Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Манай сонины цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд бид газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахын ач холбогдол, шаардлага, эдийн засгийн боломж хийгээд хүндрэл бэрхшээлийн талаар иргэд, эрдэмтэн судлаач, эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын байр суурийг уншигчддаа хүргэж байгаа билээ. Энэ удаад Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар  иргэд болон нийтийн үйлчилгээнд үйлчилдэг таксины жолооч нараас тодруулга авсан юм.
Иргэн Ж.Мягмаржав: БИД НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ  ҮЙЛДВЭРТЭЙ  БОЛЧИХВОЛ АЖИЛ АМЬДРАЛ Ч ДЭЭШЛЭНЭ

-Хэрэв бид дотооддоо нефть боловсруулаад шатахуунаа өөрсдөө гарган авах юм бол газар тариалан эрхлэгч нарт хүндрэл тун бага учирна. Намар болоод ургац хураалт эхэлж байхад дахиад л шатахууны үнэ нэмэгдчихлээ. Энэ байдал хэзээ арилна гэж бид хүлээх юм бэ. Нэн даруй энэ асуудлыг шийдвэл сайн л байна. Хэн хүнгүй л шатахуун, түлшний хомсдолтой байна. Асуудлыг хурдан шийддэг зан манайханд байхгүй учраас нэг нэгнийгээ хараад л байх юм. Хэзээ мөдгүй энэ шатахуун нь дуусах гээд байхад одоо л барихгүй юм бол хэзээ ч үгүй байх гэж бодож байна.


Таксины жолооч Ч.Чулуун-эрдэнэ: ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМСЭНЭЭС БОЛЖ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ НАР БУХИМДАЛТАЙ БАЙНА

-Саяхан хоёр, гурав хоногийн өмнө шатахуун, түлшний үнэ нэмэгдсэн. Энэ нь тун их хүндрэл учруулж байгаа. Би орой таксинд явдаг. Түлш нэмлээ гээд таксиныхаа үнийг нэмэх гэхээр зарим нэг үйлчлүүлэгч бухимдалтай хандаж байна. Өмнөх тарифаар үйлчилнэ гэхээр надад тун хүндрэлтэй тусч байна. Тийм учраас ард, иргэдээ  бодсон ч тэр хаа, хаанаа хүрэлцээгүй байгаа түлшний хомсдлоос гарахын тулд нефть боловсруулах үйлдвэрийг нэн даруй барих шаардлагатай байна. Хэрэв боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулчих юм бол олон нийтийн бухимдал багасах байх гэж бодож байна. Асуудлыг хэлэлцэх биш хиймээр байна гэж хэлмээр байна.

Таксины жолооч Э.Манлайбаатар: БИД ЭНЭ ХАРААТ БАЙДЛААС ХЯЛБАР ГАРЧ ЧАДНА

-Хэрэв манай улс шатахуунаа өөрсдөө боловсруулах юм бол бусдын өмнө царай алдахгүй түлш болон нефтээр аливаа нэг улсын боол болохгүй л байх. Таксинд явдаг бидэнд шатахууны үнэ нэмсэн нь сөргөөр нөлөөлж байна. Гэвч манайд энэ хүндрэлийг давахын тулд хийж, бүтээе гэсэн эрмэлзэл алга. Энэ нефть боловсруулах үйлдвэрийг боломжтой бол өнөө маргаашгүй л барьмаар байна. Хэрэв бид хэдий хэмжээний нөөц байгаагаа тодорхойлсон бол нэн даруй ажилдаа ормоор байна. Ер нь нефть гэдэг аливаа улсын оршин тогтнох бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой байх. Хэрэв нефть боловсруулах үйлдвэртэй болчихвол түлшний үнийг хөөрөгдөхгүй дотооддоо үнэ хямд түлш хэрэглэх байх гэж бодож байна.


Иргэн Г.Бадамцэцэг: БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРЬВАЛ ХҮНСНИЙ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ БАГАСАХ БАЙХ

-Түлшний үнэ өслөө гэж дуулдах л юм бол маргааш нь хүнс болон өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх юм. Энэ үнийн хөөрөгдлийг арилгах хэрэгтэй байна. Хэрэв бид улсдаа ганц ч болов нефть боловсруулах үйлдвэртэй болчих юм бол энэ хомсдол болон үнийн хөөрөгдлөөс бага ч гэсэн ангижрах байх. Шатахуун нэмэгдэхээрээ буцаад буудаг харин түүнийг даган өссөн өргөн хэрэглээний барааны үнэ буурна гэж байхгүй юм. Ард иргэд бид нар энэ үнийн хөөрөгдлийн хүнд ачааг нуруундаа үүрч байна. Боловсруулах үйлдвэртэй нэн даруй болмоор байна. Шатахууны үнэ гайгүй болчих юм бол бид хүнс болон өргөн хэрэглээний бараагаа хямд авах байх гэж бодож байна.

Э.БАЯСГАЛАН

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж