УИХ-аар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ:
-Том ухралт. Төрийн албыг бэхжүүлье, орон нутагт төрийн алба нь иргэдийн оролцоотойгоор ажилладаг байя, ИТХ гэдэг улстөржсөн байгууллагыг төрийн албанд оруулж бужигнуулахаа байя гэж ярьдаг атлаа тэс өөр юм оруулж ирсэн. 2400 хүний эрх ашиг явж байгаа. ИТХ-д байдаг хэдэн улстөрчийг төрийн албанд шахах гэсэн хууль.
УИХ энэ хуулийг баталбал Үндсэн хууль дээр очно шүү. Энэ хууль Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг хэд, хэдэн хуулийн нийт 39 заалтыг зөрчиж байгаа. Улстөрийн шахалтад орсон хуулийг хэдхэн хүнд зориулж гаргах гэж байна. Ийм юмыг хүлээн зөвшөөрч болохгүй.
Засгийн газар хуулийн төслийг татаж аваад Төрийн албаны тухай хуульдаа нийцүүлээд явах ёстой.
Улс төрийн талцалгүйгээр эрүүлээр харах ёстой. УИХ-ыг дахиад нэг шат доош нь хийсэн хууль болно шүү, баталбал.
УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:
-Талцдаг хуваагддаг байдалдаа цэг тавимаар байна. Алийн болгон улстөржих вэ. УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль гээд дөрвөн жилийн 1.6 жилд нь хэрэлддэг. Энэнээс яаж ангид болгох вэ. Авгай нөхөр, айл хотлоороо, дээрээ улстөрчид нь хэрэлддэг. Эцэстээ үзэн ядалт нь өс хонзон болдог.
Сумандаа улс төржихгүй байя, тэр үүднээс сумын ИТХ-ыг улстөржүүлж болохгүй гэж ярьдаг атлаа эсрэгээрээ хууль батлах гээд сууж байгаа нь буруу.Төр нь төр шиг, улстөрчид нь эр хүн шиг баймаар байна. Ингэхгүй бол ард түмэн бидэнд итгэхгүй байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал юу болов, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга мэдээлэл өгөөч.
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-Энэ асуудал бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гарцаагүй хийх шаардлагатай болсныг харуулж байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотойгоор 320 мянган хүний санал ирсэн. Ирсэн саналд бүтээлч тодорхой санал давамгайлж байгаа. Сумын Засаг даргыг ард түмнээс эсвэл дээрээс сонгодог. Эс бол одоогийн хувилбараар гэсэн.Үндсэн хуульд хамааралтай бус 40 мянган саналыг нэгтгэж дуусаж байна. Бүх холбогдох яам агентлаг руу хуваарилж явуулж байна. Маш том социологийн судалгаа.Засаг захиргааны тухай хуулийг Засгийн газар оруулж ирсэн. Бид засаж залруулаад гайгүй болгохын төлөө ажиллаж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:
-Иргэдийн эрх ашгаас өөр эрх ашиг байх ёсгүй. Иргэдийнхээ оролцоотойгоор орон нутгийн асуудлыг шийдэх гэхээр чадавх нь сулраад байгаа учраас төрийн албан хаагч нь ИТХ-д сонгогдож ажиллаж болдог байхаар зохицуулах шаардлага байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:
Ардын намаас аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-д сонгогдсон 60 хүн төрийн албанд хэлтсийн дарга болон төрийн алба хашиж байгаа. Тэр хүмүүстээ зориулж энэ хуулийг гаргах гэж байна.
Ховд аймгийн ИТХ 41 төлөөлөгчтэй, 24 нь Ардын намаас сонгогдсон. Энэ хууль батлагдахад Ардын намынхан тус аймгийн ИТХ-ын 12 хүнээ шууд төрийн албанд тавина. Үлдсэн 12 төлөөлөгчөө орон нутгийн өмчит АЗЗА ч юм уу, Ус суваг, Хот тохижилтын компанийн даргаар тавиад амыг нь хаана.
Иргэдийн хурлын төлөөлөгч бол аймгийн төсөв баталдаг хүмүүс. Нэг талаараа төсөв батална, яаж зарцуулсанд нь хяналт тавьдаг. Гэтэл энэ хүмүүс төрийн албанд томилогдчихоор өөрийнхөө хэлтэс албад руу төсвөө хуваарилж авч, дураараа дургина гэсэн үг. Тийм боломжийг нээж өгч байна.
Ардын намынхан орон нутагт ч хуваагдсан байгаа. Баян-Өлгий аймгийн Засаг даргыг саяхан огцруулсан. Өвөрхангай ч ийм байгаа, С.Чинзоригоо. Засаг даргаа огцруулах гэж байгаа ИТХ-ын тэргүүлэгчдээ төрийн албанд хэлтсийн даргаар тавьж, Засаг даргаа үлдээх бузар юмыг энэ хуулиар хийж байгаа. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ. Ардчилсан нам 2020 оны УИХ-ын сонгуульд ялахад ийм хачин хуулийг чинь хэрэгжүүлэхгүй, хүчингүй болгоно. Хуулийн төслөө эргүүлж татаж ав.