Энэ долоо хоногт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр сургуулийн насны хоёр хүүхдийг 16.00 цагийн орчимд гурван залуу машиндаа чирч суулгаад, хээр зодож, дарамталсан хэрэг гарчээ. Ингэхдээ хүүхдүүдийг бэлгийн хүчирхийллээр дарамтлаагүй ч зодож, бэртээгээд гэрийн хаягийн мэдэж аваад гэрийнх нь гадаа буулгажээ. Хохирогч хүүхдүүдийн эцэг, эх нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүүхдүүдийнхээ гэмтлийн зэргийг тодорхойлуулж, түр хамгаалах байрандаа байрлуулах хүсэлтэй байгаагаа эмч мэргэжилтнүүдэд хэлсэн байна.
Энэ мэт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэргэдэх тусламж үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвд гэр бүлийн болон бусад хүчирхийлэлд өртөгсдөд ихээр ханддаг тухай албаныхан ярилаа.
Тусламж үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг анх 2010 онд байгуулжээ. Тухайн жилдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 302 иргэнд 24 цагийн үйлчилгээ үзүүлсэн бол 2017 оны 11 дүгээр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 960 хохирогчид тусламж үзүүлжээ.
Тэр дундаа хүчирхийлэлд өртөгсдийн ихэнх хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлдэг байна. Тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын тоон үзүүлэлтээр биеийн хүчирхийлэлд өртсөн 694, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн 960, үл хайхрах буюу бэлгийн хүчирхийлэлд өртсөн 299 хүүхэд хандсан байна. Эдгээрээс 615 иргэдийг 24-72 цагийн турш түр хамгаалах байрандаа байрлуулж, амь нас аюулгүй байдлыг нь ханган ажилласан талаар тус эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн Д.Дээдэнцэцэг танилцууллаа.
“Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны хүрээнд 20 орчим байгууллага хамтран ажиллаж байгаагийн нэг нь Гэмтэл согог судлалын үндэсний төв. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд иргэд хамгийн түрүүнд манай эмнэлэгт ханддаг. Тийм учраас манай эмнэлгийн дэргэдэх гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд тусламж үзүүлэх нэг цэгийн үйлчилгээг 2010 онд байгуулсан. Ингэснээр хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй нийгмийн, хууль эрх зүйн, сэтгэлзүйн 24 цагийн үйлчилгээг үзүүлдэг. Энэ төвд маань хоногт 2-7 хохирогч иргэн ханддаг. Хүчирхийллийн хэргийг ихэвчлэн шөнө, оройн цагаар үйлддэг бөгөөд согтуугаар үйлдсэн хүчирхийлэл их байна” гэдгийг тус эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Ш.Нансалмаа хэлсэн юм.
Эцэст нь хэлэхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүүхэд, эмэгтэйчүүдийн тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа учир иргэн бүр хүчирхийллийн тохиолдол бүрийг мэдээлж, үүргээ биелүүлэхийг мэргэжилтнүүд уриалж байна.
А.Сүрэн
Гэрэл зургийг Н.Батмөнх