Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбон АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг баривчилсан. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Б.Жавхлан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Түүнийг Монголбанкны асуудлаар шалгаж байгаа эсэхийг тодрууллаа.
-Монголбанкны асуудлаар таныг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?
-Шалгах асуудлаар надад мэдэгдсэн юм алга. Шаардлагатай бол шалгуулахад бэлэн байна. Би Монголбанкинд 20-иод жил ажилласан. Сүүлийн зургаан жил Монголбанкны хоёр Ерөнхийлөгчийн дэргэд ажилласан. Одоо байгаа хуулиар бол ерөнхийлөгч шийдвэрээ гаргаад, бодлогоо хэрэгжүүлээд явдаг. Тэрхүү бодлого нь зөв буруу эсэхийг гурван чиглэлээр шүүдэг юм шиг харагдаж байна. Нэгдүгээрт, ард түмэн сонгуулиар шүүдэг. Хоёрдугаарт, урт хугацаандаа үр дүн нь харагддаг. Хуулийн хүрээнд ажилласан эсэхийг хууль хүчнийхэн тогтооно биз. Тэгэхээр энэ удаад хуулийн байгууллага ажлаа хийж байгаа юм байна гэж би харж байна.
-Яг ямар асуудлаар Монголбанкийг буруутгаад байна вэ?
-“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Сайн” нэртэй хөтөлбөрүүд мөн Засгийн газартай хамтарч хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд дээр энэ асуудал яригдаж байгаа. Энэ удаагийн УИХ-аар ажлын хэсэг байгуулагдаад шалгаж, дүгнэлтээ гаргасан. Дүгнэлтийг улстөрч, эдийн засагчид дэлгэрэнгүй ярилцсан.
– Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгахтай холбоотой УИХ-ын тогтоол батлагдсанаас хойш АТГ болон бусад хуулийн байгууллагаас таниас албан ёсоор байцаалт аваагүй гэж ойлгож болох уу?
– Аваагүй.
– Мөнгө хэвлэсэн шийдвэр зөв, буруу байсан эсэх талаар та ямар бодолтой явдаг вэ?
– Мөнгө хэвлэх гэдэг нь өөрөө улс төрийн хэллэг. Монгол банк өөрөө эргэлтэд байгаа хөрөнгийнхөө 10-20 хувийг хэрэглэж фондод барьж байдаг. Хэвлэж гаргах нь мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэж, багасгахтай холбоотой асуудал юм. Тухайн үеийн эдийн засаг савлагаатай байсан. Тиймээс Монголбанк болон бодлогын зөвлөлийн зүгээс мөнгө нийлүүлэлттэй асуудлаар шийдвэр гаргаж хэрэгжүүлээд л явуулж ирсэн. Түүний үр дүн нь өнөөдөр нийгэмд хэрхэн туссан нь харагдаж байгаа байх.
– Үнэ тогтворжуулах хөтөлбөр нь хэр үр дүнгээ өгсөн гэж та харж байгаа вэ?
– Үнэ тогтворжуулах хөтөлбөр нь хоёр талтай байсан. Энэ хөтөлбөрийг Монголбанк Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн. Засгийн газраар дамжин хэрэгжих шатандаа болон эргэж хянах хяналтын шатандаа хүч нь суларсан, байгаа оноогүй зүйл байгааг үгүйсгэхгүй. Тухайн үед би тэргүүн дэд ерөнхийлөгч хийж байсан. Банкуудад хийх хяналт шалгалтын ажил болон Монголбанкны төлбөр тооцоо, мэдээлэл технологийн албаны ажлаа хариуцдаг байсан.
– Хөтөлбөр хэрэгжих явцдаа их хэмжээний мөнгө үр ашиггүй зарцуулагдсан юм уу?
– Үүнийг шалгах ажлын хэсэг гараад шалгалт хийгээд үр дүнгийнх нь талаар маш дэлгэрэнгүй ярьсан.