Хойд Солонгосоос дипломат харилцаагаа таслахыг АНУ уриалав

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосоос дипломат харилцаагаа таслахыг АНУ уриалав

Хойд Солонгосоос дипломат харилцаагаа таслахыг АНУ уриалав

Хойд Солонгос өчигдөр (2017.11.29) тив хоорондын баллистик пуужин туршсантай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп энэ улсаас дипломат харилцаагаа таслахыг дэлхийн улс үндэстнүүдээс уриаллаа.

Трамп мөн Хятадын дарга Си Жиньпинээс  Пхеньянд газрын тос нийлүүлэхээ зогсоохыг уриалсан талаар НҮБ-д суугаа АНУ-ын элчин сайд Никки Хэйли Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдсэн юм.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Никки Хэйли “АНУ сөргөлдөөнийг хүсээгүй.  Гэхдээ дайн дэгдвэл Хойд Солонгосын дэглэм бүрмөсөн нурах болно” хэмээжээ.  Хойд Солонгос есдүгээр сарын 15-нд сүүлд пуужин туршсанаас хойш хоёр сарын дараа тив хоорондын баллистик пуужинг амжилттай туршсан нь дэлхийн улс орнуудыг түгшээсэн.

Лхагва гаригт (2017.11.29) Хойд Солонгосын туршсан цөмийн цэнэгт хошуутай пуужин  дэлхийн агаар мандалд нэвтрэхээс өмнө далайн түвшнээс дээш 4475 км-ийн өндөрт хүрчээ. Энэ нь олон улсын сансрын станц байрлаж буй өндрөөс арав дахин өндөрт гарсан гэсэн үг юм.

Хойд Солонгос шинэ туршсан пуужингийн хүчин чадлын талаар мэдээлэхдээ АНУ-ын аль ч хэсэгт хүрэх боломжтой гэсэн билээ. Хэдийгээр энэ мэдээлэл батлагдаагүй боловч шинжээчид Хойд Солонгос ийм хүчин чадалтай пуужин бүтээх технологитой эсэхэд эргэлзсэн хэвээр байна.

Харин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ пуужингийн туршилт өмнөх туршилтуудыг бодвол ямар ч алдаагүй, тун амжилттай болсон гэдгийг бахархалтайгаар мэдэгдсэн юм.

Энэ онд хэд хэдэн цөмийн пуужин туршсан Хойд Солонгос өчигдөр дахин пуужин хөөргөснийг олон улсын хамтын нийгэмлэг болон НҮБ буруушааж, Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаан зарласан билээ.

НҮБ-д суугаа ОХУ-ын элчин сайд Василий Небензя  Пхеньяныг цөмийн хөтөлбөр болон пуужингийн туршилтуудаа зогсоохыг шаардаж,  мөн Вашингтоноос БНСУ-тай хамтран цэргийн хээрийн сургуулилт явуулах төлөвлөгөөгөө цуцалж, асаж буй гал дээр цучил нэмэхгүй байхыг зөвлөжээ.

Хятад мөн адил Хойд Солонгосын эрх баригчдыг пуужингийн туршилтаа зогсоохыг уриалж, АНУ-БНСУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуулилт явуулах гэж буйг эсэргүүцсэн байна.

Лхагва гаригт Трамп Си Жиньпин рүү утас цохиж, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсооход  боломжтой бүх аргаа  хэрэглэхийг уриалжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж