Хятадын “Жорлонгийн хувьсгал”

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Хятадын “Жорлонгийн хувьсгал”

Хятадын “Жорлонгийн хувьсгал”

БНХАУ-ын дарга Си Жиньпин иргэддээ хандаж, жорлонгийн хувьсгалаа үргэлжлүүлэхээр болсноо саяхан зарласан билээ. Энэ нь дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэх, амьдралын чанарыг сайжруулахтай холбоотой гэнэ. Хятадын удирдагчийн хэлж буйгаар “жорлон гэдэг жижиг асуудал бус, соёл иргэншилт хот, тосгодын чухал үзүүлэлт” гэнэ.

Ийнхүү Хятад улс 2015 оноос анх эхлүүлсэн “жорлонгийн хувьсгал”-аа үргэлжлүүлэхээр болж байна. Анх энэхүү хувьсгалыг эхлүүлснээс хойш цэвэр, орчин үеийн, үнэгүй нийтийн 68 мянган жорлонг суурилуулах, тохижуулахад 20 тэрбум буюу гурван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Гэвч тус улсын удирдлагууд дахиад гурван жилийн хөтөлбөр явуулах хэрэгтэй гэж үзэж, 2020 он хүртэл 47 мянган шинэ жорлон барих, 17 мянган хуучин жорлонг тохижуулах зорилт дэвшүүлжээ.

Бие засах газар бол тухайн улсын нүүр царай

Хятадууд тав тухтай, үнэгүй, цэвэр бие засах болсон нь саяхан. 2008 оны Бээжингийн олимпийн өмнөхөн Хятад улсын нийслэл энэ асуудлаар асар том ажил эхлүүлсэн юм. Энэ цагаас эхлэн “жуулчдын бие засах газрын хувьсгал”-ыг эхлүүлсэн гэхэд болно.

Хятадад бараг бүх хувийн байшингууд өөрсдийн гэсэн бие засах газаргүй, хэдэн байшин дундаа нэг бие засах газартай байв. Үүнээс гадна бие засах газрууд 1990-ээд оны дунд үеийг хүртэл эрүүл ахуйн зохих ёсны хэм хэмжээнээс хол байсан бөгөөд шалан дээр гаргасан нүх төдий зүйл байжээ. Бие засах газрын ийм нөхцөлд гэдэсний халдварт өвчин, хорхой шавж, шимэгч их тархдаг байлаа. Тэр ч бүү хэл барууны орнуудаас ирсэн жуулчдын хөтөч тайлбарт Хятадын нийтийн бие засах газрын талаар урьдчилан сануулдаг байлаа.

Харин хятадууд энэ асуудлыг орхигдуулалгүй, асуудалд ажил хэрэгч, үндэслэлтэйгээр хандсаны хүчинд нэлээд өөр болгож чаджээ. 1993 онд тус улсад ариун цэврийн наад захын шаардлага хангасан бие засах газар ердөө 7.5 хувьтай байсан бол 2014 онд энэ тоо 76.1 хувьд хүрчээ. Харин 2020 он гэхэд 85 хувьд хүргэхээр төлөвлөж байна.

Өнөөдөр Хятадын уламжлалт хороолол болох хутунд бараг хүн бүр цэвэрхэн, дулаахан бие засах газарт үнэгүй орох боломжтой. Энд нутгийн иргэдээс гадна дэргэдүүр нь өнгөрсөн хүн бүр бүлээн усаар гараа угааж болохоор болжээ.

Нийтийн бие засах газрын хаалганд заавар, анхааруулга тавьж эхэлжээ

Бие засах газрыг хятадууд зөв, цэвэр нямбай ашиглаж чадахгүй байдал нэлээд газар авчээ. Тиймээс Хятадын засаг захиргаа сургалтын кампанит ажил явуулж, суурин газар бүрт “бие засах соёл”-ын уралдаан хүртэл өрнүүлж байжээ.

Энэ онд 33.5 мянган шинэ бие засах газар байгуулах зорилт тавьжээ

Жуулчдын дэд бүтцийг сайжруулах зорилгоор 2015 оноос авсан “жорлонгийн хувьсгал” ийнхүү дахин гурван жилээр үргэлжлэхээр болж байна. Тус улс энэ онд жуулчдын бүх бүс, жуулчдад зориулсан ресторанууд, аялал жуулчлалын цогцолборуудад 33.5 мянган шинэ бие засах газар барьж, 25 мянган бие засахыг сайжруулах зорилт тавин ажиллажээ. Тус улсын аялал жуулчлалын газрын дарга Ли Циньцаогийн хэлснээр бүх хүн хангалттай тооны, үнэгүй, цэвэр бие засах газраар хангагдсан байх ёстой бөгөөд үүний үр дүнд ч хяналт тавьж ажиллах ёстой гэжээ.

Тус улс зөвхөн эдгээр шинжүүдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, хүүхдүүдтэй эхэд зориулсан, дулааны систем, агааржуулалт бүхий бие засах газар зэрэгт анхаарч ажиллаж байна.

Эх сурвалж: ‘Өглөөнийн сонин’

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж