Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Дэд зөвлөл хуралдлаа

Дэд зөвлөл хуралдлаа

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт “Мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын 2017 оны 148 дугаар тогтоолоор батлуулсан.

Уг Үндэсний хөтөлбөрийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага, зохицуулалтаар хангах үүргийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Дэд зөвлөл хариуцна” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/173 дугаар тушаалаар Дэд зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг тус тус баталсан.

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр болж Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяр удирдаж явууллаа. Тус хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яам Азийн сантай хамтран хэрэгжүүлдэг “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй мөрдөн байцаалт, прокурорын хяналтыг сайжруулах нь” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн “Хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын алба хаагчдын Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх ойлголт, мэдлэг, туршлага, чадавхыг үнэлэх судалгаа”-ны үр дүнтэй танилцаж, Дэд зөвлөлийн гишүүд судалгааны үр дүнтэй холбоотой асуудлаар санал солилцов.

Өнөөдрийн өргөтгөсөн хуралд Дэд зөвлөлийн гишүүн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс гадна АНУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны улс төрийн ажилтан Хайди Хөршиди, Азийн сангийн Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Эдвард Андерсон нар оролцлоо.

Эх сурвалж: cccp.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж