АНУ-ын Анахайм хотод өнөөдөр /2017.11.29/ хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд 68 орны эрэгтэй 185, эмэгтэй 143 нийт 328 тамирчин өрсөлдөнө.
2017 оны ДАШТ-д Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад эмэгтэй гурван тамирчин оролцож байна. 2014 оны ДАШТ-д IX, 2015 оны ДАШТ-д VII байр эзэлж байсан М.Анхцэцэг энэ жил 75 кг-д өрсөлдөхөөр болжээ. Түүний хувьд “Рио 2016” олимпийн наадамд 69 кг-д дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн шагналт VIII байр эзэлсэн юм.
Энэ жил амжилт дүүрэн байгаа залуу тамирчин Г.Анужин 63 кг-д, мөн хүнд жингийн цөөн тамирчдын нэг Э.Билэгсайхан 90 кг-д өрсөлдөнө. Эдгээр тамирчдын хувьд жиндээ “В” группт багтсан байна.
2017 оны ДАШТ-д дээрх гурван тамирчнаас гадна шүүгчээр Олон улсын шүүгч Л.Одгэрэл ажиллаж байна. Тэрбээр тэмцээний үеэр болох олон улсын хуралд оролцож, Олон улсын хүндийн өргөлтийн холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлд нэр дэвшиж байгаа аж.
Монголын тамирчдын хуваарийг сонирхуулахад Г.Анужин маргааш /2017.11.30/ тэмцээндээ оролцож, Монголын тамирчдын салхийг хагална. М.Анхцэцэг ням гаригт /2017.12.03/ , Э.Билэгсайхан даваа гаригт /12.04/ өрсөлдөх юм байна.
Хүндийн өргөлтийн 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр эрэгтэйчүүдийн 56, 62 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингээр эхэлнэ.
Тус тэмцээнийг АНУ-ын Premier Sports, Хятадын CCTV, Канадын DAZN, Энэтхэгийн DSport, Японы DAZN зэрэг сувгаар дамжуулах юм байна.
Тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 5-ны өдөр өндөрлөнө.
Ч.БОЛОР