Итали, Испанид зээлэх мөнгө Европын холбоонд байхгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Итали, Испанид зээлэх мөнгө Европын холбоонд байхгүй

Евро бүсийн орнуудын удир­дагчид Грект дахин зээл өгснөөр асуудлыг шийдвэрлэж чадсангүй. Одоо тэд Итали, Испанийн эдийн засагт санаа тавих цаг болжээ. Өнгөрсөн долоо хоногт эдгээр орны Засгийн газрын бондын хүү өсч, өр нь нэмэгдсэнээс болж Европын  холбоо, Олон улсын валютын сан­гаас дахин санхүүгийн тусламж үзүүлэх шаардлагатай болж магадгүй хэмээн шинжээчид анхааруулж эхэлжээ. Үүнтэй зэрэгцээд Европын орнуудын хувьцааны ханш сүүлийн нэг жил орчмын хугацаан дахь хамгийн бага түвшинд хүрчээ. Их Британийн “FTSE 100” индекс л гэхэд сүүлийн 11 сард байгаагүй үзүүлэлтээр буурсан байна. Европын холбоо Грект санхүүгийн тусламж дахин үзүүлэх шийдвэр гаргахаас 17 хоногийн өмнөөс эхлэн Итали, Испанийн бондын өртөг өсч эхэлсэн юм. Европын төв банк өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн энэ асуудлыг онцлон авч үзсэн байна.

Бүс нутгийг эдийн засгийн хувьд нэгтгэж чадаж байгаа еврогийн тогтвортой байдлыг хангахын тулд өнөөдрийг хүртэлх хугацаанд Евро­пын холбооноос нэлээд чармайлт гаргасан. Грек, Ирланд, Португальд их хэмжээний зээл олгож, тэдгээр орны эдийн засагт үүссэн дарамтыг Герман тэргүүтэй орны ард  иргэдийн нуруун дээр ачаа болгон үүрүүлсэн билээ. Гэхдээ энэ байдал цаашид хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа юм. Дээрх орнууд зээл авч чадсан боловч түүний араас мөнгөний хэрэгцээ ихтэй орнуудын нэрс дурайж эхэллээ. Европын холбоо бүс нутгийнхаа орнуудад зээл дахин олгох боломжтой эсэх нь тодорхойгүй юм.

Их Британийн “Credit Sights” компанийн Европын өрийн асуудлыг хариуцсан шинжээч Дэвид Уоттс “АНУ-ын эдийн засаг тогторгүй болж байгаа энэ үед Европын удирдагчид бүс нутгийнхаа эдийн засгийн тэнцвэрийг хадгалж үлдэхийн тулд зээл олгохоос арай өөр арга олж байж үр дүнд хүрнэ” хэмээн онцол­жээ. “Evolution Securities” хөрөнгө оруулалтын банкны шинжээч Элиза­бет Эфсет “Итали, Испанийн Засгийн газар тун удахгүй Европын холбооноос зээл авах нь дамжиггүй боллоо” гэсэн байна.

Гэхдээ энэ нь Грек, Ирландынх шиг хялбархан бүтэх асуудал биш. Учир нь Итали, Испанийн эдийн засаг хэтэрхий нүсэр том. Дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь тодорхой хувьтай тэнцэх зээл олгоё гэвэл Европын холбооны бэл бэнчин хүрэх эсэх нь эргэлзээтэй юм. Гэтэл нөгөө талаас энэ бүхнийг ингээд зүгээр орхичихож болохгүй. Барак Обамагийн засаг захиргаа хямралын дараа банкны салбарт нэлээд анхаарал хандуулж, “Банкууд бол дампуурахад хэтэрхий томдох санхүүгийн байгууллага мөн” гэж тодорхойлж байсан билээ. Түүнтэй адилхан Испани, Итали бол эдийн засаг нь дампуурахыг хараад зүгээр орхичихож болохгүй орнууд юм. Нөгөө талаас эдгээр орны өрийн асуудал нь бусадтайгаа харьцуулахад ялгаатай. “Societe Generale”-ын эдийн засагч Сайран Охаган “Итали, Испанийн Засгийн газар бусад орнуудын адил үрэлгэн байдлаа хязгаарлаж, эдийн засгийн шинэчлэл хийх явцад учирч буй хүндрэл, бэрхшээлийг арилгахын тулд хөрөнгөө зохицуулан зарцуулах ёстой” гэж дүгнэжээ. Түүний үгийг дэмжих хүн олон байна.

Европын холбоо бол буяны байгууллага биш. Түүнчэн “Евро” гэх ганцхан үгээр халхавч хийж, бие даан оршин тогтнож буй тусгаар улсын асуудлыг хөрш гүрнүүдэд нь тохох нь төдийлөн оновчтой санаа байж чадахгүй гэдгийг эдийн засагчид санал нэгтэйгээр баталж байна. Европын холбоо гишүүн орнууддаа зээл олгох нь эрсдэлийг нь давхар үүрч буй хэрэг юм. Харин олгосон мөнгийг нь Засгийн газрууд үр дүнтэй зарцуулж чадахгүй бай­гааг Грекийн жишээнээс харж болно. Европын Санхүүгийн тогтвортой байдлыг хангах газар 440 тэрбум еврогийн зээл гаргах эрх мэдэлтэй байгууллага. Харин өнгөрсөн хуга­цаанд Ирландад 17.17 тэрбум евро, Португальд 26 тэрбум евро, Грект дахин зээл олгохын тулд 73 тэрбум евро зарцуулсан. Харин тус газраас зээл хэлбэрээр гаргах боломжтой хөрөнгийн хэмжээ 440 тэрбум евро юм. Одоогийн байдлаар нийт 325 тэрбум евро санд нь хуримтлагдчихаад байгаа. Харин Европын Санхүүгийн тогтвортой байдлыг хангах хорооны удирдагчид ирэх оноос солигдож, оронд нь Европын тогтвортой байдлын газраас шинэ хүн томилох юм. Европын комиссын ерөнхийлөгч Жоз Мануэл Баррасо өнгөрсөн долоо хоногт энэ тухай онцолж, “Итали, Испанийн Засгийн газарт зээл өгөх ямар ч боломжгүй, тогтвортой байдлын сангийн хөрөнгө зээл хэлбэрээр өгөх мөнгөнөөс хэд дахин бага шүү дээ” гэжээ. Хэрэв эдгээр оронд зээл олгохоос өөр аргагүй болбол Евро бүсийн бусад орнуудын эдийн засаг ч гэсэн дампуурах нь ойлгомжтой. Италийн Засгийн газрын өр одоогийн байдлаар 1.6 их наяд евро болчихоод байгаа билээ.

“Citigroup”-ийн ахлах эдийн засагч Уилъям Бютер “Европын төв банк бүс нутгийн орнуудынхаа Засгийн газарт зээл өгөх боломжгүй. Энэ бол хуулиар хязгаарласан зүйл. Үүний үр дүнд Засгийн газруудын өр нэмэгдсээр байх юм. Магадгүй Европын холбоо, Олон улсын валютын сан хамтран зээл өгөж болох ч үүний үр дүнд 2.5 их наяд евро шаардагдана. Харин “Bank of America”-ийн эдийн засагч Лоренс Бүүн “Италийн Засгийн газар эдийн засгийн шинэчлэл хийх үйл явцаа хурдасгаж чадвал асуудлыг шийдвэрлэнэ” гэжээ.

Ямартай ч Европын төв банк эхний ээлжинд Итали, Испанийн Засгийн газрын бондыг худалдан авах бэлтгэл ажилдаа орсон гэх мэдээлэл “Wall Street Journal”-д гарчээ. Гэхдээ үүнийг албаны эх сурвалж батлаагүй байна. Европын төв банк Итали, Испанийн бондыг худалдан авахын тулд 600 тэрбум евро буюу 857 тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай гэдгийг шинжээчид тогтоожээ. Гэхдээ ажиглагчид Испани, Италийн эдийн засагт үүссэн “хар нүх” Грекийн дуулиан дэгдэхээс хоёр жилийн өмнө бий болчихсон байсан гэдгийг онцолж байна. Харин Европын төв банкны дээрх алхам нь эдгээр орны өрийн хямралыг дуусгавар болоход тодорхой хувь нэмэр оруулна гэж дүгнэжээ. Испани, Итали улс эдийн засгийн хэмжээгээрээ Евро бүсэд гурав, дөрөвдүгээрт ордог билээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж