Ш.Ганчимэг: Төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийн урамшууллыг МАН-ын бүлэг эсэргүүцсэнд харамсч байна

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

Ш.Ганчимэг: Төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийн урамшууллыг МАН-ын бүлэг эсэргүүцсэнд харамсч байна

Ш.Ганчимэг: Төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийн урамшууллыг МАН-ын бүлэг эсэргүүцсэнд харамсч байна

Баянзүрх дүүргийн ИТХ-ын 7 дугаар хурал өчигдөр /2017.11.28/ хуралджээ. Харин тус дүүргийн МАН-ын бүлгийн хэсэг төлөөлөгч  уг хуралдааныг хууль бус хэмээн үзсэн юм. Энэ талаар тус дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэгээс тодрууллаа.


-Дүүргийн ИТХ-ын 7 дугаар хурал хууль бус хуралдаан болсон гэж танай дүүргийн МАН-ын төлөөлөгч нар үзэж, хэвлэлийн хурал хийсэн. Яг ямар асуудал болсон юм бэ?

-Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид 11 дүгээр сарын 9-ний өдөр хуралдаад 7 дугаар хуралдааны товыг 27-ны өдөр хуралдахаар товлосон. Хуралдаанаар 2018 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг хэлэлцэх байсан юм. Нийгэм эдийн засгийн зорилт нь ирэх оны төсөвтэйгөө уялдаж явах ёстой гэж тэргүүлэгчид маань үзсэн. Мөн нийтийн сонсгол зохион байгуулах журмын дагуу сонсгол хийсний дараа ирэх оны төсвөө хэлэлцэнэ гэсэн үндэслэлээр хурлыг хойшлуулсан. Энэ тухайгаа МАН-ын бүлэгт болон төлөөлөгч нарт мэдэгдсэн. Нэгэнт зарлагдсан хурлаар төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300 мянган төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох асуудлыг дүүргийн иргэдийг төлөөлж байгаа төлөөлөгчдийн хувиар шуурхай шийдвэрлэх үүднээс төсөвт тодотгол хийх нь зүйтэй гэж үзсэн юм. Учир нь 12 дугаар сар бол төсөв санхүүгийн асуудлаа цэгцэлж, шийдэх ачаалалтай сар байдаг шүү дээ. Ингээд өчигдөр /2017.11.28/ дүүргийн ИТХ-ын 7 дугаар хуралдааныг хуралдууллаа.

Манай ажлын албанаас хурлын тов болон бусад зар мэдээллийг тухай бүрт нь намуудын бүлэгт нь, төлөөлөгч нарт хувийн и-мэйл хаягаар нь явуулдаг. Гэтэл МАН-ын хэсэг төлөөлөгчид өөрсдөө хурлыг үймүүлэх гэж оролдон, хаалга үүд эвдсэн асуудал боллоо.

-Хоёр намын бүлэг иргэдийнхээ эрх ашгийн төлөө ойлголцоод төрийн ажлыг саадгүй, түргэн шуурхай явуулахад анхаарч болдоггүй юм уу?

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд МАН-ын төлөөлөгч нар маань хурлын ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоогүй. Бүх мэдээлэл, зарыг тухай бүрт нь хүргэдэг ч  бүлэг нь ч хуралддаг эсэх нь тодорхой бус байдаг. Дүүргийн МАН-ын 19 төлөөлөгч маань хоорондоо эв зүйгээ олохгүй байна уу даа гэж би харж байгаа.  Хамгийн гол нь ямар ч хурал, хуралдаанд оролцдоггүй, сонгогдсон тойргийнхоо иргэдийн төлөө юу ч хийхгүй байж төрийн ажлыг гацааж, телевизээр л улстөрийн шоу хийгээд байгаад харамсч байна. Ер нь дүүргийн ИТХ ямар ажил хийдэг, юу хийж байгааг  өөрсдөө ойлгоц муутайгаасаа болоод асуудал үүсгэхийг оролдож байна. Хамгийн ихээр сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл нь өнгөрсөн хугацаанд төр засгаас явуулж байгаа ажлыг гацаах, тасалдуулах, аль болох эсэргүүцэх үйл ажиллагааг л дүүргийн МАН-ын төлөөлөгчид маань явуулж ирлээ. Үүний нэг жишээ нь өчигдрийн хуралдааны үеэр болсон үйл явц.

-Тэгэхээр төрийн албан хаагчид олгох урамшууллын асуудлаар ИТХ хуралдсан юм байна гэж ойлголоо. Үймээн самуунтай хурлын үр дүн нь сонин байна?

-Төсвийн тухай хуулийн дагуу УИХ тодотголоо хийсний дараа нийслэл төсвөө тодотгодог. Үүний дараа сум, дүүрэг төсвөө тодотгосноор төрийн үйл ажиллагаа тогтмол, хэвийн үргэлжилдэг. Гэтэл МАН-аас сонгогдсон төлөөлөгчид маань сургууль, цэцэрлэгийн багш нарт олгох урамшууллыг маш ихээр эсэргүүцэж хурлын үйл ажиллагааг таслан зогсоохоор санаатай үйлдлүүдийг зохион байгуулж байгаад туйлын харамсч байна.

Сангийн яаман дээр бүх тоо данс бүртгэгдсэний дараагаар багш, эмч нар болон төрийн үйлчилгээний албан хаагчид маань 300 мянган төгрөгөө авах эрх нь нээгдэнэ. Манай дүүргийн хувьд энэ мөнгийг ирэх сарын эхээр төрийн албан хаагчиддаа олгуулахаар хичээн ажиллаж байна.

-Та яриандаа хурлын заалны хаалга эвдсэн гэсэн. Миний санаж байгаагаар танай дүүрэг дээр төрийн байгууллагын эд хогшлыг эвдэж сүйтгэсэн тохиолдол удаа дараа гарч байх шиг байна?

-Та бүхэн маань мэдэж байгаа байх. Өнгөрсөн оны 3 дугаар сард бас л МАН-ын хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулсан үймээнээс үүдэж Баянзүрх дүүргийн Тамгын газрын байранд нэлээд их хэмжээний эвдрэл гарсан. Өчигдөр л гэхэд МАН-ын төлөөлөгчид өөрсдөө хурлын үйл ажиллагаанд саад хийж, орилж хашгирч, хурлын заалны хаалгыг эвдсэн.

-Асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Танай долоон төлөөлөгчийн асуудал юу болсон бэ?

-Нутгийн өөрөө удирдах байгууллага болох ИТХ-ын бүрэн эрхийн хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хуралдсан анхдугаар хуралдаанаар Баянзүрх дүүрэг бол олонхийн санал авсан 41 төлөөлөгчтэй гэдгээ баталгаажуулан бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн.

Шүүх дээр дүүргийн Сонгуулийн хороотой холбоотой маргаан үүссэн нь үнэн. Энэ маргаанаар 7 хүн дээр асуудал гарснаас 5 хүний асуудал эцэслэн шийдэгдсэн. Харин 2 хүний асуудал Дээд шүүх дээр явж байгаа. Шүүхээс эцсийн шийд гараагүй байхад тухайн хоёр хүнийг бид төлөөлөгч биш гэж үзэх үндэслэлгүй. Ийм учраас манай ИТХ 41 төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. 

Д.МАРГАД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж