С.Баярцогт сайд аа, Хөгжлийн банкинд онцгой байдал тогтоогооч

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

С.Баярцогт сайд аа, Хөгжлийн банкинд онцгой байдал тогтоогооч

Сангийн сайд аа, уржигдар орой мэдээ үзэв үү. Х.Баттулга сайдын бухимдангуй яриа, банкны захирал бүсгүйн бантсан дүр төрхийг үдшийн мэдээллийн хөтөлбөрөөс олж харав уу. Юу болох нь энэ вэ. Байгуулагдаад гурван сар болж буй Хөгжлийн банк банкрот зарлалаа гэж үү. Хөрөнгө, мөнгөгүй учраас “хөдөлгүүр” нь таг зогсчихлоо гэв үү. Сангийн сайд та энэ тухай мэдэж байсан уу. Аль эсвэл мөнөөх захирал бүсгүй бас л бантаад танаас бүхнийг нууж орхив уу. Ямартай ч С.Баярцогт сайд та үндэсний хөгжлийн онцгой объект болсон Хөгжлийн банкинд онцгой байдал тогтоох цаг болжээ.

С.Баярцогт сайд аа, Хөгжлийн банкны нээлт өнгөрсөн тавдугаар сард болоход ийн хэлж байсныг тань санаж байна. “Тус банк нь хосолмол статустай байна. Нэгдүгээрт, бүтээн байгуулалтын шинж чанар бүхий төслүүдийг санхүүжүүлнэ. Хоёрдугаарт, арилжааны банкны үүрэг гүйцэтгэнэ” гэж. Харин тэр үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуун сэтгэл нь хөөрсөн үү, яасан “Монгол орны дөрвөн зүг, найман зовхист үсрэнгүй хөгжлийг авчрах Хөгжлийн банк нээлтээ хийж байна” хэмээн хэлсэн удаатай. Харамсалтай нь улстөрчид Япон, Өмнөд Солонгосын үсрэнгүй хөгжлийн загвар болсон банкны тогтолцоог хуулбарлах гэсэн биш, томоохон хана хэрэм босгочихлоо. Улс орны хөгжлийн “гал”-д цучил нэмэхийн оронд улстөрчдийн ах, дүүс, танил талыг л ажлын байртай болголоо. Арга ч үгүй биз. “Ар талыг нь Засгийн газар хариуцна” гэсэн албан ёсны “хамгаалалт”-тайгаар тус банкийг байгуулсан юм чинь.

Хөгжлийн банк байгуулагдаад гуравхан сарын нүүр үзэж буй “давжаа” банк гэдэг нь үнэн. Томоохон төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө босгоно гэдэг Л.Болормаа тэргүүтэй банкируудад амаргүй байгаа нь ч бодит нөхцөл байдал. Гэвч тэд хичээсэн бол, бас Хөгжлийн банкны үйл ажиллагааг анхнаас нь ажил хэрэгч удирдсан бол байдал ингэтлээ бишдэхгүй байлаа. Үнэн хэрэгтээ тус банк өнгөрсөн хавар нээлтээ хийснээс хойш огт “хөгжсөнгүй”. Инээдтэй ч гэмээр, бас эмгэнэлтэй ч гэмээр нэгэн жишээг дурьдъя л даа. Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд “Бид зөндөө ажил амжууллаа. Байраа засч төвхнөцгөөсөн. Хүмүүсийг ажилд авсан. Бид бүр оройн найман цаг хүртэл ажилладаг шүү” хэмээсэн байх юм. Тийм ээ, тэд ажиллах ёстой. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийн тодорхой хувийг санхүүжүүлэх үүрэг хүлээж, банкны тэргүүн дэд захирлын албан тушаалд дэвшсэн Л.Болормаа та найм байтугай 80 цаг ч ажиллах учиртай. Хонконгийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжиж эхэлсэн монголчууд үндэснийхээ бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хөрөнгө мөнгийг өөрсдөө босгож чаддагаа олон улсад харуулах ёстой. Учир нь Өмнөд Солонгос, япончууд Монгол тийш гомдлын харц чулуудаж, АНУ, Хятад, Оросын тал Тавантолгойг эзэгнэх хүслээ гүйцэлдүүлсэн учраас Хөгжлийн банк мэтэд анхаарал хандуулахтай манатай байна. 

Угтаа дотоодод 800 тэрбум төгрөгийн бонд арилжаалахыг Засгийн газар тус банкныханд зөвшөөрсөн. Гэтэл Хөгжлийн банкныхан бонд арилжаалж, санхүүжилт бүрдүүлэх нь байтугай “хэтэвч”-ээ ганц ч төгрөгөөр зузаатгаагүй нь Х.Баттулга сайдын хийсэн гэнэтийн шалгалтаар илэрлээ. Товчхондоо, байгуулагдсан цагаасаа хойш нэг ч төгрөгийн хөрөнгө босгож амжаагүй, тэр ч атугай хэзээ хаанаас хэр хэмжээний мөнгө оруулж ирж, түүгээр дэд бүтцийн ямар төслийг эхний ээлжинд санхүүжүүлэхээ ч Хөгжлийн банкныхан мэдэхгүй сууцгаана. Харин “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, шинээр барих 1100 километр төмөр замын ажил хөрөнгө оруулалтгүйгээс саатсан хэвээр байна. Ажлын байраа тохижуулж, ар, өврийн хаалгаар ажилтнуудаа авч дууссан бол Л.Болормаа захирал яг одоо Хөгжлийн банкны үйл ажиллагааг голдиролд нь оруулах цаг болжээ. Харин тэр болтол С.Баярцогт сайд тус банкинд онцгой байдал тогтоосон хэвээр байх юм шүү. ХААН банкныхан саяхан “Хүний хөгжлийн сангийн мөнгийг олгохгүй” гэж пээдэлзсэн. Тус банкныхан Монголын малчдыг малаар нь барьцаалдаг бол Монголын Засгийн газрыг, тэр тусмаа улстөрчдийг сонгуулийн амлалтаар нь барьцаалж эхэлсэн нь тэр. Харин одоо Хөгжлийн банкныхан “Хөрөнгө босгож чадаагүй“ хэмээн хээвнэгхэн хэлж, Монгол Улсыг үндэсний компаниудтай нь, бүтээн байгуулалттай нь барьцаалах боллоо.

С.БАТТУЛГА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж