Шинэ нэр: Адуучин залуу Алтангэрэл

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Шинэ нэр: Адуучин залуу Алтангэрэл

Монголжуу төрх, зангирсан булчин шөрмөстэй, гүндүүгүй адуучин залуугийн дүрээр олонд танигдсан Г.Анандтай ярилцлаа. Тэрбээр өнгөрөгч сард нээлтээ хийсэн “Single ladies” уран сайхны кинонд адуучин залуу Алтангэрэлийн дүрийг бүтээсэн юм. Г.Ананд усанд сэлэлт, сагсан бөмбөг, бодибилдингийн спортоор хичээллэдэг. Санхүү, эдийн засгийн их сургуульд сурч, нягтлан бодогч мэргэжил эзэмшжээ. Мэргэжлийн жүжигчин биш хэдий ч анхны дэлгэцийн бүтээлдээ тун амжилттай тоглосон түүнийг NEWS агентлагийн ‘ШИНЭ НЭР’ булангийн зочноор урилаа. 

Г.Ананд

ГАНБАТЫН АНАНД

1994.05.11-нд төрсөн

Төгссөн сургууль: 

Монгол Улсын их сургуулийн харьяа “Байгаль эх” лицей сургууль / 2011 он / 

Санхүү эдийн засгийн их сургууль

Мэргэжил:  Нягтлан бодогч 

Одоо эрхэлж буй ажил: Хувиараа бизнес эрхэлдэг

Сошиал хуудас:  Anand Ganbat 


КИНО УРЛАГИЙН ХУВЬД ТАНЫ АНХНЫ БҮТЭЭЛ “SINGLE LADIES” КИНО ЮУ?

-Би өмнө нь кинонд тоглож байгаагүй. “Single ladies” уран сайхны киноны гуравдугаар анги анхны маань кино. Энэ кинонд гэнэтийн тохиолдлоор тоглосон. Нэг өглөө сэрээд фэйсбүүк чатаа хартал жүжигчин Г.Ундармаа эгчээс уулзаж, ярилцах ажил байгаа талаар санал ирсэн байсан. Өмнө нь би “Single ladies” киноны ерөнхий найруулагч Б.Жавхлантөгс ахтай клипэн дээр хамтарч ажиллаж байсан юм. Найруулагч ах ерөнхий продюсер Г.Ундармаа эгчид намайг санал болгосон юм билээ. Хэдийгээр би жүжигчин мэргэжилтэй биш ч кино урлагт их сонирхолтой болохоор тэдний саналыг дуртай хүлээж авсан. Уран бүтээлч ах, эгч нар надад том боломж олгосонд баярлаж явдаг.

ТА УРЛАГТ Ч, СПОРТОД Ч АВЬЯАСТАЙ ЮМ. ФИТНЕССЭЭР ОЛОН ЖИЛ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА УУ?

-Багаасаа хуучны болон дэлхийн шилдэг дэлгэцийн бүтээлээс түүвэрлэж үзэх дуртай байсан. Ингэхдээ киног яаж бүтээсэн, нэг кино хийхэд хэр их хөрөнгө зарцуулсан, хэдий хэмжээний ашиг олсон, жүжигчид нь дүрээ яаж бүтээсэн талаар нь судлах дуртай. Харин спорт бол миний хувьд салшгүй, чухал хэсэг л дээ. Спортын хэд хэдэн төрлөөр хичээллэж байсан. Фитнесс бодибилдингээр гэхэд бараг сүүлийн таван жил хичээллэж байна. Энэ спортоороо улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Гэхдээ том амжилт үзүүлээгүй ээ. Спортыг амжилт гэж харахаас гадна эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн нэг чухал зүйл гэж хардаг.

Арван жилд сурдаг байхдаа усан спортоор хичээллэж, улсын чанартай тэмцээнээс медаль хүртэж, түүндээ их урамшдаг байлаа. Дараа нь сагсан бөмбөгийн спортоор хичээллэж, өсвөр үе болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд багаараа амжилттай оролцож байсан. Ерөнхийдөө спорт бол миний суурь хүмүүжил гэж ойлгож болно. Тэр дундаа сагсан бөмбөг хувь хүний хүмүүжилд маань их нөлөөлсөн. Үргэлж “Сайн тамирчин болно” гэж мөрөөдөж, Kоби Брайнтыг шүтэж өссөн дөө. Тийм учраас би хүүхдийг багаас нь спортод ойр өсгөөсэй гэж боддог юм.

САНХҮҮГИЙН ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХЭД ЮУ НӨЛӨӨЛСӨН БЭ?

-Хүүхэд байхын л амжилттай яваа жүжигчин, тамирчин эсвэл бизнесменүүдийн намтар, түүхийг сонирхож, уншдаг байсан. Өөрийгөө хөгжүүлье, тусгаж аваад, суралцъя гэдэг байдлаар. Ирээдүйд өөрийн гэсэн бизнестэй, амжилттай энтрепренер болоход санхүүгийн мэдлэг мэдээж чухал. Тийм болохоор гэрийнхэнтэйгээ зөвлөөд, санхүүгийн чиглэлээр сургуульд сурсан.

НАЙЗ БҮСГҮЙТЭЙ ЮУ?

-Одоогоор найз бүсгүй байхгүй ээ.

СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ЭМЭГТЭЙЛЭГ ХУВЦАСЛАЖ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖИЛЖ БАЙГАА. ӨӨРИЙН ЧИНЬ ТОГЛОСОН АДУУЧИН ЗАЛУУГИЙН ДҮР ХҮМҮҮСТ ИХ ХҮРСЭН ЮМ ШИГ САНАГДСАН. ЯЛАНГУЯА БҮСГҮЙЧҮҮДЭД ТААЛАГДСАН. ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮН ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ? 

-Би ямар нэгэн илүү дутуу зангүй хүнийг л сайн эр хүн гэж боддог. Бусдыг ямар ч явсан бай зангаа хувиргадаггүй, эрүүл, согтуудаа нэг зангаараа, зүгээр суулгүй зүтгэж, хөдөлмөрлөж яваа эр хүн бол жинхэнэ эр хүн. Би өөрөө ч тийм байхыг хичээж явдаг. Тэр тусмаа монгол эр хүн үүх түүхээ сайн мэддэг, үндэсний хувцсаа өмсчихдөг, монгол ахуйтайгаа ойр байгаасай гэж хүсдэг. Орчин цагт амьдралдаа нэг ч удаа хөдөө явж үзээгүй залуус олон болсон юм шиг санагддаг. Эрчүүдийн хувьцаслалтын тухайд гэвэл хүний л хэв маяг, стиль шүү дээ. Загварлаг хувцас, цаг үеэ дагах зэрэг бол их хотын соёл гэж би бодож байна. Учиргүй ёс бус, садар самуун зүйл сурталчлаагүй л бол хүн юу өмсөх нь өөрийнх нь л сонголт.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ТА ЯАЖ ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Өөрийгөө хөгжүүлэх гэж л хичээнэ дээ. Арван жилдээ нэг баг болж, сагс тоголдог байсан найзуудаараа нэгдэж, шинэ баг бүрдүүлж байгаа. Сүүлийн үед сагсны бэлтгэл их хийж байна. Амралтын өдрүүдээр агаар салхинд гарах дуртай.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Сурах төлөвлөгөөтэй байгаа. Гадагшаа явж, сурна даа.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ ЮУ ВЭ?

-Өмнөө тавьсан зорилго олон байна аа. Ээж, аав маань намайг хараад “За одоо л миний хүү алзахгүй, сайн сайхан амьдрах нь дээ” гэж бодож тайвшрах хүртэл нь зүтгэж, зөв амьдрахсан л гэж боддог.

ТА ҮЕИЙНХЭЭ ЗАЛУУСТ ЯМАР НЭГЭН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХГҮЙ ЮУ? ЭНЭ МАНАЙ УЛАМЖЛАЛТ АСУУЛТ ЮМ.

-Зөвлөгөө гэхээсээ илүү үе тэнгийнхээ залуусыг өөрийгөө үргэлж хөгжүүлж байгаарай, өөртөө цаг гаргаж байгаарай гэж уриалмаар санагдаж байна.  Мэдээж манайд үеийнхнээ манлайлж, бидний үлгэр дууриал болж байгаа маш олон залуучууд байгаа. Ямар ч салбарын, хэн ч бай тийм залуусаасаа эрч хүч, санаа, урам авч, өөрийгөө улам зоригжуулах хэрэгтэй. Хүн бүхэн өөрийгөө хөгжүүлж чадвал бүх зүйл сайхан болно. Ялангуяа залуучууд бид амьдралд маш өөрөөр, өөдрөгөөр хандах ёстой гэж бодож явдаг даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж