Зургаан хэлээр гүнзгийрсэн улсдаа ганц сургууль

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Зургаан хэлээр гүнзгийрсэн улсдаа ганц сургууль

Зургаан хэлээр гүнзгийрсэн улсдаа ганц сургууль

Нийслэлийн тэргүүний лаборатори 23-р сургууль нь 1957-1958 онд анхны хичээлийн жилээ 19 бүлэг бүхий 560 гаруй сурагчид, 20 гаруй багштайгаар нээж байжээ. Харин өнөөдөр тус сургууль 3400 сурагч, 160 багш ажилчинтай, 60 жилтэйгээ золгож байна. Мөн 15 гадаад багш тус сургуульд багшилдаг.  Орос, англи, япон, хятад, солонгос, герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар дунд сургууль   Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  2017 оны долдугаар сарын 5-нд  “Алтан гадас” одонгоор шагнуулжээ.

Ингээд 60 жилийн ойтойгоо золгож буй 23 дугаар лаборатори сургуулийн ахлах ангийн сургалтын менежер, зөвлөх багш Ц.Цолмонбаатартай ярилцлаа. Тэрбээр уг сургуульд 11 жил ажиллаж байгаа, туршлагатай багш юм.

-Танайх гадаадын хэлээр гүнзгийрсэн улсын цөөхөн сургуулийн нэг. Тиймээс эцэг, эхчүүд танай сургуульд хүүхдээ сургахыг хүсдэг. Танай сургуульд заавал харъяа дүүргийн хүүхдүүд сурах ёстой юу ?

-Манай сургууль заавал харьяа дүүрэг гэлтгүй, шалгалт авч элсэгчдээ шалгаруулдаг.  Тийм учраас жил бүрийн намар манай сургуулийг зорьж ирэх хүүхдүүд нэмэгдсээр  байгаа. Манай сургуулийн давуу тал нь ерөнхий эрдмийн хичээлүүдээ үзэхийн зэрэгцээ гадаадын зургаан орны хэлийг давхар заадгаараа бусад сургуулиас давуу талтай.  Түүнээс нэг хэлээр төрөлжсөн, нэг төрлөөр дагнасан сургууль  бол  олон байгаа шүү дээ. Сургууль маань үндэсний 41 лаборатори сургуулийн тоонд багтдаг  Тэр ч утгаараа лаборатори сургуулийн хөтөлбөрүүдийг турших, түгээн дэлгэрүүлэх ажлуудыг бас давхар хийж байна.

-Улаанбаатарын сургуулиуд анги дүүргэлт ихтэй байдаг. Танай сургуульд хэр олон хүүхэд нэг ангид суралцаж байна вэ?

-Анги дүүргэлт  бол  олон шүү. Нэг ангид 55-64 хүүхэд суудаг. Хүмүүс ямар олон хүүхэд нэг ангид сурдаг юм бэ гэж гайхаж болох юм. Гэхдээ хүүхдүүдээ сайн шалгаруулж аваад, зөв зохион  байгуулалтад ороод явахаар ямар нэгэн хүндрэл үүсдэггүй. Гадаад хэлийг гүнзгийрүүлэн судалдаг улсдаа ганц сургууль учраас эрэлт хэрэгцээ  их байдаг.

-Танай сургуулийн давуу тал юу вэ?

-Манай сургууль зургаан хэлийг гүнзгийрүүлсэн судалдаг улсын ганц сургууль. Энэ бол манай сургуулийн хамгийн давуу тал.  Мөн манай сургуулийн сурагчид дунд, богино, урт хугацааны хөтөлбөрүүдийн хүрээнд гадаадад сурагч солилцоогоор явдаг. Солонгос, Хятад, Орос, АНУ, Тайван, Япон улсууд руу ихэвчлэн  явж байна. Тухайлбал, Хятад улсад манай дунд ангийн гуч гаруй сурагч  хагас жилээр суралцаж байгаа.  Мөн удахгүй нэг сард БНСУ-руу арав гаруй, Япон улс руу 16 хүүхэд явах гэж байна.

-Зуны улиралд сурагч  солилцоо явагддаг уу?

-Зуны гурван сард  ч мөн адил дээрх орнуудтай сурагч солилцоо хийдэг. Гадаадад орчинд нь  очоод сурсан, сурагч солилцоогоор яваад ирсэн хүүхдүүдийн ярих, бичих чадвар нь илт сайжирсан байдаг. Бид  хичээлийн таван өдөр, өдөрт нэг цагаар л гадаад хэлний хичээлийг заадаг. Яг үнэндээ тавхан цагийн хичээл заалгаад гадаад хэл сурна гэдэг хувь хүнээс нэмэлт хичээл зүтгэл шаарддаг.

-Сургуулийн зүгээс сурагчдадаа ямар шаардлага тавьдаг вэ?

-Сурагчдад тавьдаг шаардлага гэвэл есдүгээр анги төгсөхдөө тухайн хэлийг гуравдугаар төвшнөөс дээгүүр эзэмшсэн байхыг шаарддаг. Эцэг эхчүүд маань ч хүүхдүүддээ энэ төвшинд хүргэх гэж хичээдэг болсон.

-Жаран жилийн ойгоо тэмдэглэх гээд хөл хөдөлгөөн ихтэй байх шиг. Сургуулийн зүгээс 60 жилийн ойн хүрээнд ямар ажлууд  хийхээр төлөвлөж байна вэ?

-Манай сургууль 1957 онд байгуулагдсан. Энэ жил 60 дахь хичээлийн жилтэйгээ золгож байна. 23-р сургууль шилжилт өөрчлөлтийн гурван  цаг үеийг туулж гарсан байдаг. Эхэндээ Монгол сургууль байсан бол 1965  онд Орос сургууль болсон. Харин 1989 оноос гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Сургуулийнхаа 60 жилийн ойн хүрээнд хийсэн, хийхээр төлөвлөсөн олон ажил байна. Жишээлбэл, шилжилт өөрчлөлтийн гурван  үечлэлийг харуулсан сургуулийн түүхэн зургууд болон хийж бүтээсэн ажлуудаа  хүмүүст дэлгэхээр бэлтгэж байна.

 23 дугаар сургууль нь монгол сургууль байхдаа, ямар төвшинд ямар ажлуудыг санаачлан зохион байгуулж байв, харин  орос сургууль болж өөрчлөгдсөний дараа юу хийв, гадаад хэлний  гүнзгийрүүлсэн сургалт руу  шилжин орсноор ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарсныг гэрэл зургаар харуулна.

2007 онд сургуулийн үе үе төгсөгчидтэй албан ёсны уулзалт  зохион байгуулж байсан. Одоо арван жилийн дараа уулзалдах гэж  байна. Өнгөрсөн цаг хугацаанд төгсөгчид  маань хаана ямар ажил хийж байгааг нэгтгэсэн он цагийн хэлхээсийн товчооныг бүрдүүлэхийн тулд долоо хоног бүрийн бямба гарагт уулзалт зохион байгуулж  байна. Энэ бямба гарагт гурав дахь удаагийн уулзалт болох юм.

Манай сургууль “Эрдмийн өргөө  сургууль минь”  нэртэй сүлд дуутай болсон. Дууны үг, аяыг манай сургуулийн төгсөгчид зохиосон. Сургуулийн сүлд  дууг 60 гаруй сурагч дуулна. Дууны клипэд үе үеийн төгсөгчид, ахмад багш нар, сургуулийн удирдлагууд оролцохоор болсон. Хожим хойно үзэхэд дурсамжтай юм даа. Түүнчлэн жаран жилийн түүхийг өгүүлсэн номыг хэвлэлтэд өгөхөд бэлэн болоод байна. Сургуулийнхаа хоёр давхарт музей байгуулахаар болсон. Нар зөв тойрч явахад  манай сургуулийн түүхэн товчоо болон зураг хөрөг, гадаад харилцаа зэрэг  бүгдийг нь харуулахаар  бэлтгэж байна. Сургуулийн маань 60 жилийн ой арванхоёрдугаар сарын 23-ны өдөр болно. Энэ мэтээр олон ажлаар ойгоо угтана даа.

-Тэгвэл ойгоо ямар амжилтаар угтав. Өнгөрсөн зун Алтангадас одонгоор шагнуулсан нь хамгийн том бэлэг болсон байх?

-Нийслэлийн хэмжээнд ЕБС-ийн  140 гаруй  сургууль байдаг. Өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн шилдэг 10 сургуулийг шалгаруулсан. Сурагчдын амжилт, сургуулийн туршлага, брэнд бүтээгдэхүүн, хүүхдийн хөгжлийн талаар хийсэн ажил зэрэг олон шалгуур үзүүлэлтээр топ 10 сургуулийг шалгаруулсан. Манай сургууль нийслэлийн шилдэг арван сургуулийн нэгээр шалгарсандаа баяртай байгаа. Сургуулийн зүгээс боловсролын салбарт үнэлүүлж чадсан хамгийн том үнэлгээ гэж  бодож байна. Мөн өнгөрсөн зун төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонгоор манай сургууль шагнуулсан. “Алтан гадас” одонгоо  сургуулийнхаа гадна энгэрт  залсан.

-Ойн хүрээнд сургуулийнхаа урд хөшөө босгоно гэж байсан. Ямар хөшөө босгох юм бэ?

-Сургуулийн сүлд дуундаа клип хийлгүүлсний дараа, сургуулийнхаа урд  хөшөө босгохоор төлөвлөсөн. Хөшөөний зураг төслөө гаргаад ажилдаа орсон байгаа. Гурван метр өндөртэй маш гоё хөшөө хийнэ. Баруун гартаа алтан түлхүүр, нөгөө гартаа ном барьсан дүрэмт хувцастай охиныг дэлхийн бөмбөрцөг дээр зогсож байгаагаар дүрслээд, дээр нь 23 дугаар сургууль гээд бичсэн байх юм. Хамгийн гол нь суурин дээр нь сүлд дууныхаа үгийг шивнэ. Энэхүү хөшөөний гол утга нь  шавь нар маань эрдэмтэн багш нарынхаа зааж сургасан асар их эрдэм мэдлэгийг  дэлхийн түвшинд түгээн дэлгэрүүлж, Монгол эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө ажиллах хүмүүс 23 дугаар сургуулиас төрж байна гэсэн утгатай.

-Танай сургуулийн улс төр, эдийн засаг, бизнес, нийгэмд алдартай олон хүн төгссөн. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, дуучин Б.Сарантуяа гээд нэрвэл олон хүн байдаг?

-Тэгэлгүй яах вэ. Улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг соёлын салбарт алдартай, хийсэн бүтээснээрээ нэртэй, төртэй олон хүн манай сургуулийг төгссөн байдаг. Тэд бол үе, үеийн сурагчдын бахархал байдаг.  Ардчилалын алтан хараацай С.Зориг манай сургуулийг алтан медальтай төгссөн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Мөнх-Оргил, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан, зууны манлай дуучин Б.Сарантуяа, УИХ-ын гишүүн асан С.Оюун, академич, Х.Намсрай нарыг нэрлэж болно. Үе, үеийн төгсөгчдөдөө ойн баярын мэнд хүргээд, төрөлх сургуулийнхаа 60 жилийн ойд хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг уриалж байна.

Э.Сосорбурам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж