Гэмтсэн хүмүүсийн тал хувь нь согтуу байдаг

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Гэмтсэн хүмүүсийн тал хувь нь согтуу байдаг

Гэмтсэн хүмүүсийн тал хувь нь согтуу байдаг

Гар, хөл, толгойгоо боосон, таяг тулсан хүмүүс Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн үүдээр ороход л харагдана. Бэртэж, гэмтсэн хүмүүсийн ихэнх нь настай буурай, бага насны хүүхдүүд байх аж. Өвлийн улирал эхэлж, зам гудамж талбайн халтиргаа, гулгаа “дээд цэг”-тээ хүрдэг энэ үед “Гэмтлийн” гэх тодотголтой төв эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг нь хэвийн үзэгдэл болжээ. Өвлийн халтиргаанаас үүдсэн бэртэл гэмтлийн талаар сурвалжиллаа. 


Ахмад настан, хүүхдүүд ихэвчлэн халтирч гэмтдэг

Гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлж буй 81 настай буурай орцныхоо хажууханд байдаг дэлгүүр рүү орж яваад халтирч унан, нуруугаа хүнд бэртээжээ. “Өвлийн хүйтэн эхэлж, гудамж талбайн гөлгөр зам дээр тогтох арга алга. Настай хүмүүс таяг тулсан мөртлөө л халтирч унаад, гэмтэж байна” хэмээн өгүүлэх эмээ өмнө нь бас гараа бэртээсэн тухайгаа ч ярилаа. 

Түүний охин С.Оюунчимэг “Ээж энэ өвөл хоёр ч удаа халтиргаанаас болж гэмтлээ. Энэ удаа нуруугаараа хүчтэй унасан. Өнөөдөр рентгенд зургаа авахуулаад явж байна. Хүйтний улиралд орон сууц, үйлчилгээний төв, дэлгүүр хоршоо гээд байнга хүн үйлчлүүж байдаг газрууд том, жижиг гэлтгүй эргэн тойрныхоо цас, мөсийг цэвэрлэдэг баймаар байна. Хүүхэд, хөгшид хамгийн их явдаг орон сууцны дундын зам, талбай эзэнгүй юм шиг л байдаг. Гэрээсээ гарч, орох хооронд л гэмтэж бэртээд, эрүүл мэнд, мөнгө санхүүгээрээ хохирох тохиолдол эргэн тойронд байнга гарч байгааг харах юм. Цас, мөсөө цэвэрлээгүй газруудад хариуцлага тооцдог болчихвол анхаарч магадгүй л юм. Олон нийтийн талбайг ТҮК-ийн ажилчид боломжоороо цэвэрлэж байгаа ч орон сууц, түүний эргэн тойрон дахь зам, талбайг бол тэд амжихгүй шүү дээ’ хэмээн байр сууриа илэрхийлэв.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жирийн үед хоногт дунджаар бэртэж, гэмтсэн гэх 450 орчим хүн үйлчлүүлдэг байна.  Харин өвлийн улиралд энэ тоо нэмэгдэж, 600-д хүрдэг гэж эмч, сувилагч нар ярилаа. 

Гэмтсэн 400 хүний 200 нь согтуу хүмүүс 

Гэмтлийн эмнэлэгт бид 11.00 цагийн үед очиж таарсан юм. Эмч нар ярихдаа “Ачаалал өдийд харьцангуй бага байдаг. Харин өдрийн цайны цагаас оройн 17.00 цаг хүртэл эрс ихэсдэг. Ингэсээр оройн 21.00 цагаас хойш бол архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотойгоор гэмтэж, бэртсэн хүмүүс ихэвчлэн ирдэг’ гэлээ. 

Энэ талаар ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн ахлах эмч Э.Ариунхүү “Гэмтэл, бэртэл авсан иргэд их ирж байна. Манай төвд ихэвчлэн гар, хөл нь хугарсан хүмүүс ирдэг. Бас зам тээврийн ослоос үүдэн тархи толгой, нурууны гэмтэл авсан хүмүүс ханддаг. Хамгийн харамсалтай нь, гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн 50 хувь нь согтуугаас болж гэмтсэн байдаг. Тэд эмнэлгийн тусламж авахаар ирэхдээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, ихэвчлэн согтуу байдаг. Хоногт дунджаар 400 хүн үйлчлүүллээ гэхэд 200 нь согтуу байх жишээтэй’ гэв.

Өдөр бүр гэмтэж, бэртсэн хүмүүсийн дунд ажиллаж байгаа эмчийн үгнээс бид нэгийг бодууштай юм. Өвлийн улиралд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь юу юунаас илүү аюултай. Ялангуяа шинэ жилийн баяр ёслол дөхөж байгаа энэ өдрүүдэд хүний амь насны асуудал яригддаг, шинэ жилээ тараад харьж явах замдаа осгож, осолдож байсан тохиолдол гарч байсныг санахад илүүдэхгүй. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүний тал хувь нь согтуу байна гэдэг бидний амьдралын хараас хар дүр зураг. 

Өвлийн гэмтэл, осгож даарах, хөлдөх, хатуу мөсөн дээр унах зэргээс болж насан туршдаа хөдөлмөрийн чадваргүй болох, хамгийн хүнд хэлбэрээр гэмтэх магадлал мэдээж илүү байдгийг мэргэжлийн хүмүүс сануулж байна.

ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн ахлах эмч Э.Ариунхүү

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж