"Халдвар тээгч 14 ээжийн 20 хүүхэд эрүүл төрсөн"

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

"Халдвар тээгч 14 ээжийн 20 хүүхэд эрүүл төрсөн"

"Халдвар тээгч 14 ээжийн 20 хүүхэд эрүүл төрсөн"

-Монгол Улсад ДОХ-ын вирусын халдвар тээгч 249 хүн албан ёсоор бүртгэгджээ-

Монгол Улсад 1992 онд ДОХ-ын вирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байдаг. Өнөөдрийн байдлаар энэ өвчнөөр өвчилсөн 249 иргэнээс 40 нь нас баржээ. Ингээд ДОХ-ын вирусын халдварын  талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны их эмч Д.Байгалмаатай ярилцлаа.

– Монголд ДОХ-ын вирусын халдвар тээгч хэчнээн хүн бүртгэгдээд байна вэ?

-Монгол Улсад ХДХВ буюу ДОХ-ын вирусын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн. Одоогоор 2017 оны арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд нийт 249 тохиолдол албан ёсоор бүртгэгдэж, эмчийн хяналтад хамрагдсан. Хамгийн сүүлд  энэ оны аравдугаар сард дөрөв, арваннэгдүгээр сард нэг  тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Ерөнхийдөө бэлгийн замаар дамжих халдварт өвчин нь бусад халдварт өвчинтэй харьцуулахад улирал, цаг агаараас хамаарч дэгдэлт байдлаар гардаггүй шүү дээ. Тиймээс ХДХВ-ын халдварын тохиолдлууд манай төвийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүмүүсээс бүртгэгддэг гэсэн үг.

-ДОХ-ын вирус тээгч эхээс хүүхдэд нь халдвар дамжсан тохиолдол бий юу?

-Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн албан ёсны 249 тохиолдлоос эмнэлгийн зүү тариур болон эхээс урагт дамжсан халдвар бүртгэгдээгүй байгаа. Ингэснээр Монгол Улс Мянганы сорилтын зорилтоо биелүүлээд явж байна. Албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлуудыг харахад ДОХ-ын вирусын халдварыг 100 хувь бэлгийн замаар авсан нь тандалт судалгаагаар батлагдсан.

Одоогоор ДОХ-ын вирусын халдвар тээгч 14 ээжийн 20 хүүхэд халдваргүй эрүүл саруул төрчихсөн байна. Бас зургаан ээж давтан төрсөн. Тиймээс иргэд халдварыг эрт үедээ оношлуулж, эмийн эмчилгээгээ хийлгэвэл эмчийн хяналтад эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой юм.

-Монголд бэлгийн замаар дамжих халдвар ямар түвшинд байна вэ?

-ХДХВ-ын халдвар нь бэлгийн замаар халдварладаг өвчин. Ерөнхийдөө бэлгийн замын халдварт өвчинд 30 гаруй төрлийн өвчин багтдаг. Монголчууд тэмбүү, заг хүйтэн, ХДХВ-ын халдвараар өвчилдөг.  Нийт хүн амын дундах халдварт өвчний тархалт дотроо бэлгийн замын халдварт өвчин 33 хувьтай байна. Өмнөх 2014 онд халдварт өвчлөлийн 45 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байсан бол энэ жилээс 33 хувь болсон статистик гарсан. Гэхдээ энэ бол буурсан үзүүлэлт биш. Өнгөрсөн жил амьсгалын замын халдварт өвчин тэр дундаа улаан бурхан өвчний дэгдэлт их байсантай холбоотойгоор буурсан юм шиг харагдаж байгаа ч нийт хүн амын дундах бэлгийн замаар дамжих халдварын тархалт өндөр хэвээрээ байгаа. 

-ДОХ-ын вирусын халдвар авсан хүмүүсийн хэдэн хувийг өсвөр насныхан, залуус эзэлж байна вэ?

-Манай төвд бүртгэгдсэн ХДХВ-ын вирусын халдвар бүх насанд бүртгэгдсэн. Албан ёсны статистик тоон үзүүлэлтийг насны бүлгээр нь авч үзвэл 15-19 насныхан 5.6 хувь, 20-24 насныхан 14.4, 25-29 насныхан 18.4, 30-34 насныхан 21.4, 35-39 насныхан 18.5, 40-44 насныхан 13.3, 45-аас дээш насныхан найман хувийг эзэлж байна. Үүнээс харахад ХДХВ-ын вирусын халдварын ихэнх хувийг 20-39 насныхан буюу бэлгийн идэвхтэй амьдралтай залуус маань 55 орчим хувийг эзэлж байна. 

Мөн 15-19 насныхны дунд 14 тохиолдол буюу 5.6 хувь нь ДОХ-ын вирусын халдвар авсан гэсэн статистик бий. Ер нь манай төвийн насны ангилал нь 15-19 насных  гэж бүртгэдэг. Гэтэл 16 настай оюутан болж буй залуус халдварын тээгчээр бүртгэгдэхээр нийгэмд арван жилийн сурагчид бүртгэгдээд байгаа юм шиг харагддаг. Гэхдээ өсвөр насныхны бэлгийн замын халдварт өвчлөл 5.6 хувийг эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт. Тийм учраас өсвөр насныхны боловсролын хөтөлбөрт эрүүл дадал заншил, бэлгийн замын халдварт өвчин, эрсдэлгүй бэлгийн харьцаа, хүсээгүй жирэмслэлтийн талаар цогцоор нь суулгаж, өгөх хэрэгтэй байна. 

-Халдвар авсан байх магадлалтай тохиолдолд хаана хандаж шинжилгээ өгөх ёстой вэ. ДОХ-ын вирусын шинжилгээг Халдварт өвчин судлалын төвөөс гадна хаана хаана өгч болох бол?

-Манай төвөөс гадна нийт 21 аймаг, нийслэл хотын есөн дүүрэгт ДОХ бэлгийн замаар дамжих халдварт өвчний салбар лабораториуд ажиллаж байгаа. Тэгэхээр хувь хүн заавал манайхыг зорих шаардлагагүйгээр харьяа дүүргийнхээ бэлгийн замаар дамжих халдварт өвчний кабинетад сайн дураараа, үнэ төлбөргүйгээр шинжилгээгээ өгөх боломжтой. 

Албан ёсоор бүртгэгдсэн 249 тохиолдлоос 40 тохиолдол нь нас барсан. Үлдсэн хүмүүсийн тодорхой хувь нь гадаадад амьдарч, эмчилгээндээ хамрагдаад явж байна. Мөн халдвар тээгчдийн 85 хувь нь эмийн эмчилгээнд орж, эмчийн байнгын хяналтад зөвлөгөө авдаг. 

-ДОХ-ын вирусын халдвартай хүмүүсийн эмийн эмчилгээ хэр үр дүнтэй вэ. Манай улсад эм нь хүрэлцээтэй байдаг уу?

-Дэлхий дахинд ДОХ-ын вирусын халдварын эмийн эмчилгээ үр дүнгээ өгч байгаа.  Энэ утгаараа Монголд олон улсад хэрэглэж буй эмүүдийг оруулж ирж, хэрэглэх болсон. Монгол Улсын Засгийн газар 2014 оноос ХДХВ-ын вирусын халдвартай хүмүүст үзүүлэх эмнэлгийн тусламж, эмийг нь 100 хувь даадаг болсон. Тэгэхээр халдвар тээгчээр оношлогдсон тохиолдлууд үнэ төлбөргүй эмчилгээнд хамрагдаж, эмээ уудаг. ДОХ-ын вирусын халдварыг дэлхий дахинд төгс эмчлэх эмчилгээ олоогүй ч эмийн тусламжтайгаар магадгүй та 21 насандаа халдвар тээгчээр оношлогдсон бол 40 жил эмээ ууснаар 40 жил амьдрах боломжтой болно. Тиймээс эмийн эмчилгээний үр дүн маш ач холбогдолтой юм. Одоогоор эмээ уугаад эмчийнхээ хяналтад биеийн байдал сайжраад, ажиллаж, амьдраад үр хүүхдээ төрүүлээд явж буй хүмүүс олон байгаа. 

-Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт тохиолдлын бэлгийн харилцаанд орвол халдварт өртөх эрсдэл маш өндөр байдаг. Тиймээс гэр бүлдээ үнэнч байснаар халдварт өртөхгүй байх боломжтой. Хэрэв тийм харилцаанд орж байгаа бол бэлгэвчийг хэрэглэх хэрэгтэй. Мөн та ямар нэгэн байдлаар эрсдэлтэй бэлгийн харилцаанд орсон бол гурван сар тутам бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг өгөх хэрэгтэй. Ингэснээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, өөрийгөө халдвар тээгч гэдгээ эрт үед нь мэдэх боломжтой юм.

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж