АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүүхдүүд, ач, зээ нарын талаар дэлхий мэднэ. Британийн Хатан хааны удмынхныг ч андахгүй. Харин Хятадын дарга Ши Жиньпиний хувийн амьдрал, тэр тусмаа охиных нь тухай мэдээлэл хомс байдаг. Дотооддоо ч тэр “нууцлаг гүнж” юм.
Ши Жиньпин, түүний гэргий Пен Лиюань нарын ганц охиныг Ши Минзө гэдэг. Ши Минзө Хятадын даргын удирдагчийн охины хувиар олон нийтийн арга хэмжээнд оролцсон удаа ганц, нэгээс хэтрэхгүй. Дотоодын хэвлэлүүд түүний тухай мэдээлэл нийтэлдэггүй, бас Хятадад цахим орчинд түүний нэрээр хайлт хийх хориотой.
Түүний гэрэл зураг бүхий нийтлэл, материал хэвлэлээр гарсан нь ч ховор. 10 орчим настай үеийн гэр бүлийн зураг, бас таван настайдаа аавынхаа ард дугуйд сундалдан яваа зураг л бий.
Ши Жиньпиний улс төрийн замналаа эхлүүлсэн Ян-ань гэх хөдөөгийн жижиг тосгонд Ши эхнэр, охины хамт 2013 онд зочилсон юм. Эцэг, эхийгээ дагалдан явсан тэр аялал Ши Минзөгийн хувьд эцэг нь Хятадын дарга болсноос хойш анх удаа олон нийтийн өмнө гарсан хэрэг байв. Хятадын Цагаан сараар таарсан Ши Жиньпиний тэрхүү айлчлалын гэрэл зураг дотоодын хэвлэл, блог сайтуудаар хангалттай цацагдсан боловч Ши Минзөгийн зураг огт байгаагүй юм.
Ши Минзө Хятадын нийслэл Бээжин хотод 1992 оны зургадугаар сарын 27-нд төрсөн, 25 настай. Ханжоу хотын Гадаад хэлний сургалттай дунд сургуульд франц хэлний ангид суралцан төгсчээ. Залгуулаад Жөзяны их сургуульд суралцаж, 2010 онд АНУ-ын Харвардын их сургуульд элссэн байна. Тэрбээр нэрээ нууцлан, олны анхаарлыг татахгүйн тулд өөр нэрээр тус сургуульд суралцжээ.
Харвардад тэр сэтгэл судлалаар суралцаж, англи хэлийг төгс эзэмшсэн гэнэ. “Хичээлдээ шамдан суралцаж, олон нийтийн арга хэмжээнээс аль болох зай барьдаг, англи хэлээр аялгагүй цэвэр ярьдаг байсан” гэж ойрын хүрээний найз нар нь ярьсан байдаг. Түүнчлэн 24 цагийн турш харуул, хамгаалалттай байсан гэдэг.
Авлигын хэргээр ял сонссон Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн Бо Силайн хүү Бо Гуагуа Харвардад суралцаж байхдаа Porsche унаж, үнэтэй брэндийн хувцас, хэрэглэл эдэлдэг байсан гэдэг. Түүнээс ялгаатай нь Ши Минзө ихэнх цаг хугацааг зөвхөн сурч, мэдэхэд зарцуулж, аль болох нам гүм байж, олны хараанд өртөхөөс зайлсхийдэг байжээ.
2014 онд Харвардын их сургуулийг төгсөөд Ши 22 настайдаа нутаг буцжээ. Одоо тэр Бээжинд амьдардаг. Хаана, ямар алба хашдаг, гэрлэсэн эсэх гээд түүнтэй холбоотой тодорхой мэдээлэл бараг үгүй.
Сүүлд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр Хятадад айлчилж, Ши Жиньпинтэй уулзсан хүндэтгэлийн зоогийн үеэр Ши, Пен Лиюань нарын ард байсан үсээ ардаа боосон, хар хувцастай залуу бүсгүйг Ши Минзө байсан гэх таамаг сошиал сүлжээнд гарсан юм.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ