Алга болсон шумбагчийг хайх эрлийн ажиллагааг зогсоов

Хуучирсан мэдээ: 2017.12.01-нд нийтлэгдсэн

Алга болсон шумбагчийг хайх эрлийн ажиллагааг зогсоов

Алга болсон шумбагчийг хайх эрлийн ажиллагааг зогсоов

Аргентины тэнгисийн цэргийн хүчин  44 гишүүнтэй сураггүй алга болсон шумбагч хөлгийн эрлийн ажиллагааг албан ёсоор зогсоолоо.

Сан Хуан шумбагч хөлөг 15 хоногийн өмнө Атлантын тэнгисийн өмнөд хэсэгт холбоо барьснаас хойш сураггүй алга болсон юм.

‘Шумбагч хөлгийг олохын тулд олон улсын эрлийн баг агаараар болон усан замаар олон хоног самналт хийсэн боловч хөлгийн байршлыг тогтоож чадсангүй” хэмээн Аргентины тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгч мэдэгдсэн байна.

Шумбагч хөлөгтэй хамгийн сүүлд холбоо барьснаас хойш хэдэн цагийн дараа хөлгийн байсан байршлаас холгүй хачирхалтай чимээ бүртгэгдсэнийг хөлөг дэлбэрсэн чимээ гэж таамаглаж байгаа юм.

Шумбагч хөлөг ердөө арав хоногийн хүчилтөрөгчийн нөөцтэй байсан юм.  Шумбагч хөлгийг оллоо ч гэсэн хөлгийн 44 гишүүнийг эсэн мэнд олох найдвар тасарсан билээ.  Гэвч олон улсын хамтарсан эрлийн багийнхан 15 хоног шумбагч хөлгийг хайсан боловч юу ч олоогүй ажээ.
 

 

Сан Хуан шумбагч хөлөг Өмнөд Америкийн өмнөд эрэг Ушуаяд хүрээд буцах замдаа холбоо барьж, хөлөгт цахилгааны саатал гарсан тухай мэдээлж байжээ.  

Дээрх мэдээллээс үндэслэн Аргентины тэнгисийн цэргийн шинжээчид шумбагч хөлгийн агааржуулагч хоолойд ус орсноос цэнэг хураагуурт богино холбоо үүсэж, дэлбэрсэн байж болзошгүй гэдэг таамаг дэвшүүлсэн юм. 

Шумбагч хөлөгт цахилгааны саатал гарсан тухай мэдээ авсан тэнгисийн цэргийн хүчин хөлгийг яаралтай баазад эргэж ирэхийг тушаасан байжээ.

Шумбагч хөлгийн багийн 44 гишүүний нэг нь эмэгтэй бусад нь эрчүүд байсан гэнэ. Шумбагч хөлгийн багийн ганц бүсгүй 35 настай Элиана Мариа Кравчик Аргентины тэнгисийн цэргийн хүчинд алба хаасан анхны эмэгтэй офицер байжээ.

Шумбагч хөлгийг хайх эрлийн ажиллагаанд арав гаруй орны 4000 гаруй аврагч, алба хаагчид оролцсон юм. Аргентины ерөнхийлөгч Маврисио Макри шумбагч хөлгийн алга болсон шалтгааныг тогтоох тушаал гаргажээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж