-Наадмын дараах найр наадмын тов дуусаагүй болоод ч тэрүү яам, агентлагуудын удирдлагын баг ерөнхийдөө эзгүй болчихож. Энэ үед хайж, хайж байж таныг оллоо. Бүх сайд, дарга нар амралт, зугаалганд мордсон энэ үед таныг юу хийгээд өрөөндөө суугаад байгааг тань сонирхоё?
-Миний амрах хугацаа арай болоогүй байгаа. Тэгээд ч манай сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёр амарчихсан болохоор би энд үүргээ биелүүлэх хэрэгтэй л дээ.
-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд гэдэг утгаараа танд бусад эмэгтэйчүүдээс илүү чанга, хатуу байх шаардлага гардаг уу?
-Манай салбар өөрөө цэрэгжсэн агентлаг олонтой учраас хатуу чанга байхыг хувь хүнээс шаарддаг нь үнэн. Үнэхээр энэ бүрэлдэхүүний дунд нялцгай зан огт хэрэггүй байдаг. Ядаж л ёслоход нь рапортыг нь авчихдаг байх хэрэгтэй. Хэдийгээр би өөрөө цэргийн цолгүй ч гэсэн Монгол Улсын хаана ч очсон надад ёсолж, рапорт өгдөг. Эхний удаад дасахгүй, цочих үе байсан. Хоёр, гурван жил өнгөрөөд ирэхээр бас дасан зохицоод ирдэг юм байна.
-Таны нэг ярилцлагыг уншихад “Би хангалттай чимээгүй явсан. Одоо улс төрд ил тодоор оролцох цаг болсон” гэх утгатай байсан. Тэр үед таны улс төрийн идэвхтэй оролцоо эрчимжиж эхэлсэн гэж ойлгосон минь зөв үү?
-Тийм ээ, би чинь нас тогтсон эмэгтэй хүн. Хуульч хүнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүн хүртлээ, хамгийн дээд цэгт нь тултал ажилласан. Энэ хугацаанд мэргэжлийнхээ ажлыг л дээд зэргээр хийгээд явахад болно гэж боддог байсан. Тэгтэл олон хүн “Та одоо улс төрд идэвхтэй оролцох цаг болсон юм биш үү” гэдэг санал тавиад ирэхтэй зэрэгцээд яалт ч үгүй бодох хэрэгтэй болсон.
Тэгээд энэ талаар бодож байхдаа эрдмийн ажил хийгээд чимээгүй явах олон нийтийн эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болох хоёрын хооронд асар их зөрүү байгааг олж харсан. Ямар ч хүнд бусдын эрх ашгийн төлөө, тэдний санаа бодлыг биелүүлэхийн төлөө явна гэдэг бол том шагнал. Ингэж бодоод намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагад хоёрдугаар эгнээнд явж байснаа урагшилж, нэгдүгээр эгнээ рүү шилжих шийдвэрийг гаргасан. Нэг ёсны Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахтай зэрэгцээд л улс төрд нэлээд бодолтой, ухаалаг, хүчтэй оролцох бодол төрж эхэлсэн.
-Та Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн байх аа?
-Би 20-иод жил энэ байгууллагад ажилласан. Үндэсний хэмжээний томоохон байгууллага болоход нь өөрийн хувь нэмрийг оруулсан гэж боддог.
-Тэгвэл хоёрдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээнд шилжсэн В.Удвал гэдэг улстөрчид хэр их өөрчлөлт гарсан бэ?
-Би өнгөрсөн хугацаанд мэргэжлийнхээ ажлыг хийж байхдаа хамгийн сайн ажилтан, хуульч байхын төлөө чадах чинээгээрээ хичээж ирсэн. Тэр бүх хичээл зүтгэл минь хэвээрээ байгаа. Магадгүй улам их эрч хүчтэй болсон байж мэднэ. Яах вэ, улс төрд орохоор олны танил болдог. Тэр хэрээр өөрийгөө бусдад хэрэгтэйг мэдэрч, олон нийт ч намайг өөртөө хэрэгтэй гэдгийг мэдэрдэгийг би илүү их анзаардаг, мэддэг болсон байх шүү. Түүнчлэн хоёр дахь мэргэжил минь улс төр судлаач учраас улс төрийг зөвхөн сонирхдог бус мэргэжлийн үүднээс нь ийм байх ёстой гэдэг тодорхой ойлголттой, түүндээ хүрч ажиллахыг хүсч байна.
-Өнөөдөр Монголын улс төр яг өнгөрсөн цаг хугацаанд түүх болж үлдсэн тэр гаргалгаанд тулгуурлаж байгаа нь нууц биш. Энд ямар ч хөгжил, дэвшил, соёл байхгүй гэхэд болно. Гэхдээ энэ нь нэг талдаа “Улс төр хөгжинө гэж юу байх вэ” гэсэн хариулт руу тулгах нь бий. Таны хувьд тэгвэл улс төрийг хөгжих ёстой гэж боддог уу?
-Мэргэжлийн улс төр судлаачийн хувьд улс төрд хөгжил зайлшгүй хэрэгтэй гэж хэлье. Зарим хүний яриаг сонсоод байхад улс төрийн хөгжлийг “амбицтай” нэгтгэж үзээд байх шиг санагддаг. Энэ ч утгаараа намайг “Амбиц багатай” гэж шүүмжилдэг хүмүүс бий. Уг нь амбиц гэдэг бол буруу хүсэл тэмүүлэл. Яг соёлтой, ёс суртахуунтай улс төрийн хувьд тухайн нийгэмд мөрдөгдөж байгаа хуулийн хэм хэмжээнд захирагдаж, хүний төлөө, хүнд нөмөр нөөлөгтэй л байх ёстой. Тийм болохоор бүх зүйлийг мөнгөний хэмжүүрээр авч үзээд байвал улс төрд хөгжлийн тухай ярих боломжгүй нь ойлгомжтой.
-Одоогийн улс төрийн талаарх таны дүгнэлт?
-Өнцөг буруутай улс төр л гэж бодож байна. Бүх зүйлийг мөнгөөр хэмжинэ гэдэг бол байж боломгүй зүйл. Энэ нь нийгмийг бүхэлд нь буруу болгоод байгааг бид нар анзаарч, засах ёстой шүү дээ.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд гэхэд өөрийн тань хэлснээр Монголын буруу тийшээгээ яваад байгаа улс төрийг засах шаардлагатай гэж үзэж байгаа. Гэтэл таны харьяалагддаг Ардын нам болохоор “Үгүй, гүтгэлэг” гэдэг тайлбар өгдөг. Эндээс та аль дүгнэлтийг нь зөвд тооцох вэ?
-Бид бүгдээрээ өрсөлдөөн дунд явж байгаа. Тэр өрсөлдөөний дүнд ямар ч аргаар хамаагүй ялахын тулд нийгэмд сөрөг үр дагавар авчрах бий гэдгээс би болгоомжилдог. Дэлхийн өндөр хөгжилтэй улсад улстөрчид юун дээр улс төр хийх вэ гэдэг нь их тодорхой байдаг. Манайд болохоор асар ойлгомжгүй. Тэд хуулиа бариад мэтгэлцдэг. Хууль нь яг хариултыг нь хэлж өгдөг. Би хувьдаа нам хууль дагахгүй байна гэдгийг буруу гэж үздэг. Улс төрийн нам яалт ч үгүй тухайн нийгмийг урагш нь хөдөлгөх тархи. Тэр тархи хууль дагахгүй тохиолдолд нийгэмд ямар ч сөрөг үр дагавар учруулж болно.
-Энэ хариултаас үүдээд “Тэгвэл Ардын нам ямар хууль дагаад байгаа юм бэ” гэдэг асуултыг танд зайлшгүй тавих шаардлагатай болж байна. Яагаад гэхээр улсын Дээд шүүх “Ардын намд МАХН нэрийг өмчлөх эрх байхгүй” гэж үзсэн байхад Сүхбаатар дүүргийн шүүх “МАХН гэдэг нэр Ардын намын өмч” гэдэг шийдвэр гаргасан. Ардын намд Сүхбаатар дүүргийн шийдвэр ашигтай байх нь ойлгомжтой шүү дээ?
-Би яг одоо намын Удирдах зөвлөл ямар байр суурьтай байгааг мэдэхгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын хувьд хэлэхэд хуулийн дагуу явж байгаа асуудлуудыг улстөржүүлж болохгүй гэж хэлэх байна. Тэгээд ч хувь хүн яаж ч улс төр хийж болно. Түүнд нь хөтлөгдөж болохгүй байхгүй юу.
-Шалтгаан нь юу вэ?
-Хувь хүний хийж байгаа улс төрд хөтлөгдөөд эхэлбэл өөрсдийнхөө байр суурийг л ганхуулна гэсэн үг л дээ.
-Та “Улсын Дээд шүүхийн шийдвэр зөв үү”, “Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр зөв үү” гэдэгт тодорхой хариулт өгөхгүй юү?
-Шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд би оролцож, дүгнэлт өгөх нь учир дутагдалтай зүйл. Нэгэнт Дээд шүүх тайлбараа гаргасан бол тэр нь нийгэмд хүчин төгөлдөр байх ёстой. Тухайн шийдвэрт гомдол гаргах нь харин өөр хэрэг.
-Тэгэхээр энэ маргаанд эцсийн зогсоолын цэг байхгүй гэсэн үг үү?
-Хуулийн дагуу шийдэж байгаа асуудалд эцсийн зогсоол байх ёстой. Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй байгууллага шүүх эрх мэдлийнхээ хүрээнд хуулийн дагуу л шийдвэр гаргах ёстой.
-Та “Бусдын хийж буй улс төрд хөтлөгдөх нь эргээд өөрсдөд нь халтай” гэж дээр хэлсэн. Энэ үгийг “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхлүүлсэн улс төрд Ардын нам хэт их хөтлөгдөх хэрэггүй” гэдгээр ойлгож болох уу?
-Энэ нь цаанаа бас их сөрөг үр дагавартай хэрэг л дээ. Монгол ардын хувьсгал нам гэдэг нэр олон нийтийн сэтгэлд яалт ч үгүй хоногшсон нэр. Сонгууль боллоо гэхэд сонгогчдод мэдээж хоногшсон нэр чихэнд нь илүү наалдаж өгөх нь ойлгомжтой. Тэгэхээр үр дагавар нь хүнд үү гэвэл хүнд. Их хүнд ч гэж хэлж болно. Ийм ч учраас “Монгол ардын нам бол Монгол ардын хувьсгалт намын эхлэл бөгөөд үргэлжлэл” гэж албан ёсоор илэрхийлсээр байхад Дээд шүүх намыг нь бүртгэж авна гэдэг бол асар их сөрөг үр дагавар дагуулж мэдэх юм. Зөвхөн намд бус шүү. Би нийгэмд учрах үр дагавар талаас нь авч үзэхэд тэр л дээ.
-Таны хувьд “МАХН гэдэг нэр Ардын намын өмч” гэдэгт итгэлтэй байгаа байх нь ээ?
-Тийм ээ. Би энэ шийдвэрийг гаргаж байх үед Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн байсан. Бид хамтдаа ярилцаж байгаад энэ шийдвэрийг гаргасан.
-Уул уурхай, санхүү мөнгөний сэдэв олны анхаарлыг татахтай зэрэгцээд энэ чиглэлийн яам руу иргэд бүхий л анхаарлаа хандуулж байна. Гэтэл бидний амь нас, аюулгүй байдалтай холбоотой гол асуудлыг танай яам хариуцаж байгаа. Энэ утгаараа олны анхаарал илүүтэйгээр танайх руу чиглэх ёстой байж болох юм?
-Тийм ээ. Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хууль, шүүх, цагдаа, прокурор гээд бүхий л талаас нь хамгаалах үүрэгтэй болохоор манай яам яалт ч үгүй чухал. Салбар нь өөрөө мөнгө, санхүү шийддэггүй учраас иргэд тэр бүр анхаардаггүй байж магадгүй. Гэхдээ манай салбарын шинэчлэл эргээд нийгмийн шинэчлэлтэй зайлшгүй уялддаг учраас яалт ч үгүй улс орныхоо хөгжилд онцгой хувь нэмэртэй гэдэгт бид итгэдэг. Манай сайд Ц.Нямдоржийн тухайд ч гэсэн Монголын улс төрд, хуулийн салбарт хүчтэй, нөлөөтэй, итгэлтэй зүй ёсны түшиг тулгуур мөн үү гэвэл тийм. Зөвхөн таньдаг, мэддэг бид ч бус ард нийт ч гэсэн “Ц.Нямдорж энэ салбарыг удирдаж байгаа цагт бас ч гэж арай ч нэг ийм муу юм болохгүй дээ” гэж ярилцдаг. Миний хувьд ч гэсэн энэ салбарыгаа аливаа эрсдэлд оруулахгүй, хийж буй ажил маань нийтийн эрх ашгийн төлөө чиглэдэг байх ёстой гэдэгт итгэдэг.
-Таны хувьд Ц.Нямдорж сайдын талаар ямар бодолтой байдаг вэ. Зарим хүнд “Би бол төр. Би бол хууль” гэсэн хувь хүнийх нь характер огт таалагддаггүй шүү дээ. Ядаж л Ц.Нямдорж гэдэг хүний хүчийг задлах, өөр шинэ улстөрчөөр солих хүсэл, сонирхол олон хүнд байдаг. Тэдний энэ хүслийг та буруутгахгүй биз дээ?
-Ц.Нямдорж сайдын хувьд үнэхээр туршлага, хууль зүйн асуудлыг шийдвэрлэх чадварын хувьд мундаг хүн. Хүчирхэг лидер гэж хэлж болно. Гэхдээ би өөрөө хувь улстөрчийнхөө хувьд зөвхөн Ц.Нямдорж сайдын үгээр, саналаар явдаггүй. Тийм шаардлага ч надад байхгүй. Яагаад гэхээр би ч гэсэн улстөрч. Адилхан хуульч. Адилхан нэг нутаг.
-Нэг нутаг байх нь давуу тал уу. Аль эсвэл сул тал уу?
-Ний нуугүй хэлэхэд миний хувьд сул тал болчихоод байна. Би УИХ-ын сонгуулиар Увс аймагт нэр дэвшмээр байдаг. Гэтэл сайдтайгаа зэрэгцээд яваад байх нь хэр зохистой байх вэ гэдэг чинь асуудал биз дээ. Хуульчийнх нь хувьд би үнэхээр хүлээн зөвшөөрдөг. Тэр хүний чадварыг ашиглах хэрэгтэй гэж боддог. Тэр утгаараа улс төрд байх ёстой гэж үздэг. Хүмүүсийн зүгээс архайгаад, дархайгаад хаашаа ч хөдлөхгүй байж л байх юм гэх яриа гардаг. Тэгтэл энэ хүнийг хөдөлгөлөө гээд цаана нь гарч ирэх өөр ямар хүн байгаа юм бэ гээд бодоод үзэхээр хариулт олддоггүй л байхгүй юу. Энэ бол бодох асуудал. Үнэхээр Монголын төрд хэрэгтэй хүн. Даанч хувь заяа биднийг их хүнд сорилтын дунд байлгаж байна л гэж хэлмээр байна.
-УИХ-ын 2012 оны сонгуульд та нэр дэвшихээр боллоо гэхэд яах вэ. Ёстой Ц.Нямдорж сайдтай “хөтлөлцөөд” “Би сайд нь, би дэд сайд нь байсан. Бид хоёрын гар их сайн нийлдэг” гэж бие, биеэ сурталчилж, Увсад хамтдаа нэр дэвших хэрэг үү?
-Миний хувьд ганц бэрхшээлтэй зүйл маань л энэ. Өнгөрсөн 2008 онд би Увсад нэр дэвшинэ гэж их ажилласан. Тэндээс ч их дэмжлэгтэй байсан. Тэгээд гурваар гараад иртэл мөнгө гэдэг зүйлд ялагдсан. Хаяагүй л мөнгөний үнэ цэнэ гэдэг хүчтэй байдгийг тэндээс харсан. Ялаад гараад ирсэн ч гэсэн намайг мөнгөгүй учраас харин ч үзэн ядах байсан байж магадгүй л юм. Гэхдээ тухайн тохиолдолд би нэр дэвшсэн бол гарах байсан. Яагаад гэхээр бусад бүх нэр дэвшигчид Увсад ажиллаж байгаагүй. Би сургууль төгсөөд Увсад 8-9 жил аймгийн АДХГЗ, намын хороонд ажиллаж танигдсан, бас аав маань сум нэгдлийн даргаар олон суманд ажилласан хүн. Аавыгаа яриад явахад л хүмүүс намайг таниад ирж байсан.
-Өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгууль ч тэгээд дуусч. Харин УИХ-ын 2012 оны сонгуульд танд бодсон зүйл байгаа юу?
-Өрсөлдөнө л гэж бодож байгаа.
-Товлосон тойрог бий юу?
-Харин хаана өрсөлдөх вэ гэдэг л намын асуудал байх даа.
-Таны насны олон хүчирхэг эмэгтэйчүүд байгаа. Тэдэн дундаас Б.Дэлгэрмаа, Т.Ганди, Д.Оюунхорол гэх мэт цөөхөн эмэгтэйг монголчууд сайн мэднэ. Та өөрийгөө тэдэнтэй дүйцэж очихуйцаар олны танил болсон гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Тийм ээ, тэднийг танихгүй хүн байхгүй нь үнэн. Би Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Удирдлагын академид багшилж байсан болохоор Монгол Улсын хаана ч очсон миний шавь нар бий. Сүүлийн гурван жилд би бүх аймгуудаар явсан байна. Тийм болохоор намын хувьд ч, олон нийтийн ажлаараа ч, дэд сайдын албаараа ч олонд танигдсан гэдэгтээ итгэлтэй байгаа. Зүгээр элдэв аргаар улс төр хийдэггүй болохоор минь зарим хүний зүгээс “Өөрийг тань танихгүй дээ” гэсэн үг гарч болох юм.
-Тэгэхээр өөрт тань “Шинэ хүн” гэдэг тодорхойлолт огтхон ч нийцэхгүй гэж үү?
-Заавал УИХ-д сууснаар нь л хүнийг улстөрч гэж дүгнэдэг юм бол тэгж хэлж болно байх. Гэхдээ хүний биологийн нас, нийгэмд идэвхитэй үйл ажиллагаа явуулах нас хоёр өөр байдаг. Манай парламентад л нас залуу байгаа болохоос бус дэлхийн хүчирхэг улс оронд парламентчдын нас тийм ч залуу байдаггүй. Иймд би өөрийгөө насны хувьд сонгогдох боломжгүй гэж бодохгүй байна.
-Танай нам болон Ардчилсан намын эмэгтэйчүүд хамтдаа “30 хувийн төлөө” гэсэн зорилготой байгаа нь нууц биш. УИХ-д нэр дэвших ийм хэмжээний квот авах итгэл найдвар танд харагдаж байна уу?
-Тэр худлаа болсон байх аа. Гэхдээ хэвлэл, мэдээлэл үүнд бас их эсрэг оролцоотой байх шиг санагддаг. Эмэгтэйчүүдээ дэмждэггүй гэсэн үг л дээ. Бид чинь улс төрд суралцаж бэлтгэгдэж л байна. Эрчүүдийн нэгэн адил өрсөлдөх боломжтой. Би дипломын ажлаа хүртэл парламентын дэгээр хамгаалж байсан гээд бод доо.
-Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын хүсэлтэд УИХ бус Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр хариулт өгөөд байна. Үүнийг нийслэлийн Прокурорын газар хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн. Та үүнд парламентын дэг талаас нь ямар хариулт өгөх вэ?
-Яг УИХ-ын Дэгийн тухай хуульд юу гэж заасан түүгээр л явах ёстой. Олон нийтийн зүгээс Улсын ерөнхий прокурор нь Ардчилсан намын лидер байсан хүн, Хууль зүйн байнгын хорооны дарга нь Ардын намынх гэдэг утгаар нь хараад байх шиг байна. УИХ-ын ээлжит сонгууль дөхөж буй энэ үед өрсөлдөгчид янз бүрийн л улс төр хийдэг шүү дээ.
-Сонгуулийн тухай хуулийг пропорцианаль систем оролцсон холимог тогтолцоогоор явуулах сонирхлоос үүдээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Үүний төлөө ард нийтийн санал асуулга явуулах нь зүй ёсны шаардлага мөн үү?
-Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль гэж тусгай хууль бий. Тэнд шалтгааныг нь тодорхой зааж өгсөн байгаа. Бас саяхан нэг юм уншиж байхад хоёрхон асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно гэсэн харагдсан. Тэгэхээр сайтар уншиж, судлах л хэрэгтэй байх.
-Одоогийн Үндсэн хуулийг цаг үедээ хоцрогдсон гэх дүгнэлтийг ихээр хийх болж. Тэдний хэлж байгаа шиг “Үндсэн хууль хоцрогдоно” гэж байдаг юм болов уу?
-Би тийм асуудал байж болохгүй л гэж үздэг. Манай Үндсэн хуульд ардчилсан шинж чанарыг маш сайн суулгаж өгсөн байдаг. Магадгүй тухайн үедээ одоогийнх шиг мөнгөний өрсөлдөөн болно гэж бодоогүйд л өөрчлөх шалтгаан нь байгаа байж болох юм. Би тэр үед ажлын хэсэгт нь ажиллаж байсан болохоор ямар их үнэ цэнэтэйгээр баталж байсныг мэднэ. Мэдээж өөрчлөлт хэрэгтэй нь үнэн. Гэхдээ тэр өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэстэй хийх хэрэгтэй. Зүгээр “Би ирээдүйд УИХ-ын дэд дарга болно” гэж бодоод л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал гаргадаг байж болохгүй л байхгүй юу.
-Хоёр намын эрх ашгийн зөрчилдөөнөөс үүдэж Үндсэн хуулийг өөрчлөх хэрэггүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Үндсэн хуульд хэзээ ч тэгж хандаж болохгүй.
"Улс төрийн тойм" сонин