Вена хотод болсон ОПЕК-ийн уулзалтаар газрын тос экспортлогч орнууд газрын тосны үйлдвэрлэлийг бууруулах гэрээг ирэх оны эцэс хүртэл сунгахаар тохиролцсон нь газрын тосны зах зээлд үнийн уналтаас үүдэлтэй тэнцвэргүй байдал хараахан арилаагүй байгаатай холбоотой.
Газрын тосны хамгийн экспортлогч Саудын Араб ОПЕК-ийн уулзалтын өмнө газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээг доод хэмжээнд барьж байх тухайд байгуулсан гэрээг сунгах тал дээр гишүүд санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байсан юм.
ОПЕК-ийн гишүүн орнууд, ОХУ болон газрын тос үйлдвэрлэгч есөн улс өдөрт 1.8 сая баррелаас илүү газрын тос үйлдвэрлэхгүй байх гэрээг хүчин төгөлдөр мөрдөж байгаа билээ. Гэрээний хугацаа ирэх гуравдугаар сард дуусгавар болох байв. Гэвч шинжээчдийн таамаглаж байсанчлан ОПЕК-ийн гишүүн 14 улс Австрийн Вена хотод болсон уулзалтаар үйлдвэрлэлийг бууруулах бодлогоо ирэх оны эцэс хүртэл үргэлжлүүлэхээр болсон байна. ОПЕК-ийн уулзалтад оролцсон гишүүн орнуудын сайд нар газрын тосны зах зээл зөв голдрилдоо орсныг хүлээн зөвшөөрсөн боловч зах зээл тогтворгүй байгааг хэлж байлаа. Талууд ирэх оны дунд үе хүртэл баримтлах бодлогыг хэрэгжүүлэх механизмын асуудлыг хэлэлцсэн юм. Уулзалтад ОПЕК-ийн гишүүн бус холбоотон ОХУ чухал үүрэгтэй оролцсон байна.
Газрын тос үйлдвэрлэгчид бүгд санал нэгдэв
ОПЕК-ийн уулзалтаар гишүүд үйлдвэрлэлийг бууруулах гэрээг сунгахаар тохиролцсон үйл явдал амар хялбар байсангүй. Саудын Араб, ОХУ зах зээлийн үнэ, нийлүүлэлтэд нөлөөлөх гэж оролдож буй нь дэлхийн газрын тосны дэглэмд ан цав гарч буйн илрэл болсон юм. Шалтгаан нь ОПЕК, ОХУ болон газрын тос үйлдвэрлэгч бусад оронд АНУ-ын занарт тос гэгч өрсөлдөгч гарч ирсэнтэй холбоотой.
ОПЕК-ийн гол орон болох Саудын Арабыг бодвол ОХУ газрын тосны зах зээл дэх үнийн хөөрөгдлөөс хамаарал багатай, зах зээл нь ч том биш. Гэвч Оросын олон компани газрын тосны зах зээлд гарахаар гишүүн орнуудын байгуулсан гэрээг сунгах талаар санал бодлоо илэрхийлэх болсон юм.
2018 оны гуравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөнчийн сонгууль болно. Владимир Путин сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдээгүй ч өрсөлдөх нь гарцаагүй.
Шинжээчдийн хэлж буйгаар Путин ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний гол сэдэв нь газрын тосны үнэ байхыг хүсэхгүй нь мэдээж. Тиймээс Путин одоо хүчин төгөлдөр байгаа гэрээг дэмжиж байгаа ажээ.
ОПЕК-ийн уулзалтын үеэр нэг баррель брент маркийн газрын тос 63.43 ам.доллараар худалдаалагдаж, 0.51 хувиар нэмэгдсэн бол Америкийн түүхий нефть нэг баррель нь 57.42 ам.доллараар зарагдаж, 0.21 хувиар өссөн байна.
2014 оны зургадугаар сард нэг баррель нь 120 ам.долларт хүрч газрын тосны үнэ ингэж буурсан нь эрэлт бага, ам.долларын ханш өндөр, мөн Америкийн занарын үйлдвэрлэл өссөнтэй холбоотой. Мөн ОПЕК-ын гишүүд газрын тосны үйлдвэрлэл, нийлүүлэлтийг бууруулахын эсрэг байсан нь зах зээлийн үнэ унах бас нэг шалтгаан болсон юм. Гэвч 2016 оны арваннэгдүгээр сард газрын тос экспортлогчид үйлдвэрлэгч орнуудтай хамтран үйлдвэрлэл, нийлүүлэлтийг бууруулах арга хэмжээ авснаар үнийн уналтыг зогсоож чадсан. Гэрээний хугацаа 2018 оны гуравдугаар сард дуусгавар болох байсан ч Венад болсон өчигдрийн уулзалтаар талууд гэрээг ирэх оны сүүлч хүртэл сунгахаар тохиролцлоо.