Энх цагт ч энхийг сахиулах сургуулилт хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Энх цагт ч энхийг сахиулах сургуулилт хэрэгтэй

“Khaan Quest-2011” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулилт үргэлжилж байна. Өнгөрсөн баасан гарагт тус үйл ажиллагааны нэг хэсэг болох “Хэвлэл мэдээллийн өдөр” болов. Өдөрлөгийг үеэр сэтгүүлчид энхийг сахиулагчдын сургалтын үйл явц, эмнэлэг хүмүүнлэгийн ажиллагаатай танилцаж, АНУ-ын цэргийн хэвлэл мэдээллийн ажилтнуудтай ажил мэргэжлийн уулзалт зохион байгууллаа.

Улаанбаатар хотоос зайдуу Зэв­сэгт хүчний сургалтын нэгдсэн төвд очлоо. Өөрийн эрхгүй биеэ барим жагсаалын том талбай, танктай хөшөө, хажуу уулынхаа энгэрт “Тусгай рот” хэмээн бичсэн орчин угтан авсан юм. Энэ газар анх 1957 онд байгуулагдаж зургаан удаа нэр, үйл ажиллагаагаа өөрчилсний эцэст өнөө­гийн энэ сургалтын төв гэсэн зохион байгуулалттай газар болжээ.

Өдөрлөгийн эхэнд тус сургуулийн АНУ талын удирдагч хурандаа Стив Меррел, ““Khaan Quest-2011” төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Жил бүр зохион байгуулсаар хаа хаа­наа суралцаж, дадаж эхэлжээ” хэмээн хэлж байна. Хээрийн сургуулилтыг үзэж сонирхохоос өмнө бид Олон үндэстний штабаар зочилсон юм. Энд Монгол, Энэтхэг, Малайз, АНУ, БНСУ, Канад зэрэг улсын албан хаагчид ажиллаж байв. Энэ штаб нь НҮБ-ын төв бригад гэж явдаг бөгөөд олон үндэстний хэл соёл, туршлагатай албан хаагчид нэгдэж ажилладагаараа онцлогтой аж.

ШҮТЛЭГТЭЙ АЛБАН ХААГЧИД ШӨНӨ ХООЛЛОЖ БОЛНО

Энхийг сахиулагчдад зориулсан сониноос харвал өглөөний хоол 06.30-08.15, өдрийн хоол 12.00-13.30, Оройн хоол 18.00-19.30 хэмээжээ. Сонирхолтой нь тэрхүү цагийн хуваарийн ард жич хэмээн онцолж байгаад “Рамадон сар эхэлж байгаатай холбогдуулан шүтлэгтэй алба хаагчид 03.30-04.00 цагт хооллох боломжтой” хэмээжээ.

Энд зөвхөн сургуулилт хийж, буу шийдэм үүрсэн хүмүүс холхидог гэж ойлгох нь дэндүү өрөөсгөл байх гэнэ. Учир нь цэргийн үйл ажиллагаанаас гадна энд долоо хоног бүр улс орнуудын соёл, урлаг спортын арга хэмжээнүүд болдог аж. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын цэргийн байгууллагын өдөрлөг болжээ. Өдөрлөгөөр БНСУ-ын албана хаагчид өөрийн орны уламжлал, соёлыг харуулсан үзүүлбэрийг зэвсэг нэгт нөхдөдөө зориулж тог­лосон байна. Мөн өнгөрсөн долоо хоногт энхийг сахиулагчдын дунд зохиогд­сон волейболын тэмцээнд Энэтхэгчүүд түрүүлж, манай улсын албан хаагчид удаалжээ. Цэргүүдийн ярьж буйгаар “Энэтхэгчүүд дэндүү сайн байна билээ. Сагсан бөмбөгөөр удахгүй өрсөлдөнө. Америкчуудаас илүү байхыг үгүйсгэхгүй” хэмээж байв. Сургалтын нэгдсэн төв эн­гийн нэг хашаа татсан талбай бус өргөнөөрөө 12.5, уртаашаа 32.5 км талбайтай аж. Ийм том талбайг цэрэг ногоон асар, зэвсэг техникээр дүүргэж чаджээ. Ингээд сургуулилт эхэллээ.  

UN go back!

Эхний удаад бид халдлагын үед иргэдэд хэрхэн эрүүл мэндийн тусламж үзүүлэх талаар хийж буй сургуулилтыг үзэж сонирхлоо. Сургуулилтын үеэр шархтан болж жүжиглэх иргэд болон хөл гар нь тасарсан моделиуд дээр ажилладаг юм байна. Оролцон  тоглогчид үнэхээр л халдлагад өртсөн мэт утаа, цусан дунд хашгирах аж. Хэргийн газарт цэргүүд шархтнуудын цусыг тогтоох, хугарч гэмтсэн эрхтэнийг нь боож машин руугаа зөөх ажлыг гүйцэтгэж байв. Ингэхдээ яг шархтаж гэмтсэн хүмүүсийг зөөж байгаа мэт хөдлөх, ярих аж.

Дараа нь Нэгдсэн үндэсний байгуул­лагын хүмүүнлэгийн барааг хамгаалалтад авах, эздэд нь хүр­гэх талбайд хүрэлцэн очлоо. Мэ­дээж дайн болсон газарт иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэж хоол, усны тө­лөө юуг ч хайрлахгүй болдог гэсэн ут­гыг энэ сургуулилтаар илэрхийлж байв. Жирийн иргэд буюу тоглогчид “I am hungry”, “Give us Water!” хэмээсэн лоозон барьж НҮБ-ын авчирч буй хоол хүнс рүү дайрч байв. Цэргүүдийн үүрэг бол тэднийг эмх замбараагүй байдал үүсгэж машин руу дайрах үйлдлийг нь зогсоох явдал юм. Машиныг хамгаалалтын бүсэд оруулсны дараа иргэдийг эмх цэгцтэйгээр оруулж хооллох аж. Энэ зуур иргэд өлсөж туйлдсандаа цэргүүд рүү дайрах ба мод чулуугаар зэвсэглэн хамгаалалтыг бүсийг довтолно. Цэргүүдийн хувьд тэднийг тайвшруулах, эсэргүүцэл зогсохгүй бол гал нээж байв.

Гурав дахь цэг нь Зэвсэг ху­раах хичээлийн талбай байв. НҮБ-ын үндсэн үүргүүдийн нэг болох зэвсэг хураах ажил, түүнийг хэрхэн эсэргүүцэж байгаа дүрслэн үзүүл­дэг талбай юм. Энд зарим албан хаагч нь зэвсэгээ хураалгаж байхад эсэргүүцэгчид мундахгүй гэдгийг харуулжээ. Зэвсэг хураах ажлыг эсэргүүцэгчид “UN go back!” хэмээн хашгирч, хамгаалалтын бүсэд нэвтрэхийг оролдож байв.


Зэвсэг хураалгах ажлын талаар сургагч багш Б.Энхцагаас зарим зүйлийг тодрууллаа.

   
-Зэвсэг хураах сургуулилтын талаар тайлбарлана уу?

-Энд гэхэд зарим иргэн нь эсэргүүцэж байна. Зарим нь хамгаалалтын бүс рүү орж нэгжүүлж, зэвсэгээ хураалгаж байна. Зүгээр зэвсэг хураахгүй. Шат дараалсан дамжлагатай байдаг л даа. Эхлээд орж зэвсэгээ хураалгана. Бас бүртгэл хийлгэнэ. Хэн гэдэг хүн хаанаас ирэв, хуучин аль зэвсэгт бүлэглэлд байсан юм гээд асуултад хариулна.

-Дотор орсон хүмүүс нь сайн дураараа зэвсэгээ хураалгаж байгаа байх нь ээ?

-Хэрвээ тэр хүн  сайн дураараа зэвсэгээ хураалгаж байгаа бол тэр хүний аюулгүй байдлыг НҮБ хангах хэрэгтэй болно. Тэгэхээр байр сав, хоол хүнс зэргийг гаргаж өгнө. Ингэж энгийн амьдралд нь дасгаж өгөхгүй бол гэнэтхэн зэвсэгээ хураалгачихаар тэр хүн юу хийхээ мэдэх­гүй болно шүү дээ. Магадгүй амиа хоролчих ч юм бил үү. Тийм зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй. Яа­гаад гэхээр хуучин тэр хүн чинь буу тулгаад дээрэм хийгээд л амьдар­чихдаг байсан бол одоо тэгж чадахгүй болж байгаа хэрэг шүү дээ.

ЦЭРГИЙН БАРИЛГАЧИД ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛЖ БАЙНА

“Khaan Quest-2011” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүрэгт хоёр томоохон ажлыг зохион байгуулж байна. Эхнийх нь Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны “Аяут” өрхийн эмнэлэгийн өргөтгөлийг Монгол, АНУ-ын цэр­гийн барилгачид хамтран барьж байна. Өрхийн эмнэлэгийг өргөт­гөлийг өнгөрсөн зургаадугаар сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байд­лаар дотор заслын ажлыг нь гүйцэт­гэж байгаа юм.  Мөн дүүргийн Долоо­дугаар сургууль дээр Канад, БНСУ-ын цэргийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүйгээр эмнэлэгийн үйлчил­гээ үзүүлж байна. Нийт 5000 мянган иргэнд эмнэлэгийн үйчилгээ үзүүлэх бөгөөд энэ сарын 11-нийг хүртэл иргэд чөлөөтэй үйлчлүүлж болох аж. Зөвхөн эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна шаардлагатай эм хэрэгслийг үнэ төлбөргүй өгөхөөр ажиллаж байна.

Өрхийн эмнэлэгийн өргөтгөлийн талаар Барилгын цэргийн 017 дугаар ангийн дэд хурандаа Ц.Ганболд “Энгийн барилгаас илүү цутгалттай, 28 см-ын зузаан шалтай. Хана, шал болгон нь  арматуран  цутгалт­тай барилга байгаа юм. Тэгэхээр харахад энгийн боловч технологийн хувьд хамгийн бөх бат барилга болж байгаа юм. Анхны карказан нэг давхар барилга. Ойролцоогоор 50 жилийн баталгаатай” хэмээн ярьж байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж