Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй улс болох зорилгодоо хүрчээ

Хуучирсан мэдээ: 2017.11.29-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй улс болох зорилгодоо хүрчээ

Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй улс болох зорилгодоо хүрчээ

Хойд Солонгос өнөөдөр /2017.11.29/ АНУ-ыг бүхэлд нь сүйрүүлж чадах тив хоорондын баллистик пуужингийн туршилтаа амжилттай явуулж, цөмийн зэвсэгтэй улс болох зорилгодоо хүрлээ хэмээн үндэсний телевизээр нь мэдээлжээ.

“Hwasong-15” пуужинг хөөргөсний дараа Ким Жон Ун “Цөмийн зэвсэгтэй улс болсон түүхэн цаг үе ирлээ ” хэмээн бахархалтайгаар мэдэгдсэнийг тус улсын албан ёсны мэдээллийн агентлаг “KCNA” уламжиллаа.  

Өнөөдөр үүрээр Хойд Солонгос Пёнандо мужийн Пёнсон хэмээх газраас пуужин хөөргөсөн нь дэлхий нийтийг түгшээсэн. АНУ-ын батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Жеймс Маттис Хойд Солонгосын цөмийн пуужин дэлхийн хаана ч хүрэх чадалтай, улам боловсронгуй болсныг хүлээн зөвшөөрсөн юм.

Есдүгээр сарын 15-нд Японы арлын дээгүүр пуужин харваснаас хойш Хойд Солонгос өнөөдөр үүрээр тив хоорондын баллистик пуужин харвах хүртэл хэсэг хугацаанд нам гүм байсан нь цөмийн хэлэлцээ байгуулахаар төлөвлөж байж магадгүй гэдэг таамаг дэвшүүлэхэд хүргэсэн билээ.

Хойд Солонгосын албан ёсны мэдээллийн агентлаг “KCNA” мэдээндээ  “Тив хоорондын баллистик пуужин “Hwasong-15” бол АНУ-ыг газрын хөрснөөс арчих чадалтай супер хүчтэй цөмийн цэнэгт хошуу суурилуулсан пуужингийн систем юм. Энэ систем манай ард түмнийг АНУ-ын империалистуудын цөмийн түрэмгийллээс хамгаална” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж