Ардчилсан Ерөнхийлөгчөөс айхын учир

Хуучирсан мэдээ: 2017.11.30-нд нийтлэгдсэн

Ардчилсан Ерөнхийлөгчөөс айхын учир

Ардчилсан Ерөнхийлөгчөөс айхын учир

Х.Баттулга ардчиллаар овоглодог Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгогдсон гурав дах Ерөнхийлөгч, Монгол Улсын тав дахь Төрийн тэргүүн. Түүний өмнө П.Очирбат, Ц.Элбэгдорж нар Ардчилсан намаас нэр дэвшиж, Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.

Зургаан зуун мянга гаруй хүний саналаар Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод таван сар болох гэж байна. Гэвч, өнгөрсөн 26 жилийн хугацаанд ардчиллыг тугаа болгож ирсэн Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулсан Х.Баттулгыг хоёр жилийн өмнө Э.Бат-Үүлийн дүгнэж байсанчлан “Сталин, Гитлерийн сүнсийг босгож ирнэ” гэж яаж санах вэ дээ.

Долдугаар сарын 10-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө тэрбээр “Монголчууд аа, ахан дүүсээ. Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгаварладаг харгис жишгийг халах болно. Би эв нэгдлийг эрхэмлэж, Үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна. Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна” гэж байв. Харин өнөөдөр Ардчилсан холбооны ерөнхийлөгч, Жүдогийн холбооны ерөнхийлөгч, “Женко” группын ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас айх шалтгаан юув?!

Ерөнхийлөгч ба Цаазын ял

Цаазын ялыг сэргээх ажлын хэсгийг байгуулсан Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч Мягмар гаригт нэгэн саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлэв. Тэр нь бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай. Эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхийг Ц.Нямдоржоос хүссэн Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах эсэхийг парламент шийднэ. 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг халах саналаа найман үндэслэлээр тайлбарлаж, амь уучлах нь ял уучлах бишийг ч сануулж байв. Улмаар Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын II нэмэлт протоколд нэгдэж, 2015 онд Эрүүгийн хуулиас цаазын ялыг хасч, 2017 онд шинэчлэн баталсан тус хуульд бага насны хүүхэд хүчиндсэн этгээдийг бүх насаар нь хорих ялаар шийтгэх заалт оруулсан.

Доктор О.Мөнхсайханы нүүр номдоо бичсэн шиг “Ямар азаар бид парламентын засагтай байв”-аа. Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлж байгаа бодлого, гаргаж байгаа үйлдлийг харахаар ёстой л ингэж дуу алдмаар болж байна. Хэрэвзээ Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол  сонгуулийн үеэр С1 телевизээр цацсан “Улаан тарианы хүүхдүүд” нэвтрүүлгээр “ТВ9” телевизийн олон улсын тоймч Ш.Гантулгын хэлсэн шиг өнөөдөр “200 хүний толгойг тасдаж, монголчууд түүнийгээ тойрон бүжиглэж’ байж мэдэх нь шүү дээ, бурхан минь.

Цаазын ялыг дарангуйлагчид ихэвчлэн улс төрийн зорилгоор ашигладаг. Тиймээс ардчилсан Ерөнхийлөгчөөс айх  хамгийн том шалтгаан энэ. Гитлер зургаан сая еврейг аймаглан устгаж, 17 сая энгийн иргэнийг системчлэн хороосон талаар Википедиа-д дурджээ. Харин Сталинийн дэглэм 4-10 сая гаруй хүний амийг авсан бол  монголчууд улс төрийн хилс хэргээр 37 мянган хүнийг хэлмэгдүүлж алсан гашуун түүхтэй.

Оффшор, гучин гэр бүл, Ерөнхийлөгч

Сонгуулийнх нь хар пи-ар байсан гучин гэр бүлийг олж шийтгэх нь Ерөнхийлөгчийн өдрийн бодол шөнийн зүүд болжээ. Тангараг өргөх ёслолынхоо үгэнд ч хавчуулж, чуулганы хуралдаан дээрээс ч ил шулуун ярих болсон энэ сэдэв их хэлмэгдүүлэлтийн эхлэл байх вий гэсэндээ Ардчилсан Ерөнхийлөгчөөс айх бас нэг шалтгаан болж буй.

Хамгийн аюултай нь, З.Энхболдын гурван сая иргэнтэй дүйцүүлэн гаргаж ирсэн томъёоллоор өөрийнх нь эсрэг дуугарсан, шүүмжилсэн болгоныг Төрийн тэргүүн болон Тамгын газрын дарга нь 30 гэр бүлийн нэгээр тодруулах болсон явдал. Ялангуяа Ерөнхийлөгчийн эмзэг цэг болох төмөр замын талаар асуусан, сурагласан бол, тухайлбал, чуулганы хуралдаан дээр энэ сэдвийг  хөндсөнийхөө төлөөсөнд Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар хоёр гучин гэр бүл гэх хар жагсаалтад орчхоод байгаа.

Гучин гэр бүлд хэн, хэн орох, үүнийг баримт нотолгоотой хэлэхийг шаардсан хүмүүсийн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргынх нь өгсөн хариулт “Олон нийт энэхүү 30 гэр бүлийг өөрсдөө олцгоо”.  Үндсэндээ энэ нь дургүйг нь хүргэсэн хэнийг ч “30 гэр бүл” болгоод явчихна л гэсэн агуулгатай.

Ерөнхийлөгч бүх талаар, бүх аргаар довтолж байна. Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан намд бүтэн нэр бүлээн зүстэй хүн үлдээгээгүй шигээ “оффшор” гэх үгээр халхавчилсан Ерөнхийлөгчийн довтолгоо одоо үндэстний хөрөнгөтнүүдээ чиглэжээ.

Долдугаар сарын 7-ны сонгуулиар Х.Баттулга хүссэн суудалдаа хүрсэн. Харин хүссэн эрх мэдэлдээ хүрэхийн тулд цаазын ялыг сэргээхийг л зорьсон юм биш байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж