УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.11.29/ болж, Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, “Төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар дээрх хуулийн төслийг санаачилсан байна. Ингэхдээ төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлж, хамтын удирдлагын зарчмыг нэвтрүүлэх. Төв банкны үйл ажиллагаанд төдийлөн хамаарахгүй төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байх зэрэг хязгаарлалт хийж өгөх зэрэгт энэхүү хууль чиглэжээ.
Төслийг хэлэлцэх шатанд банкны зээлийн хүүд дээд хязгаар тогтоох гэж оролдож байснаас хадгаламжийн хүүд дээд хязгаар тогтоож өгөх нь илүү оновчтой арга хэмжээ болох юм биш үү гэдэг асуудлыг гишүүд хөндлөө.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН:
Зээлийн хүүд дээд хэмжээ тогтоох тухай асуудал яригдаж эхэллээ. Энэний оронд хадгаламжийн хүүгийн дээд хэмжээг тогтоох хэрэгтэй юм биш үү. Ингэвэл банкууд мөнгө татахын тулд хадгаламжийн хүүгээр өрсөлдөхгүй болно. Инфляц мөн тогтворжих болов уу.
Өнөөдөр инфляц 6 хувь байгаа. Хадгаламжийн хүүгийн дээд хязгаар нь жилийн 6.1 хувиас хэтэрч болохгүй гэж зааж өгвөл эдийн засагт ямар эерэг, сөрөг үр дагавар гарах вэ.
Иргэд материал баялгийн үйлдвэрт мөнгөө оруулахгүй, харин өндөр хүүтэй хадгаламжид мөнгөө хийчихээд сууж байна. Хадгаламж дахь мөнгийг бизнест оруулах ёстой. Гэтэл бизнест хийхээс илүү банкинд хадгалуулаад хүү аваад сууж байхыг илүүд үзэх боллоо.
МОНГОЛБАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН:
Зээлийн хүүтэй уялдаж инфляц яригдаж байгаа. Инфляц өнөөдөр 6 хувь байгаа.
Хадгаламжид төлж байгаа хүү дунджаар 13 хувь. Инфляц 6 хувь байна гэдэг нь банкинд мөнгө хадгалуулсан хүн бодитойгоор 7 хувийн хүү авч чадаж байгаа.
Хадгаламжийн хүүд дээд хязгаар тогтоох нь зээлийн хүүд дээд хязгаар тогтоосноос илүү үр дүн өгнө. Тэгэхдээ инфляцтай уялдах ёстой.
Инфляц тогтворжиж чадаагүй үед хадгаламжийн хүүг нэг тоон дээр аваачаад хязгаар тогтооно гэдэг эрсдэлтэй. Жишээ нь хадгаламжийн хүүг 6 хувь гээд тогтоолоо гэж бодъё. Гэтэл инфляц 7 хувь болбол хадгаламжийн үнэ үнэ цэнэ алдагдана.
Инфляц тогтвортой урт, дунд хугацаанд хадгалагдаж чадах бол хадгаламжийн хүүд дээд хязгаар тогтоож болно. Хадгаламжийн хүүд дээд хязгаар тогтоох нь онолын хувьд оновчтой.
Өнөөдрийн байдлаар 14 арилжааны банк бий. Мөнгө татахын тулд харилцагчдаа өрсөлдөж хүү амладаг гэсэн хариулт өглөө.
Харин хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлэх үеэрээ дараах байр суурь илэрхийлэв.
УИХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ДАМБА-ОЧИР
Мөнгө хомсдолтой байгаа учраас арилжааны банкууд хадгаламжийг өрсөлдөж цуглуулж байна. Ингэхээр хадгаламжийн хүү өндөр байна. Хадгаламжийн жилийн хүү 13-15 хувьтай байхад та нар арилжааны зээлийн хүүг бууруулах тухай ярих нь их хэцүү.
Монголбанкны бодлогын хүүг буулгах асуудлыг ярихгүй бол болохгүй.
Мөн гадаадаас оруулж ирж байгаа бага хүүтэй зээлүүдэд татвар тавьдаг асуудлаа байхгүй болгох асуудлыг эхэлж оруулж ирэх. Ингэвэл хүү буурна.
УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН:
Хуулийн төслийг дэмжиж байгаа. Цаашдаа Монголбанк Засгийн газарт зээл олгодог, төсвийн нэг хэсэг болдог хуулийн бус санхүүгийн үйл ажиллагаанд оролцдог муу жишгүүд арилах байх.
Санхүүгийн тогтвортой байдал хуулийнхаа дагуу явах ёстой.
Нөхцөл байдлыг аваад үзэхээр 2017 оны долдугаар сарын байдлаар банкны нийт актив 27 их наяд төгрөгт хүрчээ. Гэтэл банкууд 2013 оноос хойш Засгийн газрын үнэт цаас авах сонирхолтой болсон байна. Банкны нийт актив болох 27 их наядын 20 хувь нь Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас болсон байна. Нийт дүнгээрээ 5.4 их наяд төгрөг гэсэн үг. Уг нь бол энэ 5.4 их наяд зээл болсон байх ёстой юм.
Мөн хугацаа хэтэрсэн зээл өндөр боллоо. Чанаргүй зээл 1 их наяд, хугацаа хэтэрсэн зээл 900 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ дээр Монголбанк төв банкны үүргийг гүйцэтгэх ёстой.
Нийт банкны активын 10 хувь эздийн хөрөнгө, 90 хувь нь ард иргэдийн хуримтлал. Эд бүгд эрсдэлд орох нөхцөл үүсээд байна. Актив удирдлагын компани гээд яриад байсан. Эрсдэлд орсон, эрсдэлд орох хөрөнгийг тодорхой удирдлагаар хангах боломжтой бүрдэнэ гэсэн. Муу зээлийг мөнгөний бодлогоор удирдах үүрэг нь та бүхэнд байгаа. Эрх зүйн орчин нь сайжирч байгаа нөхцөлд эрх мэдлээ авч, үүссэн нөхцөл байдалд хурдтай арга хэмжээ авч гардаг байх ёстой.
Энд мөн аюултай тоонууд байна. Чанаргүй зээл 1 хувиар өсөхөд хоёр жил тутамд ДНБ ийн өсөлт 1.3 хувиар буурдаг, ажилгүйдлийн төвшин 0.5 хувиар өсдөг гэсэн ноцтой прогноз байна.
Банк санхүүгийн тогтвортой байдлыг бий болгоход төв банк өөрт олгогдсон эрх мэдлийн хүрээнд цаг алдалгүй арга хэмжээ авах ёстой гэлээ.
Г.ДАРЬ