Засгийн газар БНСУ, Японы талд гомдчихсон бололтой

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Засгийн газар БНСУ, Японы талд гомдчихсон бололтой

Тавантолгойн ордын ба­руун Цанхийн хэсэгт ажил­лах стратегийн хөрөнгө оруу­лагчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлт өдгөө дэлхий нийтийн анхааралд байгаа. Гэхдээ ажил хэрэгч уур амьсгалаар бус харин эр­гэлзэж тээнэгэлзсэн, эрхэлж гомдсон, эцэстээ тунирхаж унирхсан маягаар өрнөж бай­на. Бүхэл бүтэн тусгаар улсын Засгийн газар өнөөдөр Өмнөд Солонгос хийгээд Японы Засгийн газрын шахалтад ор­чихлоо. Орох нүхийг тэд бус харин манай Засгийн газар өөрсдөө ухсанд шалтгаан нь ор­шиж буй. Учир нь өд­гөө “Тавантолгойн баруун Цан­хийн стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт яагаад дээрх хоёр орны төлөөлөл шалгарсангүй вэ. Сонгон шал­гаруулалтад анхнаасаа бүрт­гэгдээгүй Монголын тал гэг­­чийг хэн төлөөлж байгаа юм бэ” гэсэн товч тодорхой асуул­тад манай тал эцсийн хариу өгч чадахгүй байгаа юм.

Арга ядахдаа Японы Зас­гийн газар манай улсын Зас­гийн газарт хандаж ноот бичиг илгээж. Тэд ноот бичгээрээ дамжуулж юун түрүүнд Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн өн­гөрсөн оны арваннэгдүгээр сард Японд хийсэн айлчлалыг сануулсан.  Ингэхдээ “Уг айлч­лалын үеэр хийсэн дээд хэм­жээний уулзалтаар хоёр ор­ны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн зарчим өөд шат ахиулахад чиглэсэн ха­рил­цан ашигтай бие биенээ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх, мөн Монгол Улсын ашигт малтмалын салбарын бүтээн байгуулалтад Японы хөрөнгө оруулагчдын оролцоог идэв­хитэй дэмжих байр суурь өөрч­лөгдөхгүй байх болно гэд­гийг Монголын тал онцлон тэмдэглэсэн билээ” хэмээж. Цаашлаад тендерийн талаарх ойлгомжгүй мэдээллийг тод­руулахыг хүсээд “Японы хө­рөнгө оруулагчид Таван­тол­гойн тендерийн шалгаруу­лалтад багтаагүй байх аваас өнөөг хүртэл явуулж ир­сэн хоёр орны хоорондын яриа хэлэлцээрийн үр дүн­тэй нийцэхгүй болох тул Япон улсын хувьд туй­лын их харамсаж буйгаа илэр­хийлэхээс өөр аргагүйд хүрэх юм” гэжээ. Тус улсаас манай улсад суугаа Элчин сайд ч тэр “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж манай улсад айлчлах үеэ­рээ хэлсэн үгэндээ “Мон­гол Улс гайхамшигтай их, шав­хагдашгүй газар доорхи баялагтай. Япон бол дэлхийд тэргүүлэх техник, технологийн ололттой орон. Энэ хоёрыг нийлүүлбэл Монгол Улсын уул уурхайн салбар дахь хөгжил улам дээшлэх болно” гэж тодотгож байсан. Юуны өмнө үүнийг хэлье” гээд “Гараанаас гарсан морь барианд оролгүй алга болчихлоо. Миний хувьд Тавантолгойн олон улсын тендер эргэлзээтэй явсан гэж бодож байна. Япон улс дундаас нь алга болчихлоо шүү дээ.

Орос, Солонгос, Япон гэсэн консорциумаар улс орнууд нийлээд явж байсан. Хоёрдугаар сарын байдлаар Монголоос ямар ч консорциум Тавантолгойн төсөлд орно гэж яриагүй байсан. Гэтэл гэнэт л сая ороод ирлээ. Хаанаас гараад ирсэн юм, хэзээ яагаад орсныг би ойлгохгүй байгаа. Бас зургаан консорциумаас гурав болгож сонгож авсан. Гурав болгохдоо ямар шалгуураар, яаж сонгосон нь тодорхойгүй байгаа. Энэ бол мэдээж Монгол Улсын Засгийн газрын бие даан шийдвэрлэх асуудал гэдгийг ойлгож байна. Би оролцох ёсгүйгээ ч мэдэж байна. Гэхдээ ми­ний зүгээс харахад ойлгомжгүй бай­гаа зүйл зөндөө байна” хэмээх үгээ­рээ Засгийн газрынхаа байр суурийг тодотгож байгаа.

Өмнөд Солонгосын талын тухайд Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтын дүн гарахтай зэрэгцэн олон улсын хэвлэл, мэдээллийн агентлагт байр сууриа илэрхийлсэн. Тэрхүү байр суурь нь “Ойлгомжгүй асуудал олон байна. Тендерийн дүн эргэлзээтэй гар­сан тул олон улсын түвшинд дахин тендер зарлахыг хүсч байна” гэсэн Эрчим хүчнийх нь сайдын үгээр баталгаажиж байв. Тэгэхээр Өмнөд Солонгос хийгээд Японы талын байр суурь адилхан гэсэн үг. Гагцхүү шалгаруулалтаар ялагчийн эрх  авсан Хятад, Орос, Америкийн тал хараахан тууз хайчлах гэж яарахгүй байгаа нь ойлгомжтой. Уг нь Монголын тал асуудлыг бөөрөнхийлж, ойлгомжгүй болгож байлаа гэхэд Хятад, Оросын тал “Бид тендерт хамтдаа оролцсон Япон, Өмнөд Солонгосын талтай хамт­даа хэвээрээ байгаа” гээд мэ­дэгд­чихсэн бол асуудал нэг тий­шээгээ эргэх байсан. Гэвч тэд тэгж мэдэгдэхээс татгалзаж буйгаас ха­рахад эцсийн дүн зөвхөн нэг талдаа эргэсэн буюу Орос, Хятад улсын хөрөнгө оруулагчид бие дааж ялалт байгуулсан байх магадлалтай юм.

Энэ дунд Төрийн өмчийн хороо­ны дарга Д.Сугарын ярилцлага асууд­лыг улам бүр хурцатгаж өгсөн гэхэд болно. Тэрбээр уг шалгаруулалтын талаар нөгөө л нэг бөөрөнхий үгээ хэлээд “Ний нуугүй хэлэхэд Өмнөд Солонгос, Японы компани бидний итгэл найдвар, урмыг хугалсан тал бий. Албан ёсны уулзалтууд дээр тэд “Монголын тал асар их нөөц баялагтай. Япон өндөр технологитой. Ингээд нийлээд явбал үр дүнд хүрнэ” гэж ярьдаг. Өмнөд Солонгосын тал ч ялгаагүй тэгдэг. Гэтэл яг уриад саналыг нь авахаар энэ хоёр улсаас бид өндөр технологи хүлээгээд бү­тэл­тэй юм болоогүй. Уг нь гангийн үйлдвэр, нүүрс шингэрүүлэх техно­логи өгөөч гэж хүссэн юм. Гэтэл энэ талаар тодорхой санал хэлээгүй. Зүгээр л нүүрс худалдаж авах санал л илэрхийлээд байгаа. Үүнд ажлын хэсэг сэтгэл дундуур байсан нь үнэн” хэмээж.

Хэдийгээр тэрбээр энэ ярилцла­гаараа “Өмнөд Солонгос, Японы та­лыг хасаагүй” гэж мэдэгдсэн ч дээрх үгнээс нь харахад шууд итгэл үзүүлээгүй нь тодорхой байгаа юм. Нэг ёсны Монголын Засгийн газарт дээрх хоёр улсад гомдох шалтгаан гарсан бололтой. Тэгээд л тендерийн дүнг бөөрөнхийлж, Өмнөд Солонгос, Япон гэсэн хоёр улсыг дээрх асуудлыг өндөр дээд хэмжээнд тавих хүртэл нь түдгэлзэх байр суурь баримталж байж болох юм. Одоогийн байдлаар Японы Засгийн газар манайд ноот бичиг ирүүлээд байгаа бол энэ сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Монголд айлчилна. Тэдний сонирхол нь адилхан Тавантолгой. Харин ма­най Засгийн газар аль, алинд нь эргэлзээтэй тайлбараа өгсөөр байж мэдэх юм. Гомдлоо барагдуулахаас нааш шүү дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж