-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргээд эхний асуултаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн өр, зээлний асуудлыг шийдвэрлэсний талаар эхлүүлье. Энэ тал дээр таны хувьд ямар байр суурьтай байна?
-АНУ-ын түүхийн хувьд авч үзвэл сүүлийн арван жилийн хугацаанд маш их зүйл дээр эрсдэл дагуулсан шийдвэрүүдийг гаргасан. Өмнөх ерөнхийлөгч асан Ж.Бушын үед ч, одоогийн ерөнхийлөгч Б.Обамагийн хувьд ч тэр. Яагаад гэвэл өмнөх ерөнхийлөгчдийн түүхэнд, хэн ч ард түмнээ бүхэлд нь өрөнд оруулаад хаячих тийм эрсдэлийг бий болгож байгаагүй. Нэг талаасаа энэ шүүмжлэлтэй мэт санагдуулах боловч бодит байдал ийм л байна. Айл болгоны гэрийн ихэнх эд хогшил өр зээлээр авсан. Насаараа өртэй амьдрах нь тэдний хувьд чухал биш мэт. Энэ бүхэн нэг л өдөр давалгаагаар дарамт нь бидний толгойн дээр бууна гэж манай улсын нэрт эдийн засагч, Американ банкны санхүүгийн тооцоо гаргадаг байсан мэргэжилтэн анхааруулж байсан. Гэхдээ одоо үүнээс гарах гарц нь тодорхой болсон учраас энэ талаар дахин сөхөхөө болъёо. Ямар ч байсан хүмүүс өргүй амьдрах ухаанд суралцсан гэж найдаж байна.
-Мэдээж өргүй амьдрах сайхан л байх. Би л гэхэд машинаа зээлээр авсан. Гэтэл нэг өдөр ажилгүй болчих юм бол зээлээ төлж чадахгүйд хүрнэ. “Их долоо”-гийн төлөөлөгч нар евро бүсийн орнуудад санхүүгийн хямрал болж болзошгүй хэмээн хуралдаж байна. Магадгүй танд өгөх зөвлөгөө байгаа болов уу?
-Намайг тэр том улсуудтай жишсэнд талархаж байна. Миний хувьд энэ асуулт арай хүнддэж байна.
-Та Сирийн асуудлыг юу гэж дүгнэж байна. НҮБ цэрэг оруулах асуудал өнгөрөгч долоо хоногийн чухал сэдвийн нэг болсон?
-Сирийг би “Чимээгүй аллага” гэж дүгнэж байгаа. Тэнд хүн үхэх нь дэлхий нийтийн хувьд мөнхийн хаалттай хаалга мэт сэтгэгдэл төрүүлэх болсон. Сүүлийн үед хэдэн хүн үхсэн гэв. Энэ бол аймшиг. Хүний эрх гэж тэр улсад алга. Хүний эрхийн сэдвийг ч хөндөх хүн, байгууллага бараг алга болж байна. Сирид хүн үхдэг нь энгийн л үзэгдэл болсон нь нэг талаараа НҮБ-ыг буруушаамаар ч юм шиг. Хэрэв М.Каддафитай өдий хүртэл сунжралдаж байлдаагүй бол, хэрэв Сирид нэг удаагийн бослогоор 100 гаруй хүний амийг бүрлэхснийг мэдээд юу ч хийгээгүй үл тоомсорлоогүй бол гэх мэт олон зүйлийг дурдвал дуусахгүй юм болно. Сири улсын хувьд дэндүү өрөвдөлтэй санагдаж байна.
-Мэдээж хэрэг НҮБ багагүй хугацаа алдсан л байх. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэлийн нэг болох Афганистан улсад НҮБ-ын нисдэг тэрэг осолдож 30 АНУ-ын цэрэгийн амь нас хохирлоо. Энэ талаар танд хэлэх зүйл байна уу?
-Би харин гайхчихлаа. НҮБ-ын нисдэг тэрэгт 30 АНУ-ын цэрэг осолдлоо. Гэртээ харьж явсан цэргүүд ийнхүү осолдоод үхнэ гэж тэдний бодолд буугаагүй л биз. Нийт амь үрэгдэгсэдийн тоо 38 хүн. Үүний 30 нь манай улсын цэрэг шүү дээ. Эдгээр амиа алдсан хүмүүсийн гэр бүл гэж 240 гаруй хүн дор хаяж байгаа даа. Миний бодлоор энэ Афганистанаас цэргээ татлаа гээд зүгээр нэг хараад суух биш. Энэ бүх үйл явцыг нэг нэгэнгүй нарийвчилсан онцгой анхааралдаа аваад гэрт нь буцаасан шиг буцаах хэрэгтэй юм шиг санагдсан. Энэ талаар “НҮБ-аас тусгай шинжээчид илгээнэ. Ослын газар гадны нөлөө байна уу үгүй юу гэдгийг сайн шалгана“ гэх мэт мэдээ, мэдээллүүд явсаар л байна. Хэвлэл мэдээллийн агентлагууд ч гэсэн өөрсдөө ухамсартай хандмаар байна. Мэдээллийн эрин зуунд ширхэг үг ч гэсэн талийгаач нарын гэр бүлд сэтгэл зүрхийг хөдөлгөдөг, гомдоодог, баярлуулдаг.
"Улс төрийн тойм" сонин