Харумафүжи: Ёкозуна хариуцлагаа ухамсарлах ёстой

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

Харумафүжи ба сүмогийн шинэ дуулиан

Харумафүжи: Ёкозуна хариуцлагаа ухамсарлах ёстой

Харумафүжи: Ёкозуна хариуцлагаа ухамсарлах ёстой

Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж Токио хотод өнөөдөр 14.00 цагаас хэвлэлийн бага хурал хийж, өөрийн хүсэлтээр зодог тайлж буйгаа зарлалаа.

Хурлын эхэнд Харумафүжигийн ояката Исэгахама болсон хэрэг явдалд маш их харамсаж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Харумафүжиг өнгөрсөн хугацаанд архи ууж, агсам тавьж байхыг хэзээ ч хараагүй. Яагаад ийм зүйл болсныг маш их гайхаж, харамсаж байна. Хэн нэгэнд буруу өгөхийг хүсэхгүй байна. Харумафүжигийн өөрийн хийсэн үйлдэл юм. Өнөөдрийг хүртэл биднийг дэмжиж ирсэн үзэгч, хөгжөөн дэмжигчдэдээ талархсанаа илэрхийлье” гээд нулимс унагав.

Харүмафүжи зодог тайлах шийдвэр гаргасан тухайгаа өнгөрсөн шөнө ойр дотныхондоо дуулгаж, түүний сэтгэлзүй энэ бүхнийг дийлэхгүй байна гэж ярьжээ. 

Үүний дараа Харумафүжи Д.Бямбадорж ояката Исэгахамагийн хамт толгой гудайлган, уучлал гуйлаа.

Харумафүжи Д.Бямбадорж “Би өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдлээ. Японы ард түмэн, олон нийт, намайг дэмжсээр ирсэн та бүгдэд түвэг учруулсандаа харамсаж байна. Багштайгаа зөвлөлдсөний эцэст зодог тайлахаар шийдсэн. Ёкозуна хүн цол хэргэм, нэр хүнд, хүндэтгэлийг дааж, хариуцлагаа ухамсарлах ёстой. Сүмогийн оны эцсийн башё ид үргэлжилж байсан учраас башё дууссаны дараа энэ тухай зарлаж, хэвлэлийн бага хурал хийе гэж бодсон” гэж ярив.

Таканоиваг зодож, бэртээсэн хэргийн талаар Харумафүжи “Ах хүний хувьд, аварга хүний хувьд дүү бөхчүүддээ зааж, сургаж, сүмо барилдахад, сүмогийн ертөнцөд амжилт гаргахын тулд юуг анхаарах талаар зааж, зөвлөе гэж үргэлж боддог байсан. Гэвч Таканоиваг ийм байдалд оруулсандаа уучлал хүсч байна” гэлээ.

Хэвлэлийн бага хурлын туршид ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж үүрэг хариуцлага гэдэг үгийг олонтаа дурдаж, үргэлж талархаж, баярлаж явдгаа илэрхийлсээр байв.

 

ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫН БИЧЛЭГ /2017.11.29, Токио хот/
 

 


ҮЙЛ ЯВДЛЫН ӨРНӨЛ

Таканоива А.Баасандоржийн дэвжээний ояката Таканохана 2017.10.29-нд Тоттори хотын цагдаад гомдол мэдүүлжээ.

Хэргийн талаар 2017.11.02-нд цагдаагийн байгууллагаас Японы сүмогийн холбоонд мэдэгдэв.

Сүмогийн холбооны удирдлага Харумафүжи болон түүний ояката Исэгахама нараас хэргийн талаар тайлбар авчээ. Гэсэн ч олон нийтэд мэдэгдсэнгүй.

2017.11.12-нд кюүшюү башё эхэлж, Таканоива эрүүл мэндийн байдлын улмаас башёг өнжих шийдвэр гаргажээ.

Башё эхэлсний маргааш буюу 2017.11.13-нд Таканоива гавлын ясны цууралт гэсэн оноштойгоор башёг өнжиж буй нь тодорхой болов.

2017.11.14-нд ёкозуна Харумафүжи зиндаа доогуур, нутаг нэгт сүмочийг зодож, танхайрсан тухай Японы хэвлэлүүд мэдээлэв.

Харумафүжи Таканоивагаас уучлал гуйж, башёг орхилоо.

Японы сүмогийн холбооны Хямралын менежментийн зөвлөл дээрх хэргийн талаар тогтоохоор ажиллаж байгаа тухай мэдэгдэв.

Хэрэг гарах үеэр хамт байсан Какурюү, Тэрүнофүжи нараас тайлбар, мэдүүлэг авав.

Харин Таканоива биеийн байдлын улмаас мэдүүлэг өгөх боломжгүй гэж түүний багш, ояката Таканохана мэдэгджээ.

Хэргийг Тоттори хотын цагдаагийн газар шалгаж байгаа. Мөн Японы сүмогийн холбооны Хямралын менежментийн зөвлөл тусдаа мөрдлөг явуулж байгаа юм.

Башё өндөрлөсний дараа 2017.11.27-нд Ёкозунагийн зөвлөл хуралдав. Зөвлөлийн гишүүд ёкозунад хатуу шийтгэл хүлээлгэх ёстой гэдэгт санал нэгдсэн. Гэхдээ зодог тайлах, эсвэл ёкозунад сануулга өгөх зэрэг тодорхой саналыг Сүмогийн холбоонд хүргүүлээгүй юм.

2017.11.29 Ёкозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлах болсноо зарлав.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж