Пхеньян ээлжит удаагаа пуужин харвасанд эгдүүцсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2017.11.29/ татварын шинэчлэлийн асуудлаар мэдээлэл хийх үедээ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг “өвчтэй гөлөг” хэмээн цолложээ.
Тэрбээр Миссури мужийн Сент-Чарльз хотод оршин суугчдад хандан үг хэлэхдээ “Татварын шинэчлэл маш их дэмжлэгтэй байгаа. Учир нь татварыг ихээр бууруулсан нь пуужингийн түлш…” гэснээ яриагаа тасалж, “Пуужинтай бацаан” хэмээн Хойд Солонгосын удирдагчийн нэрийг хэлэлгүй яриандаа дурдаад, “АНУ-ын эдийн засгийн хувьд пуужингийн түлш болох юм” хэмээн өмнөх яриагаа үргэлжлүүлжээ.
Түүнийг дэмжигчдийн уухайн дунд тэрбээр “Тэр бол өвчтэй гөлөг” гэж нэмж хэлсэн байна.
Хойд Солонгос орон нутгийн цагаар өчигдөр үүрээр /2017.11.28/ тив хоорондын тусгалтай баллистик пуужин хөөргөсөн билээ. Удалгүй умардын дэглэм өмнөх бүх пуужингуудаас илүү хүчтэй, 4500 км зам туулах хүчин чадалтай, шинэ төрлийн пуужин болохыг мэдэгдсэн юм.
Өмнө нь, Хойд Солонгосын дэглэм өнгөрсөн есдүгээр сард пуужин харвах үед Трамп түүнийг “Пуужинтай бацаан” гэж байв. Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч НҮБ-ын индрээс Ким Жон Уныг тийнхүү цоллосон билээ.
С.ЦЭЛМЭГ