Сүүлийн үед иргэд автобусанд суух гэж урт дараалал үүсгэх болжээ
“Ээжээ би даараад байна” гэх дуу өглөө бүр III, IV хорооллын Парадоксын автобусны буудал дээр сонсогдоно. Бөхийгөөд харвал хүйтэнд даараад “шүрэн” хамарласан дөрөв орчим насны хүүхэд ээжийнхээ гараас атган зогсоно. Дөхөж очоод хүүгийн ээжээс хэр удаан зогссоныг лавлав. “Хүүгээ тэврээд автобусанд суу гэсэн ч багталгүй үлдчихлээ. Одоогоор 30 гаруй минут зогсож байна” гэв. Энэ дүр зураг Улаанбаатар хотын иргэдийн хувьд энгийн үзэгдэл болоод удаж буй. Жолооч нараас нь асуухаар цаанаас ирсэн хуваарийн дагуу явдаг болохоор бидэнд мэдэх зүйл алга гэсэн ганцхан хариултыг арай ядан амнаасаа унагана. Урин дулаан цагт автобус хүлээж болох ч өвлийн хахир хүйтэнд нэг цаг байтугай 10 минут хүлээнэ гэдэг хэцүү. Баянгол дүүргийн иргэн Ч.Цэцэг “Шар хад-МУБИС, 3,4 дүгээр хороолол” буюу төв зам дагуу зорчдог автобус хамгийн их явдаг ч ихэнхдээ мах ачсан аятай хүн зөрөх зайгүй болтлоо чигжээстэй байдаг.
Өвлийн хахир хүйтэнд нэг цаг байтугай 10 минут автобус хүлээнэ гэдэг хэцүү.
Төв зам дагуу зорчдог автобус хамгийн их явдаг ч ихэнхдээ мах ачсан аятай хүн зөрөх зайгүй болтлоо чигжээстэй байдаг.
Таван гол чиглэлд хоосон автобус очиж, иргэдийг хотын төвд хүргэх зохицуулалтыг хийж байна.
Харин Долоон буудал, Зурагт чиглэлийн автобус хүнгүй шахам хоосон, дээрээс нь ойр ойрхон ирдэг. Иймээс хүн их явдаг төв зам дагуу чиглэлийн автобусныхаа тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол автобус хүлээсээр хоёр чихгүй болох нь” гэв. Буудал дээр зогсож байсан бусад хүмүүс ч автобус оройтож ирснээс ажлаасаа хоцрох, даарах, тэр ч байтугай осгох шахаж байгаагаа хэлж байв. Өвөр дээрээ давхарлаж суух нь холгүй хүнээр дүүрсэн автобус дараа дараагийн буудал дээр очиход хаалга нь гацаж онгойхгүй тохиолдол бишгүйдээ л гардаг. Харин хаалга онгойгоод хүмүүс нь багтаж, шингэхгүй бол жолооч нар хүчтэйхэн нэг тоормослоход эвтэйхэн шиг чигжигдэж, арав гаруй хүн багтах зайтай болчихдог. Уг автобусанд амжиж суухгүй л бол дараагийн автобус хэсэгтээ л ирэхгүй. Энэ мэт асуудлаас болоод иргэд 30 минут, бүр бүтэн цаг автобус хүлээх өрөвдөлтэй дүр зураг энгийн үзэгдэл болжээ.
Уг нь Улаанбаатар хотод өнөөдөр 95 чиглэлд 937 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилдэг. Гэвч 1.3 сая гаруй хүн амтай нийслэлийн иргэдэд үнэндээ хүрэлцэхгүй байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын ихэнх нь 5-10 жил явсан, “тэтгэвэрт” гарсан байдаг. Өдөрт доод тал нь таван автобус эвдэрч, тодорхойгүй хугацаанд зогсдог байна. Ийнхүү эвдрэх тоолонд нь жолооч нар өөрсдөө засаж, үйлчилгээнд явдаг болохоор өдий зэрэгтэй таг эвдрэлгүй явж байгаа нь дээдийн заяа аж. Нийтийн тээврийн паркийг улсаас 2009 онд 400, 2015 онд 70 автобусаар шинэчилсэн. Гэвч үүнээс хойш нэг ч удаа парк шинэчлэл хийгдээгүй аж.
АВТОБУСНЫ ЯВАХ ЦАГИЙГ ОРОЙН 22.30 ХҮРТЭЛ СУНГАВ
Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпаламаас нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх болон хуваарилалтыг хэрхэн зохион байгуулж буй талаар тодруулав. Тэрбээр “Өглөө Саппоро, 10 дугаар хороолол зэрэг Баруун болон Зүүн дөрвөн зам, Кино үйлдвэр гээд зүүн талын дундын буудлуудаас иргэд автобусандаа багтахгүй үлдэх тохиолдол их гарч байгаа. Ялангуяа 7.30-8.30 цагийн хооронд ачаалал эрс нэмэгддэг. Энэ цагуудын ачааллыг багасгахын тулд зарим нэг өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Саппоро, Долоон буудал, 25 дугаар эмийн сан, Гуравдугаар эмнэлэг, Хархорин гэсэн таван гол чиглэлд хоосон автобус очиж, иргэдийг хотын төвд хүргэх зохицуулалтыг хийж байна.
Харин оройн 17.30-21.00 цагийн хооронд нэмэгддэг ачааллыг тулд өдөр явж байгаа автобусны тоог багасгаж, оройн цагаар нэмэгдүүлэхээр зохицуулсан” гэв. Харин хотын төвөөс алслагдсан Эмээлт, Тахилт, Био, Найрамдал, Өлзийт болон Шувуун фабрик чиглэлийн автобуснуудын өглөө явах цагийг өөрчилсөн байна. Тодруулбал, өглөө хөдлөх цагийг 10-20 минут урагшлуулсан бол оройн цагийг хойшлуулж өгчээ. Оройн цагаар тээврийн хэрэгслийн ачаалал нэмэгддэг учраас өнөөдрөөс эхлээд нийслэлд явж буй тээврийн хэрэгслийн үйлчилгээнд явах оройн цагийг 22.30 хүртэл хойшлуулаад байгаа аж. Уг нь нийслэлийн хэмжээнд 21.00 цагийн үед 676 автобус үйлчилгээнд явах цагийн хуваарь гарсан байдаг. Гэвч эдгээр автобус замын түгжрэлээс болоод багагүй хугацаагаар саатдаг гэж нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга хэлсэн юм.
Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин