Төрийн гурван өндөрлөг хаана айлчлах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Төрийн гурван өндөрлөг хаана айлчлах вэ?

Төрийн гурван өндөрлөг хаана айлчлах вэ?

Монгол Улсын төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын гадаад айлчлал Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхны албан ёсны төрийн айлчлалаа эхлүүлээгүй байгаа. Харин өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотод болсон  Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцоод ирсэн. Засгийн газрын байгуулагдаад хоёр сар болох гэж байгаа учраас шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын анхны айлчлал хаанаас эхлэх вэ гэдэг нь Монголын төдийгүй дэлхий нийтийн анхааралд буй сэдэв.

Спикер Хятадад айлчлах уу?
 

Монгол Улс дэлхийд тоглогч  хоёр том улсын дунд оршдог учраас Төрийн тэргүүнүүдийн анхны айлчлал хоёр хөршийн аль нэг нь байх уу  гэсэн хүлээлт бий. Тиймээс Монголын лидерүүд БНХАУ, ОХУ-ын алинаас нь төрийн айлчлалаа эхлүүлэх вэ гэдэг ч чухал сонголт.  БНХАУ-ын талд албан ёсны айлчлалаа эхлүүлэх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  өгсөн гэсэн мэдээлэл бий. Гэвч БНХАУ-ын талаас шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл айлчлалын асуудлыг хойшлуулж болох юм гэсэн утгатай хариу илгээсэн гэх мэдээлэл байна. Мөн Монгол Улсын шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа авсныхаа дараа БНХАУ-ын талд айлчлах хүсэлтээ илгээсэн ч МАН-ын Их хурлаас намын дарга хэн болох вэ гэдгээс айлчлал хийх эсэхийг шийднэ гэсэн хариу өгсөн талаар зарим эх сурвалжууд хэлж буй.  Харин албаныхан энэ мэдээллийг үгүйсгэж байгаа  ч үүнийг хоёр улсын төдийгүй улсын нэр хүндэд халтай мэдээлэл учраас нууцалж байж болох юм гэсэн хардлага ч бас байна. БНХАУ-д хийх анхны айлчлалыг Гадаад харилцааны сайд эхлүүлж буй. Тэрбээр арванхоёрдугаар сарын 3-ны өдөр БНХАУ-ыг зорьж, арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс албан ёсны айлчлалаа эхлүүлэх аж. Түүний айлчлалын зорилго нь УИХ-ын даргын албан ёсны айлчлалын бэлтгэл болж байгаа гэх мэдээлэл ч байна.

Ерөнхий сайдын анхны айлчлал ОХУ-аас эхэлнэ
 

МАН-ын Их хурал дуусч, шинэ намын дарга сонгогдсон учраас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй баг өнөөдөр БНХАУ-ыг зорьжээ . Үүний дараа арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн онд Далай ламын айлчлалаас хойш БНХАУ-д хийх төрийн айлчлал “гацаж”, өмнөд хөршийн зүгээс том сануулга ч өгөөд амжсан. Тэгвэл эдийн засгийн хамгийн том түнш Хятадын талтай харилцаагаа сайжруулах алхам У.Хүрэлсүхийн Засгийн газар хийж чадах уу гэдэг хүлээлт олон нийтийн дунд бий. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн, цаашид ч бага багаар өсөх хандлагатай байгаа ийм цаг үед өмнөд хөрштэй харилцаагаа сайжруулах, “зөөллөх”-ийн тулд тус улсад айлчлал шаардлага энэ Засгийн газарт бий. Гадаад харилцааны сайдын айлчлалын дараа буюу 2018 оны эхний сард Төрийн гурван өндөрлөгийн нэг нь Хятад улсад айчлахаар төлөвлөж байгаа бололтой. Гэхдээ, Хятадын тал зөвшөөрөл олгосон тохиолдолд шүү дээ.  БНХАУ-ыг өнөөдөр зорьж буй МАН-ын генсек болон УИХ-ын гишүүдийн баг, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарын айлчлалаас Төрийн гурван өндөрлөгийн хэн нь Хятадад айлчилж, хоёр улсын харилцааг “зөөллөх” вэ гэдэг нь ирэх өдрүүдэд тодорхой болох биз ээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Өмнөх Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн учраас шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  анхны айлчлал ОХУ-аас эхэлж магадгүй гэнэ.  

Ерөнхийлөгчийн айлчлал Энэтхэгээс эхлэх үү?
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш таван сарын хугацаа өнгөрсөн ч тэрээр төрийн албан ёсны  айлчлал хийгээгүй. ОХУ-ын Владивосток хотод болсон  Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцоод ирснийг эс тооцвол Ерөнхийлөгч хилийн дээс “алхаагүй”.

Гэхдээ түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоных нь дараа Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд өөрийн улсдаа айлчлах захидал илгээсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн анхны айлчлал БНЭУ байж магадгүй гэсэн таамаг байна. Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн нөхцөл байдлаа тооцвол БНХАУ, ОХУ, Энэтхэг гэсэн эхний маршрутууд хүлээгдэж буй аж. Ингэхдээ нэг улсад төрийн гурван өндөрлөгийн аль нэг нь айлчлах учраас Ерөнхийлөгч анхны айлчлалаа Энэтхэгт, Ерөнхий сайд ОХУ-д, УИХ-ын дарга БНХАУ-д төрийн айлчлал хийж магадгүй гэсэн яриа байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хэлснээр төрийн гурван өндөрлөгүүд эхний айлчлалаа хаанаас эхлэх вэ гэсэн яриа хэлэлцээр хийгдэж байна. Дан ганц манай талаас хүсэлт тавьснаар айлчлал хийгдэхгүй, нөгөө талаас мөн айлчлал хийх, ямар яриа хэлэлцээр хийх гээд нууцын түвшинд байдаг учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Төрийн гурван өндөрлөгүүд оноос өмнө ямар нэг төрийн айлчлал хийхгүй, ирэх оны эхний сард БНХАУ, ОХУ, Энэтхэг айлчилж магадгүй байна. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж