Өвлийн эхэн сар гарч эхлэхэд л Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д халтирч унаснаас бэртэж гэмтсэн хүмүүс олноор очиж, үйлчилгээ авах болсон. Бэртэж, гэмтсэн хүмүүсийн олонх нь ахмад настан болон бага насны хүүхдүүд аж. Эдгээр гэмтсэн хүмүүсийн дунд халтирдаг гутал өмссөнөөс болж, шагайн үений бэртэлт авах хүмүүс илүү олон байгааг эмч нар хэлж буй. Тэгвэл халтиргаанаас хэрхэн хамгаалах талаарх мэдээллийг хүргэе.
Хойд хөрш болох ОХУ-ын иргэд халтиргаанаас мөсний тах хэрэглэж хамгаалдаг аж. Энэхүү мөсний тах нь манай улсад ч мөн адил өргөнөөр хэрэглэгддэг болжээ. Зарим хүмүүс халтиргаанаас хамгаалах улавч ч гэж нэрлэдэг юм билээ.
Мөсний тахын хадаас нь гантай төмрөөр хийгдсэн учраас 3-6 жилийн эдэлгээ даадаг гэнэ. Өндөр өсгийт, зузаан улт, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гээд бүхий л төрлийн гутлын гадуур нь углаж хэрэглэдэг. Размераас шалтгаалж гутлын хадаас болон, үнэ нь өөр өөр байдаг аж. Эдгээрийг хэрэглэвэл халтирч унахаас сэргийлэх боломж мөн байна.