Утаа, униартай холбоотой асуудал нийслэлийн оршин суугчдын дургүйцлийг байнга төрүүлдэг. Харин сүүлийн үед Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын уурыг бүр их хүргэх болж. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс” гэгчийг тогтоож, түүнд орших айлуудыг боловсруулсан түлшээр хангах төслийн ажлыг хийж эхэлсэн билээ. Харин өнгөрсөн долоо хоногт Д.Зоригт, Л.Гансүх нарын сайдууд хотын удирдлагуудтай хуралдаж, ажлын явцын талаарх тайланг нь сонссон юм. Гэтэл гэрээ хийж, үүрэг хүлээсэн компаниуд түлшээ бүрэн нийлүүлээгүй. Мөн утаагүй түлшээр ажиллах зуухны худалдаа муу байгаа зэрэг бөөн асуудал гараад ирж. Энэ бүхэнд ундууцсан Д.Зоригт сайд урагшгүй албатуудаа зад загнаж, өөдөөс нь том дуугарсан зарим нэгэнтэй нь телевизийн камерын өмнө “Чи, би”-дээ тулан хэрэлдэж орхив. Төрийн сайд хүн олон нийтийн өмнө ингэж “бүдүүлэгтэнэ” гэж байх уу. Хөөрхий, нөгөөдүүл нь унхиагүй ноёны урагшгүй албатууд юм биш үү. Үгүй, бас ингэж хэлж болохгүй байх. Тэр ажлаа л хийсэн. Шатахууны үнэ өссөнөөс болж “Зоригт” гэдэг нэр хүн бүрийн амны уншлага болчихоод байгаа энэ үед нэрмээс болж, даалгасан ажлыг нь хийхгүй байж цор, цор гээд байгаа нөхдүүдийг Д.Зоригт сайд харин ч бүр болгож тавилаа. Тэрбээр өөрийг нь огцруулах асуудлыг УИХ-аар ид хэлэлцэж байх үед телевизийнхний асуулт, камер хоёроос бултаж, утсаар ярьж байгаа дүр эсгэн олон удаа чимээгүй өнгөрч байсан. Гэхдээ аль юм бүрийг дуугүй өнгөрүүлэх вэ. Тэгээд ч манайханд хэзээ ч зөөлөн зан зохидоггүй юм. Алив, Д.Зоригт сайд аа. Үзүүлээд өг.
"Улс төрийн тойм" сонин