"Зэсчин" төр "махчин" болсон уу?

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

"Зэсчин" төр "махчин" болсон уу?

"Зэсчин" төр "махчин" болсон уу?

Мэргэжлийн Засгийн газрын Шадар сайдаар ажиллаж байхдаа монгол адуу хөлөөр нь хил гаргахгүй хэмээн мэдэгдэж суусан Ерөнхий сайд У.Хүрэлсүх мах үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжинэ хэмээн Мягмар гаригт /2017.11.28/ мэдэгдлээ. Энэ мэдээлэл тэр дороо олон нийтийн сүлжээгээр цацагдаж, олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Хувийн хэвшлээ төр бодлогоор дэмжих нь зүйн хэрэг. Гэхдээ Монголын төр мах, сүү, нүүрс, зэс, барилга гээд бүх салбарт гар дүрж эхэлсэн нь эсрэгээрээ эдийн засагт сөргөөр нөлөөлдөг.

У.Хүрэлсүхээр овоглосон шинэ Засгийн газрын бодлого одоогоор тодорхойгүй байгаа. Ямар ч байсан төсөвт мөнгө байхгүйгээс цалин нэмэхгүйгээр халамж тараахаар болсон шинэ засаг мах, сүүний компаниудаа төрөөс дэмжих, зах зээлд борлогдохгүй байгаа барилгуудыг худалдан авах гээд хувийн хэвшлийн ажилд хутгалдаж эхэлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг хүртээд байна.

Зэс, нүүрс, алт, барилга гээд бүх салбарт төр ноёрхлоо тогтоовол хувийн хэвшлийнхний чөлөөт өрсөлдөөн улам хумигдана.

Монголд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй компани байдаг ч “Мах Маркет” болон ‘Мах Импекс’ компаниуд Ерөнхий сайдын ивээлд багтаж, зээл авах боломжтой боллоо.

Махны экспортыг эрчимжүүлэхийн тулд төр үндэсний аж ахуйн нэгжээ бодлогоор дэмжих нь зөв боловч ердөө хоёр компанийг онцгойлон үзсэн нь хачирхалтай. Үнэндээ ч мах, махан бүтээгдэхүүний салбарт хөлөө олох гээд зүтгэж яваа олон компани байхад улстөрчтэй хамаарал бүхий зарим компанийг онцгойлон үзсэн нь анхаарал татна.

Одоогоор тус компанид хэдий хэмжээний зээл олгох нь тодорхойгүй ч Засгийн газрын дэмжлэгтэй зээл ихэвчлэн хүү багатай байдаг. Энэ утгаараа зээл дээрх нэр дурдсан компаниудад асар том боломж олгох нь дамжиггүй.

Гэхдээ Засгийн газар малчдаа орлоготой болгохын тулд махны экспортыг эрчимжүүлэх зорилго тавьсан юм бол үндэсний компаниудаа том, жижиг гэж бүү алагчил. Нэг гараан дээр өрсөлдөх боломжийг олго.

Ардчилсан намыг Засгийн эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилд “Улстөрчдийн эрх ашиг орсон компанид жилийн 3.8 хувийн хүүтэй зээл олгодог, бусад нь жилийн 24 хувийн хүүтэй зээл авдаг гажиг тогтолцоо үйлчилж” ирсэн гэх шүүмжлэл олонтаа гарсан. Энэ алдаа давтагдвал бизнес эрхлэгчид уучлахгүй.

Бизнесийн шударга бус өрсөлдөөн эцсийн дүндээ эдийн засгаа л туйлдуулна. Хэрэв шударга өрсөлдөөнийг бий болгож чадвал эдийн засаг сэргэнэ.

Монгол Улсын мал сүрэг 80 сая толгойд хүрсэн. Үүнээсээ 20 сая орчмыг нь дотоодынхоо махны хэрэгцээг хангах, мөн гадаад руу экспортлоход чиглүүлэх бодлогыг өмнөх Засгийн газар хэрэгжүүлж байсан.

Статистик мэдээгээр энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 21.5 мянган тонн махыг ОХУ, БНХАУ, Казахстан, Япон, Иран, Катар руу экспортолжээ. Ирэх онд энэ тоог өсгөх бүрэн боломжтой аж. Дээрх орны хувьд Монгол Улсаас мах импортлох сонирхолтой байгаа.

Мөн хатуу өвөл болох сургаар малчид малаа борлуулахыг илүүд үзэх болсон. Гэвч орон нутагт мах боловсруулах үйлдвэр байдаггүй нь мөнгөтэй ченж малыг нь хэт бага үнээр худалдан авч хэд дахин нугалж, ашиг унагадаг хэрэгсэл болгон хувиргаад байгааг малчид хэлж буй.

Уг нь аймаг бүр мах боловсруулах үйлдвэртэй болчихвол малын үнэ өсөж, малчид ч орлоготой болох бүрэн боломж байгаа аж. Харамсалтай нь, ашиглалтад орсон ганц нэг үйлдвэр нь удалгүй хаалгаа барьсан гунигтай жишээ байна. Тодруулбал, Говь-Алтай аймагт өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Хятадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэр ашиглалтад ороход малын үнэ өсчээ. Гэсэн ч үйлдвэр удалгүй хаагдсан байна. Иргэдийнх нь яриагаар бол эздийг нь хорьсон. Уг нь үйлдвэр нээгдсэнээр 70 гаруй иргэн ажилтай болжээ. Харин малчдаас нэг төлгийг 40 мянган төгрөгөөр худалдаж авч байсан аж. Малчдын хувьд нийслэлийг зорьж, цаг алдахгүй, малаа зарах гэж аймгийнхаа зах дээр хэдэн өдрийн ажил болохгүй. Малаа туугаад очиход л шууд мөнгөө тоолоод авдаг. Зэргэлдээ аймгийн малчид ч газрын ойр гэж малаа туун тушааж байсан аж. Чухамхүү ямар алдаа гарсан юм бүү мэд, нэг л өглөө үйлдвэр хаагдсанаар малын үнэ ч навс буужээ.

Цаашид Засгийн газар аймгуудад мах боловсруулах үйлдвэр байгуулахад  онцгой анхаарвал малчдаа ч үндэсний үйлдвэрээ ч дэмжих бүрэн боломж байна. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж