Эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих таатай нөхцөл бүрдэж байна

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих таатай нөхцөл бүрдэж байна

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих таатай нөхцөл бүрдэж байна

Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн чуулган хоёр жил тутамд болдог. 10 дахь удаагийн чуулга уулзалт арваннэгдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Өмнөд Африкийн нийслэл Йоханнесбург хотод боллоо.

Хил дамнасан эрэн сурвалжлага хэрхэн хийж буй сэтгүүлчид редакцийн хараат бус байдлаас ангижрахын тулд эрэн сурвалжлах төв, сүлжээ бүлгэм зэргийг байгуулж нэгдэн нийлж байгаа, нийтлэл бүтээлээ хүргэх шинэлэг хэлбэр буюу дата сэтгүүл зүй, мультимедиа сэтгүүл зүй гэх мэт арга технологийн шилдэг туршлагынхаа талаар дэлхийн сэтгүүлчид туршлага солилцлоо. Энэхүү чуулганд Монгол Улсын есөн сэтгүүлч оролцсон бөгөөд өнөөдөр чуулганы талаарх мэдээллийг өглөө.

Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн X чуулга уулзалтад 130 орны 1200 орчим сэтгүүлч, редактор, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд оролцжээ. Энэхүү чуулганы үеэр 150 гаруй хэлэлцүүлэг, сургалт, семинар болсноос гадна туршлага судлах, харилцаа холбоо тогтоох зэрэг олон боломжууд сэтгүүлчдэд нээлттэй байсан байна.

Чуулганд Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, ‘Монгол ТВ’ ХХК-ийн Мэдээний албаны Ерөнхий продюсер, сэтгүүлч Э.Лхагва, “Үндэсний шуудан” сонины эрхлэгч С.Ононтуул болон Eagle, 25 телевизийн сэтгүүлчид оролцжээ.

Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах хурлын талаарх мэдээллийг өглөө.

Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн чуулган сэтгүүл зүйн салбарын томоохон үйл явдлын нэг юм. Энэхүү чуулганд Монголоос төлөөлөгч оролцож, дэлхийн чиг хандлагаас сонсох, шилдэг эрэн сурвалжлах сэтгүүлчдээс суралцах, хамгийн сүүлийн үеийн мэдээллийг олж авах нь ач холбогдолтой байсан. IX чуулганаас хойш манай сэтгүүлчид энэхүү чуулганд идэвхтэй оролцож эхэлсэн. Энэ удаагийн X чуулган өмнө болж байсан чуулганаас цар хүрээгээрээ өндөр байлаа. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг харах юм бол гол хоёр зүйл ажиглагдаж байна. Олон улсын хамтын ажиллагаа буюу хил дамнасан эрэн сурвалжлага, Дэлхий дахины тулгамдсан олон оронд нэгэн зэрэг болж байгаа авлига, эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг асуудлыг олон улсын сэтгүүлчдийн баг хамтран ажиллах, судлах, илчлэх болно. Өөрөөр хэлбэл, олон улсын хамтын ажиллагаа хүчтэй хөгжиж байна. Дараагийн чиг хандлага бол технологийн дэвшил эрэн сурвалжлах сэтгүүл зүйг эрс өөрчилж байна. Нөгөө талаар эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих таатах боломж бий болж байна. Энэ хоёр чиглэлээр салбар хуралдаанууд, туршлага хуваалцах, уулзалтууд боллоо. Ялангуяа технологийн дэвшлийг хэрхэн ашиглах, хамгийн сүүлийн утасны апплейкшныг ашиглаж, мэдээллийг хадгалах, нууцлах, бусадтай хуваалцах зэрэг мэдээллийг өгсөн хурал олон байсан. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ардчиллыг шинээр хөгжүүлж байгаа болон дайнтай улс орнуудад их хөгжиж байна. Мөн Азийн орнуудад хүчтэй хөгжиж байгаа нь харагдлаа. Энэ үеэр Азийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээ албан ёсоор нээлтээ зарласан. Эрэн сурвалжлах олон улсын байгууллагын сүлжээний гишүүн байгууллагаар Хэвлэлийн хүрээлэн ажиллаад гурван жил болж байна. Энэ хугацаанд Монголд анх удаа Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Олон улсын хурлыг Монгол ТВ, ХБНГУ-ын Дойче Велле Академитай хамтран зохион байгуулсан төдийгүй Монголын эрэн сурвалжлах төвийг байгуулахад түлхэц өгч ажиллаж байна. Олон улсын хөтөлбөрийн дагуу багш нар эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулсан болно” гэлээ.

Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн X чуулганд Э.Лхагва “Нууц дурангийн аргаар эрэн сурвалжлах нь” панел хэлэлцүүлгийн Монгол оролцогчоор оролцжээ.

Монгол ТВ-ийн мэдээний албаны Ерөнхий продюсер, сэтгүүлч Э.Лхагва хэлэхдээ “Редакцийн хараат бус байдлаас шалтгаалан сэтгүүлчид эрэн сурвалжилсэн бүтээлээ нэвтрүүлж чадахгүй, унагадаг тохиолдол олон бий. Харин өнөөдөр цаг үе өөрчлөгдөж байна. Хил дамнасан буюу дэлхийн сэтгүүлчид хамтран сурвалжлага хийх тохиолдол олширлоо. Хурлын үеэр сэтгүүлчдийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаа нь харагдаж байна” гэсэн юм.

Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн X чуулганы онцлох үйл явдал нь “Парадайз пэйпэрс” буюу оффшор дансны эздийн тухай дараагийн цоо шинэ мэдээлэл ил болсон явдал байжээ. Олон улсын сэтгүүлчдийн консорциум “Диваажингийн баримт” гэж нэрлэсэн мэдээллийг “Оффшорын мөрөөр эрэн сурвалжлах туршлага хуваалцах” салбар хэлэлцүүлгийн үеэр олон улсын сэтгүүлчдэд дэлгэн тавьсан байна. Ингэснээр нийт 25 мянган хуулийн этгээдийн оффшор данс эзэмшиж буй тухай мэдээлэл нийтэд илчлэгдсэн зэрэг олон шинэ мэдээлэл чуулганаар дэлгэгдсэнийг онцоллоо.

Мөн хурлын үеэр Азийн сэтгүүлчид харилцан мэдээлэл солилцох, Азийн сэтгүүлчид эрэн сурвалжлах бүтээлээ хараат бусаар нийтэлж нэвтрүүлэх цоо шинэ талбар болох буюу Asian News Network буюу Азийн мэдээллийн сүлжээний www.asianews.network вэб хуудсыг албан ёсоор нээсэн байна. Түүнчлэн техник, технологийн дэвшлийг ашиглах шинэ боломж, тухайлбал MOJO буюу ухаалаг утас ашиглан сурвалжлага хийх шинэ аппликэйшнүүд, мэдээллээ нууцлан кодлох шинэ арга боломж, цахим орчинд мэдээлэл хайх, нягтлан шалгах арга хэрэгсэл зэргийг хурлын салбар хэлэлцүүлгийн үеэр танилцуулжээ.

Чуулганы үеэр Дэлхийн шилдэг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлийн эздийг тодруулсан бөгөөд 67 орны сэтгүүчдийн 211 бүтээлээс 12-ыг тодруулжээ. Энэхүү шагналын тэргүүн байрыг Нигерийн Premium Times нэвтрүүлэгийн баг болон Иракийн Beladi TV сувгийн бүтээлүүд шалгарчээ. Нигерийн Premium Times нэвтрүүлэгийн баг “Нигерийн Зүүн Өмнөд бүсэд хуулийг хэтрүүлэн хэрэглэж зохион байгуулсан алан хядлагын ард юу оршив”, “Нигерийн цөөнхийг дэмжигч болон Оништагийн масс аллагыг хэрхэн яаж зохион байгуулсан бэ? гэсэн Нигерийн үндэсний цөөнхийн эсрэг явуулсан алан хядлагын талаарх баримтыг дэлгэсэн цуврал бүтээл болон Иракийн Beladi TV сувгийн Боловсролын яамны авлигын тухай “Project 1 ганцаарчилсан бүтээл тус тус X чуулганы шилдэг бүтээлээр шалгарсан байна.

Чуулганыг англи, хятад, орос, араб, испани хэлээр дэлхийн олон оронд шууд дамжуулан хүргэж байсан байна. Хоёр жил тутамд нэг удаа болдог Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дараагийн уулзалт 2019 онд ХБНГУ-ын Хамбург хотноо болно.

Тус чуулганд оролцсон Монголын төлөөлөгчид Монгол дахь Канадын Элчин сайдын яам, ХБНГУ-ын Конград Аденаэр-Сангийн Хэвлэл мэдээллийн хөтөлбөр, Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн олон улсын сүлжээ байгууллагын дэмжлэгийн аван оролцсоноо дуулгасан юм.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж