УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, саналаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Батнасан:
-Бид цаасан дээр ярьсаар байтал цас орж, өвөл эхэлчихлээ. Энэ өвс, тэжээлтэй холбоотой асуудлыг цаг хугацаанд нь батлах байсан. Гэвч 2017 оны төсвийн тодотголыг батлахдаа хугацаа алдсанаас ийм нөхцөл үүслээ. Импортоор оруулж ирж байгаа тэжээлийг гааль, НӨАТ-ын татвараас 15,5 хувиар бууруулж байгаа юм байна. Төр оролцохгүйгээр, чөлөөт зах зээлийн журмаар нь явуулах боломж байсан. Санхүүгээр дэмжиж, гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөөд байдаг гэтэл энэ мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг гэдгийг бодож цаашид цаг алдалгүй цаг үеийн асуудлаа шийдэх ёстой гэсэн саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Цаг агаарын хүчин зүйлээс шалтгаалж, импортоор буудай оруулж ирэх шаардлагатай. Гэхдээ цаашид импортоор оруулж ирэхгүй байх асуудлыг салбарын сайд нь анхааралдаа аваарай. Баруун аймгуудад гурилын квот өгөх асуудлыг салбарын яам оруулж ирэх ёстой. Дотоодын үйлдвэрээ дэмжих нь чухал ч гэсэн алслагдсан аймгийн иргэд өндөр үнээр гурил идэхээр байна. Хэрэв гурилыг импортоор оруулж ирэхгүй бол баруун аймгийн иргэд 6-7 орчим тэрбум төгрөгийн илүү зардал гаргаж, хохирох аюултай байгаа учраас салбарын сайд нь анхаарах ёстой гэв. Үүнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “17 мянган тонн гурил ОХУ-аас импортлох боломжтой гэсэн санал Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд оруулсан ч дотоодын аж ахуй нэгжүүдээ дэмжиж, импортоор гурил оруулж ирэх шаардлагагүй гэдэг шийдвэр гаргасан” гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Ч.Улаан:
-Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан оруулж ирж байгаа хоёр төслийг дэмжиж байна. Ер нь энэ байдалдаа бид анхаарал тавих шаардлагатай байна. Баруун гэлтгүй, зүүн аймгуудад өвс, тэжээлийн бэлтгэл ажил гэх мэт хариуцлага, зохион байгуулалтгүй ажлаас үүдсэн зун нүүрлэсэн гэж бодож байна. Отроор очсон малчид, хүлээж авч байгаа аймгууд энэ асуудлыг шат шатандаа анхаарах шаардлагатай байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна” гэсэн хариулт өгөв.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Хөдөө орон нутаг, хэд хэдэн аймгуудад очоод ирэхэд өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон байна. Өнөөдрийн энэ хэлэлцэж байгаа асуудлыг өнгөрсөн есдүгээр сард оруулж ирсэн ч Засгийн газар огцорсон цаг үетэй таарсан. Хоёр сарын дараа баталж байгаа нь харамсалтай. Малчдын дунд малын өвчин гарч, устгал хийгдэх нь малчдад маш хүнд байдал болдог. Ийм асуудал дээр цаашид анхаарч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярих шаардлагатай байна. Өнгөрсөн жил хэд хэдэн сумдад малын цэцэг өвчин гарч, малын устгал хийгдэж маш олон малчид хотоо харлуулж үлдсэн. Өнөөдрийг хүртэл малчид таван төгрөгөө аваагүй байсаар байна. Энэ мөнгийг хэзээ олгох вэ гэсэн асуултад ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Шүлхий, мялзангийн вакцинууд хийгдээд дуусч байна. Цэцэг өвчний устгалын мөнгө бүх аймаг, орон нутагт шилжүүлсэн. Мал, амьтны генетикийн хуулиудыг УИХ-аар хэлэлцэх шаардлагатай байна. Салбарын яам цаашид малын тоонд бус чанарт анхаарал тавьж ажиллана гэлээ.
УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа санал хураалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 72 хувь нь дэмжиж, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг баталлаа.
Ш.ЧИМЭГ