргыг хамгаалах үндэсний хөтөлбөрийг баталж, 2000 оны долдугаар сараас озон задалдаг бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импортын зөвшөөрлийн тогтолцоо, 2012-2020 онд Монгол Улсад HCFC (hydro chloro fluoro carbons-гидрохлорфторт нүүрстөрөгч) хөргөх бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж байна.

Мөн олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор БОАЖЯ-ны дэргэдэх Озоны үндэсний албыг 2000 оноос байгуулан ажиллаж байна. Монгол Улсад одоогийн байдлаар нийт 17 эрх зүйн баримт бичигт 30 гаруй зүйл, заалтаар Озоны үе давхаргыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм.

Засгийн газрын 1999 оны 104 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсад озон задалдаг бодис импортлох, худалдаалах зөвшөөрлийн тогтолцоог 2000 оноос эхлэн бүрдүүлж, БОАЖЯ-ны Озоны үндэсний албанаас өдөр тутам зохих зөвшөөрөл олгож, Гаалийн ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид хилийн боомтууд дээр хяналт тавин ажилладаг. 2004-2016 онд нийт 5254 удаа озон задалдаг бодис болон орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмж импортлох зөвшөөрөл олгон гаалийн хяналтаар зохицуулж  байна.

-Монгол Улсад хэрэгжүүлж буй HCFC хөргөх бодисыг үе шаттай бууруулах хөтөлбөрийн тухай, гүйцэтгэж байгаа ажил үүргээсээ  тодруулна уу?

-Дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн (ГХФН/HСFC) бодисын хэрэглээг бууруулах Монгол Улсын HCFC хөргөх бодисын менежментийн хөтөлбөрийг Монреалийн протоколын Талуудын 63 дугаар хурлаас 2011 онд баталсан юм. Энэ хүрээнд HCFC хөргөх бодисын талаарх бодлого, дүрэм журмыг боловсронгуй болгох, озон задалдаг бодисын хууль бус худалдаанаас сэргийлэх, гидрохлорфторт нүүрстөрөгчийн (ГХФН/HСFC) төрлийн бодисын хэрэглээг үе шаттай бууруулахад озон, уур амьсгалд халгүй, байгаль орчинд ээлтэй орлуулах бодисыг ашиглаж байна.

Манай Озоны үндэсний албанаас өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахдаа уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хэд хэдэн сургалтыг зохион байгуулав. 2012 оноос хойш Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбооны дэргэдэх “Мастер чадамж” сургалт судалгааны төвийг байгуулан ажиллаж, энэ хугацаанд нийтдээ 160 гаруй хөргөлтийн техникчдэд мэргэшлийн  гэрчилгээ олголоо. Озоны давхаргыг хамгаалах олон нийтийн мэдээлэл сурталчилгааны ажилд дээрх мэргэжлийн холбоог татан оролцуулж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажилладаг.

Үүний зэрэгцээ хяналт, зөвшөөрлийн механизмыг хатуу мөрдүүлж, дээрх арга хэмжээний үр дүнд озоны давхаргад ээлтэй хөргөлтийн төхөөрөмж, орлуулах бодисын импорт, хэрэглээ байнга өсөн нэмэгдэж, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд шинэ технологи нэвтрүүлж байгаа нь сайшаалтай.

Озон задалдаг бодис бүхий тоног төхөөрөмж импортлох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд озон задалдаг бодис, тэдгээрийн хор хөнөөл, озоны давхаргын хомсдлын байгаль болоод хүний эрүүл мэндэд нөлөөлөх хор хөнөөлийг тайлбарлах, озон задалдаг бодисыг орлуулах бодис бүхий тоног төхөөрөмж импортлохыг ухуулан таниулах мэдээлэл сурталчилгааны ажил өргөн хүрээтэй явуулж байна.

-Цаашид энэ чиглэлийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд юунд илүү анхаарал хандуулах ёстой вэ?

-Монгол Улс озон задалдаг бодис үйлдвэрлэгч бус, импортлогч орон учраас жил бүр олон улсын конвенциор хүлээсэн үүрэг, хуваарийн дагуу импортлох бодисын хэмжээг БОАЖ-ын сайдын тушаалаар баталж, тусгай зөвшөөрөл олгож, тэдгээрт хил, гаалийн байгууллага, ажилтнууд хяналт тавьж, улсын төсвөөр ногоон (тогтвортой) худалдан авалт хийх зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэн Монгол Улс 2030 он хүртэл гидрохлорфторт нүүрстөрөгчийг (ГХФН/HCFC) төрлийн бодисын хэрэглээ, импортыг бүрмөсөн зогсоож, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой юм.

-Яаж биелүүлэх, төрөөс тухайлан ямар арга хэмжээ авах ёстой вэ?

  • Монголын төр, засаг цаашид юуны өмнө дараах бодлогыг мөрдөж, тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:
  • Монгол улсын агаарын тухай хуулийн 25.1-д заасны дагуу Озон задалдаг бодисыг импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталж, мөрдүүлэх,
  • Хөргөлтийн техникийн инженер, техникийн ажилтнуудын зөв зохистой засвар үйлчилгээ хийх чадавхийг үнэлэх олон улсын болон Европын стандартыг үндэсний стандартаар батлан нутагшуулах, хэрэгжүүлэх,
  • Худалдан авалтын аливаа тендер, бүтээн байгуулалтын төслөөр барьж буй барилга байгууламж, үйлдвэрлэл үйлчилгээний газар, эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмж, мах, сүү, жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоо хадгалах хөргөлттэй агуулах, шүршдэг полиуретан, полиуретан (PUR) дулаалгатай сэндвич хавтан, дулаан тусгаарлах шахмал хөөсөн полистрол (XPS) хавтангийн үйлдвэрлэлийн шугам зэрэгт HCFC-22, HCFC-123, HCFC-142b болон HCFC-22 бодис агуулсан бусад хольц (HCFC blends) бүхий хөргөх байгууламжийн технологийн тоног төхөөрөмж, хэрэгслийг худалдан авахгүй, импортлохгүй байх,
  • Мөн дээрх төрлийн бодис бүхий технологи ашигласан хөгжлийн аливаа төсөл, тендерийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг батлахгүй байх, байгаль орчны үнэлгээний компаниуд озон задалдаг бодисыг орлуулах шинэ төрлийн бодис бүхий технологийг санал болгох бодлогыг хатуу баримтлах, холбогдох хуульд нэмэлт оруулж батлуулах зэрэг арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлмээр байна.

 

Г.СУМЪЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж