ОХУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем Курилын арлуудад байршуулахаар төлөвлөж буй тухай ‘Известия’ сонинд мэдээлжээ. Япон улс үүнийг Москва, Токиогийн хоорондох олон жил үргэлжилж буй газар нутгийн маргааныг дэвэргэсэн алхам болж магадгүй гэж үзэж байна.
‘Известия’ сонинд мэдээлснээр ОХУ “Бал” болон “Бастион” хэмээх пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системүүдийг ирэх оны эхээр Курилын хоёр арал дээр байршуулахаар зэхэж байгаа юм байна.
Номхон далай дахь үргэлжилсэн олон жижиг арлын дөрөв нь буюу Курилын арлууд ОХУ-ын мэдэлд байдаг ч Япон өөрийн улсын нутаг дэвсгэр Хоккайдо арлын үргэлжлэл гэж үздэг.
Өнгөрсөн жил ОХУ маргаантай хоёр арал дээр пуужингийн довтолгооноос хамгаалах систем суурилуулсныг Япон эсэргүүцсэн билээ.
Курилын арлуудыг дэлхийн хоёрдугаар дайны сүүлчээр Зөвлөлтийн цэргүүд эзлэн авснаас хойш ОХУ-ын мэдэлд очсон. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ОХУ, Япон хоёр улс энхийн хэлэлцээр байгуулахад газар нутгийн маргаан саад болсон бөгөөд одоо хүртэл шийдэгдээгүй энэ асуудал хоёр орны хамгийн эмзэг сэдэв юм.