АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама дэлхийн улс төрд эргэн ирснийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. АНУ-ын төрийн тэргүүнээр найман жил (2009-2017) ажилласан Барак Обама гурван улсад хийх таван өдрийн айлчлалаа Мягмар гаригт (2017.XI.28) Шанхайгаас эхлүүлэв. Тэрбээр Шанхайн бизнесийн бага хуралд үг хэлсний дараа Бээжинд үдэлж, Хятадын дарга Си Жинпинтэй уулзах аж. Хятадын дарга Обамаг хүлээн авч уулзаж байгааг АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамптай эн тэнцүү хэмжээнд авч үзлээ хэмээн ажиглагчид дүгнэж байна. Тэрбээр Хятадын даргатай олон улсын эдийн засаг, цаг уурын өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Бээжингээс нисээд Барак Обама Нью-Дели хотноо айлчилж, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзана. Обамагийн Энэтхэгийн залуучуудтай хийх уулзалтад оролцохоор 280 гаруй хүн бүртгүүлсэн аж. Түүний айлчлал Франц улсаар өндөрлөнө.
АНУ-ын жишгээр суудлаасаа буусан ерөнхийлөгч нар олон улсад айлчлах гол зорилго нь хандив цуглуулж, илтгэл тавихаас хэтэрдэггүй. Гэтэл олон улсын лидерүүд түүнтэй уулзаж, одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын ойлгомжгүй гадаад бодлогын асуудлаар АНУ-ын өнөөгийн чиг баримжааг тодруулахаар төлөвлөснөөрөө Обамагийн айлчлал онцлог байна. “Барак Обама бол чадварлаг илтгэгч. Тэр л АНУ-д яг юу болоод байгааг ойлгомжтой тайлбарлаж чадна” хэмээн Техас дахь “Rice” их сургуулийн профессор Дуглас Бринкли ярьжээ.
Хойд Солонгосын баллистик пуужин, цөмийн зэвсгийн заналхийллээс үүдэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад ширүүлж, шахаанд оруулаад буй энэ үед Обама Бээжинд айлчилж байна. Обама АНУ-ын төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа цаг уурын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнд Хятадтай гар нийлэн ажилласан билээ. Мөн Обама суудлаасаа буухаас өмнө 2015 онд Европын лидерүүдтэй хамт Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнд Тегерантай тохиролцож чадсан нь олон улсад сайшаагдсан. Гэвч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнд тааламжгүй хандаж байгаа юм. Иймд Барак Обамагийн энэ удаагийн айлчлалыг дэлхийн улс орнууд улс төрийн агуулгатай гэж харж байна. Гэвч түүхчид Обамагийн айлчлал Цагаан ордны өнөөгийн төрийн тэргүүний нэр нөлөөг сулруулах эрсдэлтэй хэмээн шүүмжилжээ. Харин Обамагийн айлчлалын талаар Цагаан ордонд мэдэгдсэн талаар зөвлөх нь мэдэгдсэн байна.
Трамп “ацан шалаанд оров”
Энэ хооронд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбооны зарлагын асуудлаар Конгресст дарамт үзүүлснээс засгийн газар нь хаагдах хүнд нөхцөл байдал үүсчээ. Өмнө нь 2013 онд АНУ-ын Конгресс төсвөө баталж чадаагүйгээс засгийн газрын үйл ажиллагаа нь тасалдаж, 850 мянган алба хаагчид хэд хоног амарч байв. АНУ-ын засгийн газар арванхоёрдугаар сарын 8-аас өмнө 2018 оны төсвийн хуулийг батлах ёстой атал Конгресс зарлагын асуудал дээр санал хуваагджээ. Энэ асуудлаар Дональд Трамп Конгресс дахь Ардчилсан намын гишүүдэд санхүүжилтийн гэрээг санал болгосон ч тэд хүлээж авсангүй. Улмаар Дональд Трамп “Ардчилсан намын гишүүд их ярьдаг ч гарсан үр дүн алга. Гэтэл одоо тэд бүр ярилцахыг ч хүсэхгүй байна” хэмээн шүүмжилжээ. Түүнчлэн Хойд Солонгосыг лхагва гаригт алсын тусгалын пуужин харвасны дараахан Дональд Трамп “Засгийн газарт цэргийн санхүүжилт юу юунаас чухал болсоор байна. Ардчилсан намынхан хууль бус цагаачид, өршөөл энэрлийн төлөө цэргийн зардлыг барьцаалж болохгүй” хэмээн жиргэжээ. Дональд Трамп өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн хэрэгжүүлсэн хууль бус цагаачлал, эрүүл мэндийн даатгалын хууль зэргийг цуцалснаараа Ардчилсан намынхны эсэргүүцэлтэй тулсан аж. Ардчилсан намын зүгээс АНУ-ын 2018 оны төсвийн төслийг том бизнесүүдэд ээлтэй боловч жирийн америкчуудад муу болсон хэмээн шүүмжилжээ. Төсвийн төслийн дагуу 2027 он гэхэд АНУ-ын өрийг 1.4 их наяд ам.долларт хүргэж нэмэгдүүлэхээр байгаа аж.