Төв банк, банкны хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Төв банк, банкны хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Төв банк, банкны хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн юм. Уг төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх дэмжсэн байна. Үүний дараа Төв банкны тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт авч, саналаа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Авлига авч, алдаа гаргаад хэн ч хариуцлага хүлээхгүй үлддэг нь Монголд л байдаг жишиг. Н.Золжаргал гэдэг хүний алдаа нь Монголбанк хараат бус, хүн нь хараат байснаас алдаа болж байна уу. Ийм тогтолцооны асуудлыг өөрчлөхийн тулд аль нам эрх барьж байгаад тохируулж болохгүй байх. Хуулийн төсөлд Монголбанкны эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж байна гэж ойлгож байна. Монголбанк өөрөө зээлдэгч байх аа болих уу, арилжааны банк уул уурхайн төслүүдэд орохгүй байж чадах уу, нэг хүн хоёр банкны удирдлагаар ажиллаж болох уу. Хуульд өөрчлөлт оруулахаар ямар гол өөрчлөлт орох вэ гэсэн асуултад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Мөнгөний бодлогын зөвлөл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар хуульд тусгасан. Гурав нь Монголбанкны удирдлага, дөрөв нь УИХ-аас байна. Монголбанкны үйл ажиллагаанд дэлхийн шинэ зарчмыг оруулж ирж байгаа. Аливаа улс орны Төв банк эцсийн зээлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс зээлдэгч байх аа болино гэсэн ойлголт байхгүй. Харин арилжааны банкуудаас уул уурхайн үйл ажиллагаанд санхүүжилт оруулахад Монголбанк оролцох боломжгүй гэсэн тайлбар өглөө.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Төв банкны зорилго их өөрчлөгдөж байна. Үнийн тогтвортой байдлыг хангах, макро зохистой бодлогоор хангах хоёрыг тайлбарлаж өгнө үү. Мөн Төв банкны хуулийн 5-р зүйлд үйл ажиллагааны таван үндсэн чиглэлтэй байсныг 10 үндсэн чиглэлтэй болгосон байна. Үүнд Монголбанкны  “Үнийн тогтвортой байдлын тухай хуульд болон бусад холбогдох хуулийн төслүүдэд үнийн тогтвортой байдлыг хангах, олон улсын жишигт нийцсэн шаардлага гэж ойлгож болно. Макро зохистой бодлогоо ч гэсэн дэлхийн стандартын нутагшуулж байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

УИХ-ын гишүүд асуулт авсны дараа дэмжсэн гурав, дэмжээгүй гурван гишүүн санал хэлж, Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66 хувийн саналаар дэмжлээ. Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон дагалдах хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Хуулиудын хэлэлцүүлгийг хийсний дагуу ажлын хэсэг байгуулахаар болсон юм. Ажлын хэсэг байгуулж, шаардлагатай тохиолдолд олон эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж УИХ-ын дарга онцоллоо.

Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж