Монголд хуурамч шатахуун үйлдвэрлэж байжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Монголд хуурамч шатахуун үйлдвэрлэж байжээ

Монголд хуурамч шатахуун үйлдвэрлэж байжээ

“News” агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг онцолж байна. 

Шатах тос, тосолгооны материал буюу завсрын бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр татваргүй орж ирдэг. 2016 оны статистик дүнг харахад керосин 74800 тонн, хийн конденсатын нэрмэл 9003 тонн, дистиллят 11048 тонн оруулж ирсэн байна. Энэ түүхий эдийг хаана, ямар зорилгоор ашиглаж байгаа нь тодорхойгүй юм. Тэгвэл Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав дээрх материалаар хуурамч шатахуун үйлдвэрлэж байна хэмээн хардаж буйгаа мэдэгдсэн билээ. 

Монгол Улсад хуурамч шатахуун үйлдвэрлэсэн эсэх асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбатаас тодрууллаа. 

-Хуурамч шатахуун үйлдвэрлэж байна гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү? 

-Газрын тос боловсруулах үйлдвэрээс гарсан түүхий эдийг импортоор оруулж ирээд, химийн бодистой хольж шатахуун үйлдвэрлэсэн талаар гадуур яригдаж байна. Үүнийг таслан зогсоох арга хэмжээ аваад эхэлсэн. Тухайлбал, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсэг байгуулж байна. Ажлын хэсэг газрын тос боловсруулах үйлдвэрийн чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүдийг шалгана. Ингэхдээ бүтээгдэхүүний боловсруулалт, хадгалалт зэрэг асуудлыг шалгах юм. Мөн шатахуун түгээх станцуудын бүтээгдэхүүнээс дээж авч стандартыг хангасан эсэхийг шалгана.

-Тэгвэл импортлогчид чанаргүй шатахуун дотоодод үйлдвэрлээд зарж байна гэсэн үг үү? 

-Завсрын бүтээгдэхүүнээс татвар авдаггүй. Шатахууны онцгой албан татварын хэмжээг өндөр тогтоогоод ирэхээр аж ахуй нэгжүүд хуулийн зохицуулалтаар тусгасан боломжуудыг ашиглаж байгаа байх. Тэгэхээр хууль зөрчсөн гэж үзэхэд бас хэцүү. Буруутгах үндэслэл нь тэдний үйлдвэрлэсэн шатахуун чанарын шаардлага хангасан эсэх юм. ОУВС-тай хамтарч “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр” хэрэгжүүлэх ажлын хүрээнд шатахууны онцгой албан татварын хэмжээг нэмэх шийдвэр гарсан. Ингээд өнөөдрөөс /2017.11.30/ шатахууны онцгой албан татварын хувь хэмжээ нэмэгдэж байна. Онцгой албан татварын хувь хэмжээ өсөөд ирэхээр завсрын бүтээгдэхүүн оруулж ирээд, химийн бодис нэмж шатахуун үйлдвэрлэх үзэгдэл нэмэгдээд байдаг юм. Өмнө нь 2015, 2016 онд ийм асуудал гарч байсан. Одоо нэг тонн бензин тутамд 280 мянган төгрөгийн татвар ногдуулаад ирэхээр дотоодод шатахуун үйлдвэрлэж байхыг үгүйсгэхгүй. 

-Хуурамч шатахуун үйлдвэрлэлийг таслан зогсоохын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад, завсрын бүтээгдэхүүнийг татвартай болгох асуудлыг судалж байна. Холбогдох тооцоо судалгааг МҮХАҮТ, УУХҮЯ, Сангийн яам хийгээд төсөл нь бэлэн болсон. Ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд, УИХ-д өргөн барина. Нөгөө талаар ‘Евро 5’ стандартын шатахууны импортыг дэмжих үүднээс татварын хувь хэмжээг бууруулах зохицуулалтыг хийнэ.
Манай улс өөрөө газрын тос боловсруулах үйлдвэр бараг байхгүй. Тэгэхээр завсрын бүтээгдэхүүн бол ОХУ, Казакстанаас нийлүүлэгдэж байгаа юм. Импортын татварыг нэмээд өгөхөөр чанарын шаардлага хангахгүй байна гэх шатахууны асуудал багасна. Энэ бол шатахууны татвар нэмэгдэхээр гарч ирдэг асуудал. Нөгөө талаас шатахууны жижиглэн борлуулах үнийг тогтвортой барих зөвлөмж хэрэгжиж байгаа. Энэ дагуу компаниуд жижиглэнгийн үнийг барихын тулд ингэж байж магадгүй.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж